Э.Батшугар: Кибер аюулгүй байдал, цахим орчин дахь хүүхэд хамгаалал нь анхаарал хандуулах ёстой сорилт хэвээр байна

С.Гандэлгэр
4 цаг 32 минутын өмнө

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны сайд Э.Батшугар Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-ийн суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол Улсад хэрэгжүүлж буй цахим шилжилтийн бодлого, хиймэл оюун ухаан, иргэдийн цахим ур чадвар, кибер аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр хэрэгжиж буй хамтын ажиллагааны явц, үр дүн, цаашдын төлөвлөгөөний талаар санал солилцов.

ЦХИХХЯны  сайд Э.Батшугар: НҮБХХ-өөс Монгол Улсын цахим хөгжлийг дэмжих чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж, тус салбарын томоохон түнш байгаад талархал илэрхийлж, дараах байр суурийг илэрхийллээ.

  1. Монгол Улс 2021 онд цахим хөгжлийг дэмжих багц хуулийг баталснаас хойш төрийн үйлчилгээг ил тод, хүртээмжтэй, шуурхай хүргэх чиглэлд томоохон ахиц дэвшил гаргасан. ‘И-Монгол’, ‘И-Бизнес’ зэрэг платформууд иргэдэд хүрч, олон улсын түвшинд үнэлэгдэж байна. Гэвч кибер аюулгүй байдал, цахим орчин дахь хүүхэд хамгаалал, гэмт хэрэгтэй тэмцэх асуудал нь анхаарал хандуулах ёстой сорилт хэвээр байна. Энэ хүрээнд бид НҮБХХ-тай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн өргөжүүлэх бүрэн боломжтой гэж харж байна.
  2. Мөн хиймэл оюун ухааны хөгжлийг дэмжих үндэсний стратегийг боловсруулж, 2025 оны намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаагаа хэллээ.

Суурин төлөөлөгч Матилда Димовска:  НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлсэн “DEMOSC” төсөл амжилттай хэрэгжиж дууссан талаар танилцуулж, энэ төслийн хүрээнд “И-Монгол” платформын хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний хөдөлгөөнт цэг байгуулах, цахим ур чадварын сургалтын танхимууд ажиллуулах зэрэг олон талын ач холбогдолтой арга хэмжээг хэрэгжүүлснийг онцлов.

“Монгол Улс хиймэл оюуныг эдийн засгийн хөгжилдөө нэвтрүүлж, хөрөнгө оруулалт хийж эхэлсэн цөөн орны нэг болох бүрэн боломжтой. НҮБХХ-ээс улс орнуудын хиймэл оюуны хөгжлийн зөрүүг бууруулах зорилгоор Сингапур дахь багтай хамтран туршилтын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Монгол Улсыг хамруулах урьдчилсан яриа хэлэлцээ явагдаж байна. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам бол НҮБХХ-ийн стратегийн гол түнш байгууллага” хэмээн онцлон тэмдэглэв.

ЦХИХХЯны Сайд Э.Батшугар: Уулзалтын төгсгөлд “Digital First” буюу “Дижитал нэн тэргүүнд” зарчмыг шинэ Засгийн газар баримтлан ажиллаж буйг дурдаж, дижитал шийдлүүдийг өргөн хүрээнд нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байгааг онцоллоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна