Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх 192 улстай дипломат харилцаа тогтоолоо

С.Гандэлгэр
6 цаг 7 минутын өмнө

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалыг үндэслэн Нэгдсэн Үндэтсний Байгууллагын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос 2013 онд гаргасан шийдвэрийн мөрөөр ажилласны дүнд өнгөрсөн хугацаанд Эсватинийн Хаант Улс, Барбадос Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улс, мөн хамгийн сүүлд Бүгд Найрамдах Ботсвана Улстай тус тус дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурсан.

Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу “Эсватинигийн Хаант Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Барбадос Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, "Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэнийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 07 дугаар сарын 04-ний өдөр хэлэлцүүлж, батлуулав.

Ингэснээр Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бүх 192 улстай дипломат харилцаа тогтоох зорилт бүрэн хэрэгжлээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоосон улс орон цөөн байдаг бөгөөд энэ нь манай улсын идэвхтэй дипломат үйл ажиллагаа, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын чухал илэрхийлэл юм.

Түүнчлэн манай улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад ажиглагч статустай Палестин, Гэгээн Ширээт Улс, Европын Холбоотой тус тус дипломат харилцаатай юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна