Б.Баярмаа: Надад итгэсэн хүмүүсийн итгэлийг нь алдахгүйгээр тэтгэлэгтээ тэнцсэндээ баяртай байна

Х.Есү
5 цаг 47 минутын өмнө

Дэлхийн топ 30 их сургуулийн нэг болох New York University –ийн харьяа NYU Shanghai-д Монгол охин 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцахаар болжээ. Тус сургууль нь олон улсын оюутнуудаас маш бага элсэлт авдаг топ сургуулиудын нэг юм.

Бид New York University –ийн харьяа NYU Shanghai сургуульд 100 хувийн тэтгэлгээ суралцахаар болсон Б.Баярмаатай ярилцлаа.

Хамгийн анх гадаадад сургуульд тэнцсэн талаарх мэдээллээ авч байхад ямар сэтгэгдэл төрсөн бэ? Хамгийн түрүүнд хэнд хэлмээр санагдсан бэ? 

Хамгийн түрүүнд мэдээж ээж. Ер нь бол ээж аав хоёр маань хажууд байсан болохоор хамгийн түрүүнд хэлсэн. Тэгээд яг тэр мөчид ментор багшдаа хэлсэн. Манай ментор болох Цолмон эгч маань намайг маш их дэмждэг байсан. Хэцүү үед байнга "Чи чадна аа, чи болно оо, би чамд итгэж байна" гэж урам өгдөг байсан болохоор тэр мөчид түүндээ хамгийн түрүүнд дуулгасан. 

Тэр үед яг шөнө 12 цаг өнгөрсөн байсан. Маргааш нь Абсолютын н.Заяа багшдаа хэлсэн. Үнэхээр гайхалтай мэдрэмж байсан. Тэд нарын хүлээлтийг даваад, итгэлийг нь алдахгүйгээр тэнцэнэ гэдэг чинь ер нь бол үнэхээр гоё мэдрэмж байдаг юм байна лээ. Би уг нь нэг их уйлдаг хүн биш л дээ. Гэхдээ... яах вэ, бараг хашгирсан, баярласандаа чанга дуугаар инээсэн, тэр хавьдаа ер нь нэг хэсэгтээ шуугиулсан гэх үү дээ.

Тэтгэлгийн хэмжээ хэд байсан бэ? Сургууль нь хаана, ямар сургуульд тэнцсэн бэ? 

Би NYU буюу New York University-ийн Шанхайн салбарт тэнцсэн. Тэтгэлгийн хэмжээ нь 260,000 гаруй ам.доллар, яг нарийндаа бол tuition буюу сургалтын төлбөр 100% хөнгөлөгдсөн. Мөн нэмэлтээр financial aid буюу санхүүгийн тусламж авсан. Энэ нь сургалтын бус зардлыг ч даахад тусалж байгаа. Монгол мөнгөөр тооцвол 954 сая орчим төгрөг, бараг 1 тэрбум төгрөгийн тэтгэлэг гэж хэлж болно. 

Англи хэлийг сурахдаа хүүхдүүдэд юу зөвлөмөөр байна? 

Англи хэл төдийгүй ямар ч хэлийг сурч байхад тухайн хэлэндээ хайртай байх нь маш чухал гэж боддог. Хэлийг боломжийн эхлэл гэж харж сурах хэрэгтэй. Миний хувьд англи хэл надад маш их боломж нээж өгсөн. Маш олон хүмүүстэй танилцаж, гайхалтай дурсамжууд бүтээж чадсан. Тийм болохоор хэл сурахдаа "энэ надад тусална" гэсэн итгэлтэй байж, сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Тэгэхээр илүү үр дүнтэй, хурдан сурдаг юм шиг санагддаг. 

2023 оны дөрөвдүгээр сард Absolute-д орсон. Тухайн үед түвшин тогтоох шалгалт өгөөд IELTS түвшинд шууд тэнцэж орсон. Уг нь би өөрийгөө тийм суурьтай гэж бодоогүй. Гэхдээ манай багш маань "за чи өгчих" гэж хэлсэн болохоор шалгалт өгсөн. Тэгсэн чинь шууд IELTS түвшин гээд гараад ирсэн.
Тэгээд IELTS ангидаа сууж эхэлснээс хойш хоёр сарын дараа IELTS өгөөд 6.5 оноо авсан. Уг нь 7 авах зорилготой байсан. Харамсалтай нь тухайн үед хүрч чадаагүй. Гэсэн ч Абсолютын Заяа багш маань “чи чадна аа, ахиад бэлд, чи үнэхээр боломжтой хүүхэд шүү” гээд их урам өгсөн. 

Дараа нь 2024 оны нэгдүгээр сард дахин IELTS өгөөд 7.5 оноо авсан. Ингээд нийтдээ 8 сар бэлдэж байж 7.5 оноо авсан гэж хэлж болно. 

Хэл сурахад хамгийн бэрхшээлтэй зүйл юу байсан бэ? 

Миний хувьд Writing буюу бичгийн хэсэг хамгийн хэцүү байсан. Учир нь өмнө нь огт асуултад хариулж эсээ бичиж байсан туршлага байгаагүй. Бичих чадвар суулгахын тулд ном их уншиж, мэргэжлийн нийтлэлүүд дээр анализ хийж, бичгийн чадвараа ахиулсан. Абсолютыг миний ерөнхий боловсролын 10 жилийн багш санал болгож байсан.

  "Абсолютад бэлдсэн хүүхдүүд 7-гоос дээш оноо авч байна" гэж хэлсэн. Тэгээд л Absolute-ийг сонгосон. Анх IELTS гэж ч юу байдгийг мэдэхгүй байсан. 12-р ангийн сурагч байхад сонгосон. 2-хон сарын IELTS ангидаа суугаад 6.5 оноо авсан нь тухайн үедээ надад үнэхээр том урам өгсөн.

Их сургуульдаа тэнцэхэд хамгийн их нөлөөлсөн хүн хэн байсан бэ?

 Хамгийн түрүүнд Ану эгч. Манай гадаад харилцааны менежер. Ану эгч надад маш их дэмжлэг үзүүлсэн. Заримдаа бүр "би больчих уу даа" гэж бодож байхад ч намайг зогсолтгүй урамшуулдаг байсан. Үнэхээр өвөрмөц, онцгой хүн гэж боддог. 

Тийм болохоор би түүндээ “таныхаа ачаар би энд хүрсэн” гэж хэлмээр байна. Мөн мэдээж Заяа багш. Ер нь ямар буян хураагаад ийм сайхан багштай таарчихав даа гэж боддог. Абсолютын хамт олноос би зөвхөн хэл сураад зогсоогүй, амьдралынхаа чиглэлийг өөрчилсөн гэж боддог. Хэрвээ Абсолют байгаагүй бол би энэ амжилтад хүрэхгүй байх байсан. 

Сурах гэж буй мэргэжил?

Миний хувьд New York University - Shanghai буюу NYU Shanghai-д суралцахаар болсон. Анхны жилдээ мэргэжлээ сонгохгүй, суурь хичээл үзээд хоёрдугаар курсээс сонгодог системтэй. Яг одоогийн байдлаар Computer Science, Interactive Media, мөн Artificial Intelligence гэсэн 3 чиглэлд сонирхолтой байгаа.

NYU Shanghai сургуулийн онцлог, давуу тал:

● Дэлхийд 28-д жагсдаг сургууль. 

● Хятад хэл заавал сурна, HSK-ийн тодорхой түвшинд хүрж байж төгсөх болзолтой. 

● Америкийн боловсролын системийг Хятадад хэрэгжүүлдэг. 

● Баруун ба зүүн соёлын огтолцол дээр байрладаг болохоор олон талт мэдлэг,
соёлыг нэг дороос мэдэрнэ. 

● Дэлхий даяар кампустай: NYU Abu Dhabi, NYU Paris, NYU Florence, NYU London гэх
мэт. Сурагч бүр заавал нэг гадаад кампус дээр семестрээр суралцах ёстой. 

● Олон үндэстний соёл, олон орны найзууд, олон талын ойлголттой болно. 

● NYU бол миний анхны мөрөөдлийн сургууль байгаагүй ч, орсны дараа судалж
үзэхэд үнэхээр олон давуу талтай гэдгийг ойлгосон.

Б. Баярмаагийн алсын хараа, ирээдүйн зорилго юу вэ? 

Би Монгол улсаа үйлдвэрлэгч орон болоосой гэж хүсдэг. Өөрсдөө үйлдвэрлэж, ЖДҮ-ээ дэмжвэл манай улс хол явна гэж боддог. Би өөрийгөө ирээдүйн business woman гэж хардаг. Сурч буй мэргэжил маань шууд хамаатай биш ч, Монголын экспортыг хөгжүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих тал дээр ажиллах хүсэлтэй.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна