Т.Золбоот: Хурд стандарт ХХК иргэлийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд ноцтой заналхийлж байна

Zuv.mn
4 цаг 25 минутын өмнө

Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэн Т.Золбооттой ярилцлаа.

-Юуны түрүүнд та өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Би энэ Баянгол дүүргийн 6 дугаар хороонд 17 дахь жилдээ амьдарч байна. Хүүхдүүдийн сургууль, ажил алба бүгд энэ хавьдаа төвлөрсөн байдалтай амьдардаг. Би жаахан нийгмийн идэвх өндөр, болохгүй бүтэхгүй зүйлийн хажуугаар дуугүй өнгөрдөггүй талдаа хүн. Улаанбаатар хотын унаган иргэн. Бидний ажиллаж, амьдардаг Баянгол дүүрэг маань Улаанбаатар хотын 9 дүүргээс хамгийн бага газар нутагтай иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл боломж нь өдрөөс өдөрт хумигдсаар байгаа, ногоон байгууламж гэхээсээ барилга, байшин ихтэй хотын төвийн дүүрэг.

Миний амьдардаг байрны чанх хойд талд “Улаанбаатар Палас”-ын барилга байдаг байсан. Энд жилийн дөрвөн улиралд янз бүрийн тоглолт, эвент, үзэсгэлэн худалдаа болдог хөл хөдөлгөөн ихтэй газар. “УБ Палас”-ыг тойроод 6,000 хүн буюу ойролцоогоор 2,000 орчим өрх амьдардаг. Энд ажил, амьдралын жирийн өдрүүдэд ч тэр нягтаршил, түгжрэл ихтэй. Энд гэлтгүй хотын хаана ч гэсэн машин явах, тавих зайгүй болж байгааг та бид бүгд харж байгаа. Үүнээс болж хэрүүл зодоон өдөр бүр л хаа нэгтээ болдогийг бид сошиалаас хардаг. Энэ хавийн айл өрхүүд гэр рүүгээ орохдоо “УБ Палас” руу орох, гарах гарц буюу зүүн талаас нь мөн 10 дугаар хороололын МТ колонкын хажуугаар гэсэн хоёр л орц гарцтай. УБ Паласд тоглолт, юм болох үед бид гэрийнхээ үүдэнд машинтайгаа таг гацдаг, машинаа өөр газар тавиад орой, өглөө очиж авдаг, ийм л хөгтэй газар даа. 

-Ийм нягтаршил ихтэй бүсэд хуучнаар “УБ Палас”-ын газар дээр орон сууцны хороолол барих гэж байгаа талаарх асуудлыг удаа дараа хөндөж байсан. Энэ асуудлын талаар яриагаа үргэлжлүүлье.

-Нягтаршил ихтэй гэдгийг зүгээр би ч тэр хорооны иргэд ч тэр дүгнэчихээгүй. НИТХ-ын 2023 оны 64-р тогтоолоор нийслэлд 143 байршлийг нягтаршил ихтэй бүс гээд батлаад, зарлачихсан байдаг юм билээ. Энэ байршилийн нэгд манай энэ “УБ Палас” түүний эргэн тойрны газар багтчихсан байгаа.

Мөн Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 6.5 дээр “нягтаршил ихтэй бүсэд инженерийн дэд бүтэц, хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол, ногоон байгууламж барихаас бусад зориулалтаар байшин, барилга барихыг хориглоно” оо гэчихсэн заалт байж байгаа. Ингээд ирэхээр энэ нягтаршил ихтэй гээд тогтоогдсон бүсэд орон сууцны зориулалтаар барилга барих нь хуулиар хориотой гэсэн үг.

Одоо нээлттэй платформуудад байршсан мэдээллээр бол “УБ Палас”-ын барилга бүхий газрыг 2025 оны 1-р сард Хурдстандарт ХХК худалдаж авсан юм билээ. Энэ газар нь худалдаа үйлчилгээний барилгын зориулалттай. Хуулийн хүрээнд энд барилга барих бол ямар барилгыг ямар компани барих гэж байгаа талаарх самбар зэргээ байршуулаад зохих газраас зөвшөөрөлөө аваад барилгын ажлыг эхлүүлэх ёстой. Гэтэл энд хэн юу нь тодорхойгүй компани орон сууцны зориулалттай барилга барих ажлыг эхлүүлчихсэн учир миний бие иргэний хувиар, энд амьдардаг эрх ашиг нь зөрчигдөж байгаа оршин суугчийн хувиар асуудлыг хөндөж, зохих газарт нь хандсан юм. Хот байгуулалт хотын стандартын газраас энэ газар дээр ямар зориулалтын барилгыг ямар компани барьж байгаа талаар мэдээлэл өгөхийг хүссэн. Гэтэл хамгийн сонирхолтой нь энэ газар дээр ямар нэгэн барилга баригдаж байгаа талаар мэдээлэл тэдэнд байхгүй, тэд зөвшөөрөл өгөөгүй, А даалгавраа аваагүй, Хурдстандарт ХХК “УБ Палас”-ын барилгыг л нурааж байгаа байх гэх хариуг хэлсэн. Гэтэл бодит байдал дээр “Улаанбаатар Палас”-ын тэр том барилгыг бараг бүрэн нураачихсан байхаас гадна орон сууцны хороолол гэхүйц барилгын суурь хундамыг цутгаад явж байна. Миний авсан мэдээллээр энд 8 блок 824 айлын 24 хүртэлх давхар орон сууцны хороолол баригдах юм гэсэн.

-Албан ёсоор зөвшөөрлөө аваагүй бүүр цаашилбал хууль зөрчсөн барилгын ажил аль хэдийнээ эхэлчихсэн гэхээр гайхаж байна л даа. Холбогдох байгууллагууд нь тэгээд ямар тайлбар өгч байх юм?

-Дээр хэлсэнчлэн Хурдстандарт ХХК зөвшөөрөл авч барилгын ажлаа эхлүүлсэн эсэх талаарх мэдээллийг асуухад Хот байгуулалт, хотын стандартын газар, Нийслэлийн хяналт шалгалтын газрууд гайхаж хүлээж авсан. Тиймээс би Нийслэлийн хяналт шалгалтын газарт мэдээлэл өгөхийг хүссэн бичиг өгсөн. Ямар компани ямар зориулалттай барилга барьж байгаа болон холбогдох хууль дүрэм журмын дагуу зөвшөөрөл авсан эсэхийг талаар мэдээлэл өгнө үү гэх агуулгаар. Үүний дагуу 6 сарын 24-нд улсын байцаагч ирээд “УБ Палас”-ын газар дээр баригдаж байгаа барилгад шалгалт хийсэн. Шалгалтын үр дүнд байцаагч 5 зүйл бүхий шаардах хуудсыг барилгын компанид өгсөн. Нэгдүгээрт зөвшөөрлөө ав, хоёрдугаарт нь холбогдох бичиг баримтаа бүрдүүлээд 3 хоногийн дотор энэ асуудлаараа ирж тайлбар өг, стандарт хангасан хашаагаа барь гэх шаардлагыг барилгын компанид тавиад явсан. Шаардлагын хүрээнд 6 сарын 27-ны өдөр Хурдстандарт ХХК-аас холбогдох хүмүүс нь ирж тайлбар өгсөн талаар улсын байцаагч надад хэлсэн. Хурдстандарт ХХК нь энэ хэсэгт онцгой төвөгшилтэй барилга барих гэж байгаа. Тиймээс энэ асуудлыг Барилга хот байгуулалтын яам руу шилжүүлж байна гэх тайлбарыг өгсөн.

-Тэр онцгой төвөгшилтэй барилга гэдэг нь юу гэсэн үг вэ? Мөн энэ асуудал нийслэлийн бус яамны эрхлэх асуудал болоод явчихав уу?  

-Хууль, тогтоол зөрчиж барилга барих нь зүй ёсны асуудал юм шиг хаа хаанаа хүлээн зөвшөөрчихсөн, бууж өгсөн л байдалтай байна. Миний хувьд иргэний хувьд өгч болох бүхий л мэдээллийг хууль дүрэм зөрчөөд байнаа гэх асуудлыг холбогдох газруудад нь өгсөн ч эцэст нь онцгой төвөгшилтэй барилга гэж юу болох талаар уншиж судлах ёстой болоод сууж байна! Миний хамгийн ихээр гайхаж байгаа зүйл бол хууль дүрмийг мөрдүүлж сахиулж байх ёстой төрийн байгууллагууд нь үүнийгээ хийхгүй байна, албан тушаалтнууд нь үл ойшоосон, үл тоомсорлосон байдалтай байна. Гэтэл би онцгой төвөгшилтэй барилга гэж юу болох талаар судлаад сууж байна. Онцгой төвөгшилтэй барилга гэдэг нь Барилгын тухай хуульд байдаг барилгын ангилал юм байна. Уг ангилалд барилгын зөвшөөрөл авахгүй барилгаас бага, дунд, өндөр, онцгой гэх ангилал хүртэл төвөгшилтэй барилгууд байдаг юм байна.

Ийм төрлийн барилгын зөвшөөрлийг нийслэл бус салбарын сайд нь өгдөг шиг байна. Энэ барилгын ажлыг эхлүүлээд байгаа компанийн хувьцаа эзэмшигч нь Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн. Барилгын зөвшөөрлийг өгөх хүн нь Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан. Шийдвэр шударга гарна гэдэгт яах ч аргагүй эргэлзээ төрүүлж байна.

-Эцэст нь эрх мэдлийн өмнө тулаад ирэв үү? Ер нь энэ процесс дунд танд юу нь хамгийн хэцүү, шантармаар байв?

-Хүмүүс наадах чинь угаасаа барина даа, барьдаг юм, ер нь урьд өмнөх бүх барьж байсан барилгууд нь зөвшөөрөлгүй барьдаг байсан, тэгэхээр наадах чинь гайхаад байх үйлдэл биш, бараг наадхаа хаясан нь дээр гэх үгсийг цөөнгүй хэлж байна. Ийм хандлага иргэдийн дунд их байгаа нь хамгийн бухимдмаар санагдсан. Нэг үгээр хэлбэл бид шударга бус зүйлтэй тэмцэхийн оронд хүлээн зөвшөөрч эс үйлдэл хийсээр энэ нийгмийн, энэ хотын асуудал энэ хэмжээнд хүртлээ даамжирсан юм болов уу гэж бодож байна. Гэхдээ энэ удаад шударга бус зүйлийг өөхшүүлмээргүй байна. Магадгүй өнөөдөр манай гэрийн үүдэнд ирсэн асуудал маргааш таны хаалгыг ч тогшихыг үгүйсгэхгүй. Нийтийн эрх ашгийг хөндсөн асуудал дээр соргог байгаасай л гэж хүсэж байна.

-Хууль тогтоогч нар нь өөрсдөө хуулиа мөрдөхгүй уландаа гишгэх атлаа иргэдийг хуулиа мөрдөхийг шаарддаг нөгөө дабл стандартын асуудал бас энд бас яригдаж байх шиг байна тийм үү?

-Би тантай санал нэг байна. Би иргэн хүний хувиар өөрийн болон бусдын эрх ашгийн төлөөх олон асуудалд манлайлж оролцож байсан. Асуудлын зангилаа нь эрх мэдэлтнүүдтэй заавал нүүр тулж таардаг нь хамгийн хачирхалтай. Олон асуудал ингээд мухардалд ороод иргэдийн идэвхтэй оролцох, эрх ашгиа хамгаалах хүсэл сонирхол ч унтардаг байх. Гэхдээ энэ удаад нөхцөл байдал өөрөөр шийдэгдээсэй гэж хүсэж байна.

УИХ-ын гишүүн Монгол Улсын сайд хүн нийтийн эрх ашгийн төлөө тангараг өргөсөн, ашиг сонирхолоос ангид байх, хууль баталж, хэрэгжүүлэх үүрэгтэй, эрх мэдэлтэй хүмүүс, хуулийг бодит амьдрал дээр хэрэгжихэд манлайлал үзүүлэх ёстой хүмүүс мөн биздээ. Гэтэл өөрсдөө хуулийг үл тоож, өргөсөн тангарагаа өөрсдийн эрх ашгийн төлөө ашиглаж байгаа хэрнээ иргэд олон нийтийг хуулиа чанд мөрдөхийг шаардах нь нийгмийн уур амьсгалыг тэр чигт нь бусниулж, булингартуулж байна. Би болон манай хорооны иргэд, надтай санал нэг байгаа хүмүүс цаад агуулгаараа үүний эсрэг нэгдэж, тэмцэж байгаа гэдгээ бүрэн ухамсарлаж байгаа.

Нөгөө талд бизнесийн байгууллага худалдаж авсан газраа хууль дүрмийнх нь дагуу ашиглах нь мөн тэдний эрх. Анхнаасаа худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг энэ зориулалтаар нь хуулийн дагуу ашиглаасай. Олон нийтийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд ноцтойгоор бүдүүлгээр бүү халдаасай гэж хүсэж байна. Хурдстандарт ХХК хуулийн хүрээнд авсан газраа ашиглахгүй, зөвшөөрлөө авахгүйгээр барилгын ажил эхлүүлсэн нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд ноцтойгоор заналхийлж байна гэж харж байна.

-Иргэд олон нийт, оршин суугчид энэ талаар хэр мэдээлэлтэй байгаа вэ? Оролцож байна уу?

-Оршин суугчдын хувьд оролцоо бий, миний хувьд тэдэнд мэдээлэл өгөөд уулзаад ярилцаад явж байгаа. Гэхдээ шийдвэр гаргах процесс нь удаан, ойлгомжгүй, төөрөгдүүлэх маягтай байна. Гэтэл энэ хооронд хууль зөрчих байдал үргэлжилсээр л, барилга баригдсаар л байна. Иймд бүх нийтэд уриалмаар байгаа юм. Өөрсдийн эрх ашгийн төлөө идэвх оролцоогоо нэмээсэй гэж хүсэж байна. Эцэст нь бидний л амьдрах хот шүү дээ. Мөн өмгөөлөгч байвал энэ хэрэг мэргэжлийн дэмжлэг үзүүлбэл маш том тус болох болно. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд ч энэ тал дээр дэмжлэг үзүүлээсэй гэж хүсэх байна.

Асуудал нийслэлийн асуудал биш яамны асуудал болоод хувирчихсан. Асуудал тодорхойгүй байгаа ч барилгын компани нь үл тоож барилгын ажлыг үргэлжлүүлж байна. Энгийн бизнес эрхлэгч, иргэн хууль дүрэм зөрчиж барилга барьж байсан бол төр сүр хүчийг үзүүлэх байсан гэдэг нь ойлгомжтой. Гэтэл “УБ Палас”-ын  газар дээр баригдаж байгаа газрын цаана хууль зөрчигч эрх мэдэлтэн, сайд гишүүн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна