Хүний эрхийн олон улсын өдөр тохиож байна

2018/12/10
Өнөөдөр Хүний эрхийн Олон Улсын өдөр тохиож байна. Өнөөдрөөс 70 жилийн тэртээ энэ өдөр хүн төрөлхтөн анх удаа хүний эрх, эрх чөлөө, халдашгүй дархан байдлыг тунхаглан зарлаж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн түүхтэй юм. 

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг баталсан бөгөөд энэ нь дэлхийд анх удаа хүний эрхийг хамгаалах бүх нийтээр дагаж мөрдөх олон улсын стандарт болжээ. Улмаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт зэрэг заавал дагаж биелүүлэх хүний эрхийн хэм хэмжээг агуулсан конвенциудыг батлан гаргасан билээ. Өнөөдөр дэлхий дахинд Нэгдсэн Үндэстний Байгууллагын болон Олон улсын Хөдөлмөрийн Байгууллагын олон арван гэрээ, конвенцийг улс орнууд соёрхон баталж, нэгдэн орж хэрэгжүүлэх үйл ажиллгагаа өрнөж байна.

Хүний эрхийн талаарх гэрээ, конвенцийн хэрэгжилтийг хангах Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөл, Гэрээний хороод, Хүний эрхийн Дээд комиссарын газар, Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбоо, бүс нутгийн байгууллагуудын институт зэрэг олон улсын механизм бүрдэн үр нөлөөтэй үйл ажиллагаа явуулснаар хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх талаар дэлхий дахинд болон улс орон бүрт дэвшил гарч байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улс болгон Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөний асуудлыг хэрэгжих баталгааны хамт тусган, хэрэгжилтийг хянах ямар нэгэн механизмтай болжээ.

Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүний хувьд олон улсын гэрээ, конвенцуудыг соёрхон батлах, нэгдэн орсон үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэх байранд явж байна. Тухайлбал, хүний эрхийг хамгаалахад чиглэсэн олон улсын 30 гаруй гэрээ, конвенц, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 20 конвенцид нэгдсэнээс гадна олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн тухай Женевийн 4 конвенцийн оролцогч тал болсон байна. Мөн Нэгдсэн Үндэстний байгууллагаас батлан гаргасан хүний эрхийн үндсэн 18 гэрээний 17-д нь нэгдэн орсон эхний 10 улсын нэг юм. Манай оронд хүний эрхийг хамгаалах тогтолцоо бий болсон ч хүний эрхийн зөрчил, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэх, ялгаварлан гадуурхах зэрэг ноцтой зөрчил буурахгүй, хүний эрхийг хамгаалах чиглэлээр явуулж байгаа төр, нийгмийн байгууллага, иргэдийн үйл ажиллагаа, хүчин чармайлт тэр бүр үр дүнд хүрэхгүй байна.

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж "Ард иргэд ээ, бидэнд “оюун ухаан, өрлөг сэтгэл заяасан бөгөөд өөр хоорондоо ахан дүүсийн ёсоор харилцах ёстой” гэсэн Хүний эрхийн Түгээмэл тунхаглалын заалтыг ямагт мөрдлөг болгоцгооё. Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын үзэл санаа, хүний эрх, эрх чөлөөг удирдлага болгон олон улсын хамтын нийгэмлэг 2030 он хүртэл хэнийг ч үл орхих, хүн бүрийг хөгжлийн үйл явцад оролцуулж, үр шимийг нь хүртээх, аль болох гачигдах зовлон, айх аюулгүй дэлхий ертөнцийг бий болгох зорилгоор “Эх дэлхийгээ шинэчлэе: Тогтвортой хөгжлийн хөтөлбөр - 2030” баримт бичгийг батлан хэрэгжүүлж эхлээд байна. Монголчууд бидэнд үлдэж байгаа 12 жилийн хугацаанд урд өмнөхөөсөө хэд дахин илүүг бодож, илүүг сэтгэж, илүүг хийж байж энэ зорилгод хүрэх сорилт тулгараад байна. Үргэлж санацгаая, эрчимтэй, үр нөлөөтэй ажиллацгаая, үр дүнг нь үзэцгээе, тэгээд үр шимийг нь хамтдаа хүртэцгээе" хэмэээжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна