Syndicate Talk #41 Нийгмийн инноваци


-Синдикат ярилцлага #41-

Энэ удаагийн дугаараар бид сонирхолтой боловч амар биш сэдвийг хөндлөө.

Нийгмийн инноваци Монголын нийгэмд үүсээд байгаа баялгийн шударга бус, боломжийн тэгш бус байдлыг арилгах хамгийн том шийдэл байж чадах уу? Үүний тулд залуус бидний оролцоо юу вэ? Эрх биш үүргээ нэн тэргүүнд ухамсарлах цаг хэдийнээ болсон бус уу?

Нэвтрүүлгийн зочдоор “Сайн дурынхны хөгжлийн төв” нийгэмд үйлчилдэг ТББ-ыг үүсгэн байгуулагч М.Бямбабат, IRIM (Independent Research Institute of Mongolia) судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ц.Батсугар, ICT группийн гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэн, “Хүний эрх хөгжил” төвийн хөтөлбөрийн менежер Ш.Саранхөхөө нар оролцлоо. 

В.Ганзориг: Инноваци, тэр дундаа нийгмийн инноваци гэж сүүлийн үед багагүй яригдах боллоо. Эдгээр үгсийн утгыг маш ойлгомжтой тайлбарлаж өгнө үү. 

Ц.Батсугар: Энэ ойлголт шинэ тутам гарч ирж байгаа үзэгдэлтэй холбоотой.

Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал, технологийн хөгжлөөс үүдэлтэй сүүлийн 10 гаруй жил инноваци гэдэг үг нийгэмд идэвхтэй яригдаж хэрэгжих болсон.

Инноваци бол асуудал ба шийдэл гэсэн хоёр зүйлийн холбоос буюу матриц гэж би хардаг. Бидний өмнө тулгардаг уламжлалт асуудлыг хэрхэн шинэ арга замаар шийдвэрлэх вэ, эсвэл шинэ тутам үүсэж буй асуудлыг хуучин эсвэл шинэ арга замуудыг ашиглах хэрхэн шийдэх вэ гэдэг асуудал, шийдлийн хослол дээр инноваци гэдэг ойлголт гарч ирдэг. Үүн дотроо технологио хэрэглэх үү, арга зам эсвэл хандлагаа өөрчлөх үү гэдэг загварын асуудал үүснэ.

Одоогоор инноваци гэдгийг бид ерөнхийгөөр технологи, IT ашиглаад асуудлыг шийдэх гэдэг ойлгодог. Гэтэл өргөн хүрээнд авч үзвэл заавал тийм байх шаардлагагүй. Хуучны уламжлалт арга барилаа ашиглаад шинээр тулгамдаад байгаа асуудлаа шийдээд явж байгааг ч инноваци гэж үзнэ. 

Харин нийгмийн инноваци гэхээр олон нийтэд бий болгож буй үнэ цэнэтэй холбогддог.

Нөгөө талаасаа энэ нь олон нийтийн оролцоо, идэвх дээр суурилан хийгддэг. Бизнесийн инновацийг тухайн санаачилсан хүн нь удирдан хэрэгжүүлээд хэрэглэгчдэдээ үр шимийг нь хүргэдэг бол нийгмийн инновацийн хувьд нийгмийн гишүүдээсээ илүү их оролцоо, хариуцлагыг шаарддаг. Энэ утгаараа үнэ цэнэ нь буцаад нийгэмдээ буух ёстой. 

Г.Лхамсүрэн: Инноваци гэдэг нь өмнө нь огт байгаагүй зүйл биш. Сошиал медиа зэрэг сувгаар дамжин нийгэмд мэдээлэл хурдан түгдэг болсонтой холбоотой инновацийг ийм хурдаар нийгэм хэрэглэдэг болсон нь энэ үеийн утга учрыг илэрхийлж байна.

 

Өмнө нь бизнес болон аж үйлдвэрийн байгууллагуудад инноваци байсан ч тэр нь нийтэд ил биш, эсвэл зөвхөн тухайн зорилтот бүлэгтээ л үйлчилдэг байсан. Харин сүүлийн 15 жилийн трендийг ажиглавал инноваци дамжих хурд нэмэгдэхийн хэрээр олон нийтэд нээлттэй болж, тэр хэрээр нийгэм үр шимийг нь хүртэж эхэлсэн. Ийм учраас энэ нь бараг хүн болгоны шахуу ярьдаг сэдэв болжээ. 

Сүүлийн 30 жилийн хугацаанд бизнесийн загвар өөрчлөгдлөө. Өмнө нь мөнгөтэй хүн ус савлаад хэрэглэгчдэд зардаг байв. Харин сүүлийн 30 жилд хэрэглэгчийн хүсэл дээр тулгуурлаад мөнгөгүй байсан ч бизнес эхлүүлж болдог болсон.

Нийгмийн хэрэгцээг мэдрэн бизнес хийдэг энэ загвар бол уламжлалт загварын урвуу хэлбэр юм. Ийм учраас хүн болгонд тэгш үйлчилдэг, нийгмийн гишүүдийн оролцоог оруулсан инноваци амжилттай болдог. Энэ утгаараа аливаа шинийг санаачлагч нь асуудлын шийдлийн гаргахдаа нийгмийн сэтгэлзүй, эрэлт хэрэгцээ, шаардлагыг нь сайн судлан гаргаж ирж чадвал энэ нь нийгмийн инновацид тооцогдоно.       

Ш.Саранхөхөө: Санал нэг байна. Иргэний нийгэмд ажилладаг хүний хувьд өөрийн өнцгөөс хариулъя. 2015 оноос эхлэн “Innovation for change” буюу “Өөрчлөлтийн төлөөх инноваци” гэдэг санаачилга олон улсад өрнөж эхэлсэн.

Тэр үеэс эхлэн бид энэ хөдөлгөөнд нэгдээд явж байна. Сүүлийн олон жилийн турш иргэний нийгмийн байгууллагууд иргэдийн төлөө, төрийн хүрч чаддаггүй нийгмийн бүлэгтэй ажиллаж ирсэн.

Гэхдээ бидний чадавх, нөөц хязгаартай. Тиймээс илүү эдийн засаг суурьтай буюу одоо явуулж буй ажлын арга хэлбэрээ өөрчлөх, чадавхаа нэмэгдүүлэх зорилготой олон улсын санаачилга байсан юм.

Төр, хувийн хэвшлийн тэр болгон хүрч чадаад байдаггүй эмзэг бүлгүүд нийгмээс орхигдох гээд байдаг. Тэр утгаараа нийгмийн инноваци бусдын тэр болгон хүрч үйлчилж чаддаггүй нийгмийн сегментүүдэд хүрч үйлчлэх, тэдний асуудлыг хэрхэн шийдвэрлэх, тэднийг нийгмийн идэвхтэй яаж болгох, оролцоог нь хэрхэн нэмэгдүүлэх гэдэг дээр голлон төвлөрдөг.

Эдгээр бүлгийн эдийн засгийн чадавхыг нь нэмэгдүүлж чадвал тэд аливаа ТББ, донор, төрөөс хараат бус болж бие даасан нийгмийн идэвхтэй гишүүд болох боломжтой. Энэ утгаараа нийгмийн инноваци гэдэг ойлголтыг тун их олзуурхаж байгаа. 

М.Бямбабат: Нийгмийг хүмүүс л бүрдүүлдэг. Олон хүнийг дагаад нийгэмд маш олон асуудал үүсдэг. Энэ олон асуудлыг шийдэхийн тулд систем, тогтолцоо үүсдэг. Байгаа бүх систем сайн ажиллаж байна уу гэвэл хэцүү. Системийн эдгээр алдаа, доголдлыг засах шийдлийг олох нь нийгмийн инновацид тооцогдоно. Нөгөө талаас төрийн үйлчилгээг нийгмийн гишүүн бүрт хүртээмжтэй байлгахын төлөө талууд ажиллаж байгаа ч гэсэн үүний гадуур үлдэж байгаа цөөн биш хүмүүс байдаг. Иймээс төрийн үйлчилгээг иргэн бүрт жигд хүргэх санаачилга ч гэсэн нийгмийн инновацид тооцогдоно. 

В.Ганзориг: Эдгээр үг латин гаралтай бөгөөд инноваци гэдэг үгийг анх 1548 онд, харин нийгэм гэдэг үгийг анх 1870 оноос анх хэрэглэж эхэлсэн юм билээ. Одоо Монголд нийгмийн инноваци хийгдэх нөхцөл, шаардлага нь бодитой үүсч чадсан юм уу?

Ц.Батсугар: Монгол хөгжиж буй орон. Инноваци өндөр хөгжилтэй орнуудад тренд, хэрэглээ болсон ч манайд нутагших болоогүй гэвэл энэ харьцангуй ойлголт болно. Учир нь одоо тулгарч буй асуудлуудаа илүү үр дүнтэй шийдэх тогтолцоог инноваци гээд байгаа шүү дээ.

Ямар ч нийгэмд асуудлууд байдаг. Харин магадгүй хөгжингүй орнуудын асуудал илүү глобал болж байгаа байх. Манай нийгмийн гол асуудлууд эрүүл мэнд, боловсрол, засаглал, хээл хахууль, эмзэг бүлгүүдэд нийгмийн үйлчилгээг жигд, үр дүнтэй хүргэх болсон. Асуудал том, жижиг гэдгээс үл хамаараад шийдэх шийдэл зайлшгүй байж таарна. Энэхүү зайлшгүй байгаа нөхцөл нь инновацийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагыг тодорхойлдог. 

 

Нөгөө талаасаа нийгмийн инновацийг хэрэгжүүлэх чадавх, чадамж байна уу гэж асуувал арай өөр хэрэг болно. Энэ асуултад бодитой хариулт өгч чадах хүн нь би биш болов уу гэж бодож байна. Учир нь энэ техникийн мэдлэг, ур чадвар, дэд бүтэц гээд олон хүчин зүйлтэй холбогдоно.

Манайд анзаарагддаг нэг таагүй зүйл байдаг. Нийгмийн аливаа асуудалтай тулгармагц хуулиа өөрчилье, тогтолцоогоо янзална гэх мэтээр бүх зүйлийг хууль руу чихдэг. Гэтэл бид бараг 500 хууль, хэдэн зуун хөгжлийн баримт бичигтэй ч асуудал яг хэвээрээ байсаар л байна.

Хууль, бодлогын баримт бичгүүд ерөнхий томьёолол, ойлголтоо нэгтгэж буй хэлбэр болохоос бус нийгмийн процессыг хөндөж чаддаггүй. Нийгмийн процессыг хөндөн, тэр дотор байгаа асуудлыг гаргаж ирж шийдэх явцыг инноваци гэж ойлгож байна. Энэ утгаараа Монголд нийгмийн инноваци зайлшгүй хэрэгтэй. 

Г.Лхамсүрэн: Монголд хангалттай их нийгмийн асуудал байгаа. Тиймээс нийгмийн инноваци гэж ярьж байгаа нь маш баярлууштай зүйл. Учир нь шийдэх асуудал их байна гэдэг нь инновацийг нэвтрүүлэх хөрс суурь бэлэн байна гэсэн үг.

Бид дөнгөж 3.2 сая хүн амтай тул шинэ зүйл нийгэмд нэвтрүүлэхэд маш хурдан байдаг.

Хулгана унаж, босохдоо маш хурдан байдаг бол тэмээ тийм биш. Барууны өндөр хөгжилтэй улсуудад нийгмийн инноваци хийх замаар хуучин системийг эвдэх, тогтолцоог өөрчлөхөд маш их цаг хугацаа зарцуулдаг.

Харин бид үүнийг хурдан хугацаанд хийж, жижигхэн нийгмээ өөрчлөн эерэг үр дүн гаргах бүрэн боломжтой. Товчхондоо нийгмийн инноваци бол хөгжиж буй улсуудын хувьд маш тааламжтай дэвшил юм. 

Ерөнхий боловсролын элсэлтийн шалгалтыг бид сая онлайнаар орон даяар зохион байгууллаа. Хуучин байнга хэл ам гардаг байсан энэ шалгалт дээр энэ жил шуугиан гараагүй төдийгүй маш богино хугацаанд зохион байгуулагдаж үр дүн нь гарлаа.

Ерөнхий боловсролын сургууль төгсөж буй бүх сурагч онлайнаар шалгалтаа өгөөд шалгалтын дүнгээ хоёр минутын дараа шууд харна гэдэг нь нийгмийн инноваци хүмүүст хүрч буйн нэг жишээ. Иймээс нийгмийн инновацийг хэрэгжүүлэх маш том боломж, хөрс суурь бидэнд байна гэсэн үг. Өндөр хөгжилтэй орнуудад асуудал бага байхын хэрээр инноваци бага төрнө.

Эсрэгээрээ Монголд буй үй түмэн асуудлыг шийдэх инноваци, шинэ санаа, санаачилга бүхий бүтээлүүд төрөх асар том боломж байна.    

Ш.Саранхөхөө: Би зарим зүйл дээр бүрэн санал нийлэхгүй байна. Хувийн хэвшил ба иргэний нийгэмд нэг том ялгаатай зүйл бий. Хувийн хэвшил орлогоороо зардлаа санхүүжүүлж ашигтай ажиллаж чаддаг бол иргэний нийгэм өөрийн үйл ажиллагаанаас ашиг олдоггүй.

Иймээс санхүүгийн хувьд үргэлж хязгаарлагдмал байдаг. Ийм нөхцөлд иргэний нийгмийнхэн шинэ арга барилд суралцах, шинэ технологи нэвтрүүлэх боломжгүй. Нийгмийн асуудлыг шийдэх нь дан ганц иргэний нийгэм, эсвэл хувийн хэвшлийн үүрэг биш!

Маш олон оролцогч талууд байж, тэд хамтдаа шийдэх ёстой. Аргачлал, ур чадвар, шинэ мэдлэг, мэдээлэл хувийн хэвшилд харьцангуй сайн байдаг. Иргэний нийгмийн хувьд хүн хүч, санхүүгийн хувьд хязгаарлагдмал байдаг ч маш олон нийгмийн асуудлыг өөрсөд дээрээ нааж аваад хийхийг оролддог.

Энэ нөхцөлд та бид хоорондоо яаж, хэрхэн огтлолцож хамтын үнэ цэнэ үүсгэх вэ гэдэг нь асуудал гэж харж байна. Нэг улсад амьдарч, нэг нийгэмд ажиллаж байж бид тус тусдаа яваад байж болохгүй. Нийгэмдээ эерэг өөрчлөлт хийхийн тулд хамтрах ёстой.    

Г.Лхамсүрэн: Монголд бүх зүйлийг бизнес, эсвэл мөнгө санхүү гэж харж болохгүй. Шинжлэх ухааны ололт амжилт, технологийн дэвшлийг амьдрал дээр нэвтрүүлэх нь хувийн хэвшлийнхэн бидний үүрэг бас хариуцлага.

Энэ нь бидний бизнесийн загвар гэхээс илүүтэйгээр нийгэмд үйлчилж буй нэг хэлбэр. Бусад аж ахуйн нэгжүүд ч гэсэн энэ өнцгөөс харж бизнесийн загвар, компанийн засаглал, хөрөнгө санхүүгээ тооцоолдог байх.

Нийгмийн инноваци гэдэг ойлголт дээр олон компани санал нэгдэх болов уу. Бизнесийн байгууллагууд өөрийн боломж, эрх зүйн хүрээнд чадах зүйлсээ хийж байгаа. Иргэний нийгэмтэй хамтарч ажиллахын хувьд бид өдөр болгон уулзаад байдаггүй ч та бүхний хийсэн судалгаа, нийгэмд хэрэгжүүлж буй төслүүдийн талаар мэдээлэл авч давхар нөлөөллөөр хувийн хэвшлийн бид нийгмийн үүргээ гүйцэтгэж байгаа.

Хамтын ажиллагаа гэхээр заавал хоорондоо гэрээ байгуулж, кофе шопт уулзах албагүй. Харин нийгэмд түгээж байгаа мэдлэг боловсрол, бусадтай хуваалцаж байгаа судалгаа шинжилгээний ажлууд хэн нэгэнд нөлөөлж төр, хувийн хэвшил өөрчлөгдөх нь нийгмийн инновацийн нэг хэлбэр.   

В.Ганзориг: Нийгмийн инноваци гэхээр компанийн нийгмийн хариуцлагатай давхцах уу? Зарим компани улсад угаасаа төлөх ёстой татвараа төлчихөөд гавьяа байгуулж, нийгмийн хариуцлага хийсэн мэт хэвлэлээр зарладаг болсон. Уг нь татвар төлөх нь хуулийн хариуцлага байлтай. Энэ хандлагыг та бүхэн юу гэж бодож байна? Мөн сайн дурын ажлын талаар та бүхэн ямар бодолтой байдаг вэ?

М.Бямбабат: Олон улсад нийгмийн инновацийн индекс гэж байдаг. Тухайн улсын бодлого, эрхзүйн орчин; нийгмийн санхүүжилт, хөрөнгө оруулалт; энтрепренершип хандлага; иргэний нийгмийн чадавх гэсэн дөрвөн үзүүлэлтээр энэ индексийг тооцдог.

Энэ үзүүлэлтээр ази тивээс БНСУ 12-т жагссан бол АНУ уг жагсаалтыг тэргүүлсэн. Дээрх дөрвөн үзүүлэлтийг Монголдоо буулгаад харвал нэлээд хүнд дүр зураг харагдана.

 

Манай инновацийн тухай хуулиар “Мэдлэгийг баялаг болгох үйл явцыг инноваци гэнэ” гэж тодорхойлсон. Энэ хуульд нийгмийн асуудлыг шийдвэрлэх гэсэн ганц өгүүлбэр байгаа хэдий ч хэт ерөнхий сууж, амьдрал дээр хэрэгжихүйц байж чадахааргүй байсан.

Бидний хийж буй үйлдэл бүхэн нийгмийн инновацийг бий болгодог тул энэ ойлголтыг өөрөөсөө тэр хол гэж бүү бодоорой. Жишээ нь, манай байгууллага бол нийгэмд залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Сайн дурынхны хөгжлийн төв”.

Сайн дураараа, сэтгэл зүрхээ зориулаад, хэний ч шахалтгүй, цэвэр өөрийн сонголтоор нийгмийн төлөө үйл ажиллагаанд оролцох залуусын талбарыг бий болгох зорилготой гэсэн үг. 

Сайн дурын үйл ажиллагаа Монголд цоо шинэ зүйл биш. Нүүдэлчин соёл, ахуйгаас үүдэлтэй бид бие биедээ хариу нэхэхгүйгээр байнга тусалж ирсэн.

Мөн бүхэл бүтэн 80 жилийн түүхтэй Улаан загалмай гээд байгууллага байна. Залууст сайн дурын ажил хийх хэрэгцээ үүсдэг болсон. Гэхдээ нийгэмдээ тусалъя гэхээр сайн дурын ажлын бүрэн дүүрэн ойлголт байхгүйгээс болж хий эргэх гээд байдаг. Иймээс бид сайн дурын ажлын тухай ойлголт, мэдлэг өгөх сургалт хийдэг.

Үүгээрээ бид бусад сайн дурын байгууллагуудаас ялгагддаг. Нөгөө талаасаа бид хандив мөнгө цуглуулан хүнд өвчтэй, эсвэл ядуу хүмүүст өгөхөөс илүүтэй улсынхаа хөгжлийн чиглэлд залуусын оролцоог нэмэгдүүлэх тал дээр түлхүү анхаарч ажилладаг онцлогтой.     

В.Ганзориг: Нийгмийн инновацийг сонгодог утгаар нь үр дүнтэй, хариуцлагатай, хоорондоо өрсөлдөхгүй хийхийн тулд нийгмийн бүлгүүд хоорондоо хэрхэн хамтран ажиллах ёстой юм бол?

Ц.Батсугар: Нийгмийн инноваци тодорхой нэг субъектийн өмч эсвэл эрх биш. Нийгмийн инновацийн энийг нь иргэний нийгэм бид хийе, тэр хэсэг нь бизнесийн инноваци юм чинь бизнесийнхэн та нар хий гэдэг зааг ялгаа байхгүй.

Нийгмийн инновацийг хэн ч хийж болно. Гэхдээ газар газрын инновацийн соёл хэрхэн тогтсон бэ гэдгээс хамаарна. Энэ ойлголт анх хөгжингүй орнуудын зүгээс бид нар руу хийсэж орж ирсэн. Нийгмийн гол тоглогчид болох төр, хувийн хэвшил, иргэний нийгэм буюу иргэд хооронд эрх тэгш харилцаа, ижил тэгш эрх, үүрэг байх ёстой.

Өндөр хөгжилтэй орнуудын хувьд эдгээр тоглогчдын үүрэг, хариуцлага, нийгмийн соёл нь тогтоод жигдэрсэн байдаг учраас хоорондоо асуудалгүй хамтраад ажиллаад явчихдаг. Монгол шиг хөгжиж буй орнуудын хувьд энэ бүх ажлуудаа хаанаас эхлэхээ сайн мэдэхгүй байдалд ордог. Яагаад гэвэл бидэнд тэр нийгмийн инновацийн соёл байхгүй.

Өөрсдийгөө ч тэр, хэрэгжүүлэх гэж буй асуудлаа ч бүрэн дүүрэн ойлгоогүй байж тэнд нэг инноваци хийгджээ гээд гаднаас жишээ татаж авч ирээд байхаар Монгол туршилтын лаборатори болоод байна. 

Тэгэхээр бид инноваци хэрэгжүүлдэг соёлыг өөрсдөдөө суулгах, үүнд итгэдэг олон нийтийн итгэлийг бий болгохоос ажлаа эхлэх хэрэгтэй. Үүний тулд энэ тухай нээлттэй хэлэлцэх ёстой.

Нийгмийн бүлгүүд хамтран ажилладаг механизмыг үүсгэх ёстой. Хэн нэгэн инноваци, шинэ санаа, санаачилга гаргаад явахад дэмждэг төрийн бодлого, эрх зүйн орчин байх хэрэгтэй.Тодорхой ур чадвар, нөөц, туршлага авч ирдэг хувийн хэвшлийнхэн зайлшгүй байх ёстой. Заавал яг ийм загвар байх ёстой гэж одоо хэлэхээс илүүтэйгээр энэ бүхэн бүгдээрээ биеэрээ, ажил, амьдралаараа туулж үзэж байж л ойлгоно гэж бодож байна.

Төр дэмжиж байна гээд инновацийн төв зэргийг байгуулж байгаа нь зөв боловч энэ нь туйлын туршлага биш юм. Казакстан зэрэг улсуудад ийм төвүүд маш олон байдаг. Тэнд инновацийн чиглэлээр далайцтай том ажлууд хийгдэж байна уу гээд харахаар бас үгүй байдаг.

Бид үүнийг ингэж хийнэ гэдэг дээрээ хэт анхаараад үндсэн асуудлаасаа холдоод явчихаар инновацийн суурь нь өөрөө эргээд хамгийн том асуудал болоод байна. Асуудлаасаа зугатангаа шийдэл хайж болохгүй. Бид зайлшгүй асуудалтайгаа нүүр тулах ёстой.  

Г.Лхамсүрэн: Энэ асуудал дээр би тэс хөндлөн байр суурьтай байна. Учир нь энэ үзэгдэл дэлхий дээр шинэ зүйл. Итали хүнээс илүү итали гутлыг бид өнөөдөртөө хийж чадахгүй.

Тэр хүмүүсийн 2000 жилийн генд гутал, уран зураг, уран баримлын арвин туршлага байна. Тэр нь надад байхгүй. Харин нийгмийн инноваци, блокчэйн, өндөр технологийн хувьд бид яг нэг ижил шугам дээр дэлхийтэй цуг байгаа. Энэ шугам дээр буй итали, америк, монголчуудын хувьд ялгаагүй бүх зүйл шинэ. Учир нь амжилтын түүх, сайн жишээ, өмнө нь батлагдсан томьёолол байхгүй.

Харин цөөн хүн амтай жижиг улсын давуу талаа ашиглан алдаж босон маневр хийх замаар зарим шинэ салбарт Казакстан, Итали, магадгүй Германаас түрүүлж явж байгаа. Өөрийн компани дээрээ жишээ авъя.

ICT групп дэлхийд анх удаа блокчэйн дээр суурилсан хөрөнгийн биржийн дэд бүтцийг зарлаж байхад энэ нь Хонг Конг, Австралийн хөрөнгийн биржүүдэд шинэ зүйл байсан. Тэд одоо ч биднийг анхааралтай ажиглаж байгаа.

Тэгэхээр нийгмийн инновацийн хувьд бид хэн нэгнээс бэлэн загвар ирнэ гэдэг өрөөсгөл ойлголттой байж болохгүй.

Чингис хааны түүх шиг энэ шинэ салбарууд дээр бид өөрсдийн бардам түүхийг бүтээх боломж байна. Тухайлбал, нийгмийн инновацийн хувьд шинэ засаглал, зөв эхлэл, зөв жишээ, амжилтын түүх бүтээх зэрэг бэлэн боломжууд нь байна. 

Хамтын ажиллагааны хувьд төр, хувийн хэвшил, эсвэл иргэний нийгмийн аль нэг нь оройлон ажиллана гэсэн хууль байхгүй. Харин амьд организмын эволюцын дагуу хоорондоо нэгдээд амжилтад хүрэх ёстой. Тэрнээс биш хэн нэгнийгээ, эсвэл ямар нэг холбоотой хууль батлагдахыг хүлээх шаардлагагүй. Тухайлбал, зээлийн хүүг бууруулна гээд хууль гаргах гэж байна, энэ тухай хичнээн олон хурал зөвлөгөөн хийж байна.

Гэтэл олон хүмүүсийг оролцуулан технологи ашиглаад нийгмийн инноваци хийж зээлийн хүүг бодитой бууруулж харуулж болж байна. Үүний дараа тэр хууль эрх зүйн орчин нь гараг. Үр дүнг нь иргэний нийгмийн байгууллагууд судлан бусдад түгээг.

Эсвэл алдаа оноог нь бусадтай хуваалцах гэх мэтээр ажиллана. Энэ процесст заавал нэг манлайлагч байх шаардлагагүй. Асуудлыг оролцогч талууд өөрсдийн байр сууринаас харж, сайны төлөө чөтгөртэй нийлсэн ч яах вэ гэдэг шиг органикаар хоорондоо нэгдэн ажиллаж байж амжилтад хүрнэ. Энэ мэт бидэнд шууд мэдэгдэхгүй, тайлан тооцоо нь нийтэд гарахгүй биеллээ олж буй маш олон жишээ Монголд байгаа.

Өөрийн хийж буй төслүүдийн хувьд бид нэлээд хурдтай яваа гэж боддог. Боловсролын систем дээр шинэчлэл хийлээ. Эрүүл мэндийн салбарт бид зарим улсаас түрүүлж явна. Зарим ажлууд дээр мэдээллийн технологиороо алдартай энэтхэгүүд биднээс туршлага судлах хэмжээнд ирсэн байна. Хиймэл оюун ухаан, блокчэйн ашиглаад нийгмийн олон асуудлыг зоригтойгоор шийдэх ажил эхлүүлсний үр дүнд бид ингээд зарим улсын өмнө алхаж байна.

Ц.Батсугар: Яагаад иргэний нийгэм удаан, хувийн хэвшил хурдан байна вэ гэвэл хувийн хэвшил асуудлаа хараад түүнд хэрхэн шийдэх технологийн шийдлээ талбарт нь ажиллаж буйн хувьд өөрсдийн нөөцөөрөө ажиллаж чадаад байна.

Бид нар буюу иргэний нийгмийнхэн асуудлаа маш сайн харж, судалгаа хийн, зорилтот бүлэгтэйгээ тулж ажиллаж чаддаг атлаа шийдэл тал дээрээ туршлага сул. Өөрөөр хэлбэл, манай иргэний нийгмийн байгууллагуудын өөрсдийнх нь инновацийн төвшин маш сул.

Наад зах нь шинээр гарч ирж буй дэд бүтцүүдийг ашиглах хандлага, шинэ хэрэгслүүдэд дасах нь их удаан байдаг. Иргэний нийгэм энэ байдлаа өөрчлөх ёстой. Энэ бол нийгмийн инновацид тулгарч буй хамгийн том бэрхшээл. Түүнээс бус хувийн хэвшлийнхэн мөнгөтэй учраас түрүүлж хийгээд байна гэж харж бас хэлж болохгүй.   

М.Бямбабат: Хувийн хэвшил хөрөнгө оруулагчдынхаа дэмжлэгээр ажлаа хийн тогтвортой мөнгө олдог. Иргэний нийгмийн байгууллагууд ч ингэж ажиллаж чадна. Гэтэл яг ийм зарчмаар ажиллан мөнгө олж нийгмийн асуудлаа шийдэх хоёр ч төсөл би бичээд санхүүжүүлэгч хайгаад явахаар олддоггүй.

Учир нь төслийн үр дүнд олсон ашгаа эргээд би төслийн цар хүрээгээ өргөтгөх, нийгмийн дараа асуудлыг шийдэхэд зарцуулна гэхээр санхүүжүүлэгч байгууллагууд намайг дэмжих сонирхолгүй болчихдог. Учир хувийн хэвшил, донорууд бүгд биш ч зарим нь тухайн амжилттай болсон төслөөс мөнгөн болон мөнгөн бус өгөөж буцааж авах сонирхолтой байдаг.

Бидний хувьд санаагаа хэрэгжүүлэх гэхээр яах аргагүй санхүүжилт дутдаг. Монголд иргэний нийгмийн байгууллагуудыг санхүүжүүлдэг хүн, байгууллага маш цөөхөн байдаг. Хэдхэн донор, олон улсын байгууллагууд, гадны элчин сайдын яамдуудын төслөөр хязгаарлагддаг.

Харин эдгээр байгууллагууд санхүүжүүлэх төслийнхөө цар хүрээ, төсвийг урьдчилаад гаргачихсан байдаг. Бид санхүүжилт авахын тулд үүнд нь зохицож, асуудлуудаа хүчээр тааруулах ёстой болдог.

Монгол компаниуд дээрээ очоод нийгмийн ийм асуудлуудыг хамтраад шийдье гэхээр бас тэр болгон нээлттэй байж чаддаггүй. Тэднийг буруутгах аргагүй юм билээ. Учир нь маш олон хувь хүн, байгууллага, ТББ, компаниудаас хандив гуйж очдог. Хувийн хэвшлийнхэн маань эдгээрийг нарийн салган ойлгож, хэн нь нэг удаагийн төсөл биш харин нийгмийн асуудлуудыг өргөн хүрээнд шийдэхээр зорьж буйг ялгаж чаддаггүй юм болов уу гэж санагддаг. 

 

Ш.Саранхөхөө: Нийгмийн инновацийн давуу тал нь хандив гуйдаг өнөөгийн тогтолцоог халах гэж би хардаг. Халамж хүртэх сэтгэлгээтэй, нэг хүний асуудлыг нэг удаа шийдлээ гэхэд бусад олон хүмүүсийг явах юм бэ? Тогтолцоо нь хуучнаараа л байгаа шүү дээ.

Харин эрүүл мэндийн салбарын асуудлыг блокчэйнээр шийдэн дундын зуучлагчийг байхгүй болгон зардал бууруулж чадвал үр өгөөжийг нь бүх нийт хүртэнэ. Ийм соёл, хандлагыг бий болгох нь бидний хамтын ажиллагаа зорилго, үр нөлөө байх ёстой.

Аль болох олон хүн өөрсдийн хийж буй ажил, үр дүнгээ бусдадаа танилцуулж, асуудал болон шийдлийн талаарх ойлголтоо нэмэгдүүлж байх нь инновацийн хөрсийг бүрдүүлж буй хэрэг юм. Мөн эв санааны нэгдэл бий болгох, бие биеэ дэмжих ёстой. Жишээ нь, ICT групп ийм мундаг төслүүд хийх замаар нийгмийн хөрөнгө оруулалт хийж үр дүн гаргаж байгаа бол иргэний нийгмийн байгууллагууд бид суурь судалгаа, олон нийтэд мэдээлэл, сургалт хийх гэх зэрэг хийж чаддаг ажлуудаараа дэмжих хэрэгтэй байгаа.  

М.Бямбабат: Олон нийт буюу иргэд хүлээн зөвшөөрч байж л нийгмийн инноваци амжилттай хийгдэнэ. Тиймээс төр, хувийн хэвшил, иргэний нийгэм бүгд хийж байгаа ажлаа олон нийтэд түгээх замаар зөв ойлголт өгч чаддаг байх ёстой болоод байна. 

Ш.Саранхөхөө: Хувийн хэвшил, иргэний нийгэм хоорондоо хамтран ажиллаад хичнээн том ахиц гаргалаа ч төрийн үүргийг хэзээ ч орхигдуулж болохгүй. Эрх зүйн орчин биш юм аа гэхэд татвараар дамжин санхүүжилтийн механизмууд дээр төрийн зүгээс дэмжлэг үзүүлбэл хамаагүй том цар хүрээнд үр дүн гарна. Тэрнээс биш нийгмийн олон асуудлыг иргэний нийгэм, хувийн хэвшил хараад шийдэх гээд ханцуй шамлан орж байхад төр тээр цанаас хараад та нар гоё шүү гээд юу ч хийхгүй, ямар ч дэмжлэг үзүүлэхгүй суугаад байж болохгүй л дээ.   

Г.Лхамсүрэн: Бизнесийн загвар өөрчлөгдөж буй тухай би дээр дурдсан. Өнөөдөр нийгмийн хэрэгцээг онилж, оролцоог нь хангасан бизнес хийдэг загвар бий болсон. Технологигүй бол амьд үлдэхгүй гэж сүүлийн үед ярьдаг боллоо.

Үүнтэй агаар нэг иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжихгүй, нийгмээ сонсохгүй, нийгмийн сайн сайхны төлөө зөв бизнес хийхгүй бол бас зах зээлээс арчигдах аюул бизнест бодитой үүссэн. Энэ эрсдлийг зарим нэг бизнесийн байгууллагууд харж байгаа гэж бодож байна.

Зарим том бизнесменүүд энэ одоо юу яриад байна аа гэж бодож байж магадгүй. Технологийн хөгжил, нийгмийн сүлжээ ба дэд бүтэц, сүүлийн үеийн дэлхийн чиг хандлагыг харахаар нийгмээ төлөө бус шийдэл гаргадаг бизнес, улстөрчид зах зээл дээрээ улам бүр л амьд үлдэх аргагүй болсоор байна.

Энэ өөрчлөлт маш богино хугацаанд хийгдэж үр дүн нь гарах боломжтой. 2040 он гэхэд энэ ярьж буй зүйлсийг хэрэгжүүлж чадаагүй хувийн хэвшлийн байгууллага, бизнесийн том компаниуд оршин тогтнож чадахгүй гэж би харж байгаа.     

Ц.Батсугар: Лхамсүрэн захирлын хэлснээр нийгмийн инноваци ингэж нийгмийн нэг салшгүй соёл болж бүрдэж чадвал энэ өөрчлөлтөд мэдрэмжтэй хандсан чадсан бизнес, улстөрч л нийгмийн дэмжлэгийг авч чаддаг болох юм.

Яг одоо бид хараахан энэ соёл руу орж чадаагүй байгаа. Гэхдээ яваандаа хүссэн хүсээгүй бид ийм хэлбэр рүү явна. Үүний дараа сая яриад байгаа санхүүжилт зэрэгтэй холбоотой асуудлууд шийдэгдэнэ.

Нөгөө талаас заавал төр оролцох ёстой, эсвэл тэдэн төгрөгийн төсөв байж гэмээнэ энэ инновацийг хийнэ гэдэг үзэл байж болохгүй. Яагаад гэвэл инноваци одоо байгаа нөхцөлдөө асуудлыг шийдэх тухай юм. Гэтэл бид урьдчилаад төр ингэж дэмж, тэр тэдэн төгрөг өг гэх мэтээр одоо байгаа нөхцөлөө өөрчилбөл инноваци хийж чадахгүй. Энэ бол буруу хандлага.

Одоо байгаа нөхцөлөө хүлээн зөвшөөрч, байгаа хязгаарлагдмал нөөцдөө тааруулж юу хийж болох вэ гэдгээ гарган ирж туршиж үзэх замаар амжилтад хүрвэл энэ инноваци болно. Түүнээс биш аав, ээждээ эрхэлж буй хүүхэд шиг инноваци хийнэ гээд өөрсдөдөө урьдчилаад нөхцөл тавьж болохгүй. Инноваци бол хэн нэгнээс ямар нэг тодорхой дэмжлэг авсны дараа хийгддэг ажил биш. 

В.Ганзориг: Нийгмийн инновацийн процессыг хурдлуулах арга байдаг уу?Соёл нь аяндаа өөрөө тогтог гээд олон жил бас хүлээмээргүй байдаг!

Ц.Батсугар: Бид сайхан нийгэм бүтээх гээд, гоё соёл төлөвшүүлэх гээд яараад бачуураад байна.

Энэ нь өөрөө асуудал үүсгээд байгаа юм. Өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад бид нийгмийн институтийн хөгжлөөр хэдэн зуунаар хоцорсон явж байгаа. Тиймээс одоо байгаа өөрсдийнхөө нийгмийн бааз суурин дээр Америк зэрэг өндөр хөгжилтэй орнуудын схемийг авч ирээд амжилттай хэрэгжихгүй.

Цаг хугацааг хурдасгая гэвэл бусдын туулсан замыг бид илүү богино хугацаанд туулахаас өөр аргагүй. Үүний тулд бид одоо гаргаж буй хүчин чармайлтаа нэмэгдүүлэх ёстой. Илүү сайн сурч боловсрох, илүү их хөдөлмөрлөх ёстой.

Нийгэмд ийм ухамсар сууж байж л хөгжлийг хурдлуулна. Тэрнээс биш гадаадын тэр мундаг улсад ийм гоё шийдэл байна, авч ирээд хэрэгжүүлье гээд нийгмийн шинэчлэлийг хурдасгах боломжгүй. Гэхдээ энэ процессийг хурдасгахын тулд хамтын ажиллагааг бид бий болгох ёстой.

Бизнесийн холбоод, хөдөлмөр эрхлэгчдийн эвлэл, ТББ-уудын нэгдэл хамтраад дундын засаглалын бүтэц, зарчим, үнэ цэнээ бий болгох хэрэгтэй байна. Гэхдээ манайд иймэрхүү тогтолцоо ерөөсөө ажилладаггүй.     

В.Ганзориг: Яагаад ажилладаггүй гэж?

Ц.Батсугар: Яагаад гэвэл манайд нийгмийн суурь бүтэц нь байхгүй.

Тухайлбал, Үйлдвэрчний эвлэл хөдөлмөр эрхлэлтийн орчин нөхцөлийг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэх стандартыг сайжруулж чадаж байна уу, Бизнесийн зөвлөл эсвэл Худалдаа аж үйлдвэрийн танхим компаниудын нийгмийн хариуцлагын стандартыг хөгжүүлж чадаж байна уу, Уул уурхайн ассоциаци салбартаа хуулиас илүү стандарт, практикийг жишиг болгон тогтоон хэрэгжүүлж хянаад, засаглалыг нь сайжруулаад явж байна уу гээд ярихаар чадахгүй байгаа. Ийм тогтолцоо байхгүй байна.

Байгаа нь нэр төдий л систем яваад байгаа харагдаад байдаг. Яваандаа өөрчлөгдөх байх. Дотор нь ахиц бас байгаа байх. Би зарим юмыг нь сайн мэдэхгүй байна. Ийм тогтолцоо ажиллахгүй байгаа нөхцөлд байгууллагууд өөрсдөө манлайллаа авч явахаас аргагүй болдог.

Гэхдээ жишээлбэл, манай байгууллага болох IRIM-д бүх талын туршлага, ур чадвар байхгүй. Тиймээс технологи талаасаа ICT групптэй хамтран ажиллах гэх мэтээр өөрсдөө хоорондоо хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээс өөр аргагүй.

Манай байгууллагын зорилго нь нийгмийн асуудлууд дээр судалгаанд суурилсан шийдлийг санал болгон, хэрэгтэй хүмүүст нь тэр мэдээллийг өгөх юм. Өнгөрсөн 11 жилийн хугацаанд тодорхой хэмжээнд урам хугарсан зүйлс бий. Тэр нь хүч хөдөлмөр зарж хийсэн судалгаа бусдын ширээн дээр цаас болоод үлддэг. Хэн ч ашигладаггүй. Нэг газар очоод уулзахаар миний шүүгээгээр дүүрэн судалгаа байна гэж ярьдаг.

Тэгээд бид судалгааны үр дүнгээ бодит ажил хэрэг болгохын тулд өөрсдөө ажиллах ёстой юм байна гэж одоо ойлгож эхэлж байна. Энэ ажлыг бид дангаараа хийж чадахгүй. Үүний тулд бусадтай хамтын ажиллагаа хэрэгтэй. Үүнээс үүдээд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн түншлэл, үүрэг хариуцлага, хоорондын мэдээлэл солилцооны дэд бүтэц үүсэх ёстой. Ядаж сардаа нэг удаа уулзаад асуудлуудаа тойрч суугаад ярьдаг ч гэдэг юм уу. Талууд хоорондоо заавал хамтын ажиллагааны гэрээ эсвэл санамж бичиг үзэглэх шаардлагагүй. 

Г.Лхамсүрэн: Би санамж бичиг үйлдье гэж хэлээгүй шүү! (Инээлдэв)

Ц.Батсугар: Дээр дурдсан “Innovation for change”гээд олон улсын иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээ бий. Энд орон орны иргэний нийгмийнхэн хамтраад хэрхэн нийгмийн инновацийг амжилттай хийх тухай ярилцан ажилладаг.

Мөн эдгээр байгууллагууд хоорондоо шууд хамтран ажиллах төслүүдийг эхлүүлэн сүүлийн таван жилийн турш энэ чиглэлд нэлээд эрчимтэй ажиллаж байна. Тэндээс олж авсан мэдлэг, мэдээллээ Монголдоо түгээх тухай асуудал бий. Энэ мэтээр байгууллагууд улам олон болж байж нийгмийн инноваци амжилттай хийгдэх болов уу. 
 

Г.Лхамсүрэн: Цаг хугацааг хурдлуулах гэдэг дээр Батсугар захиралтай санал нийлж байна. Манай нийгмийн хэв шинж үүний эсрэг байгаа. Сая нэг судалгаа хийж үзэхэд бид жилд ойролцоогоор 90-120 хоног л идэвхтэй ажилладаг юм байна.

Идэвхтэй ажиллана гэдэг нь хамтын ажиллагааны нөхцөл бололцоо бүрдсэн гэдгийг хэлж байгаа юм шүү. Япон, Солонгос, Сингапур улсуудын байгууллага, иргэдийн хоорондоо хамтран ажиллах чадамж асар өндөр байдаг. Ажлын цаг, ажлын болон нийгмийн бүтээмж гээд тооцоохоор дор хаяж одоо байгаа бүтээмжээ 1,5 дахин нэмж байж нийгмийн хөгжлийн хурдасгуурыг хөдөлгөдөг.

Тэгэхээр шууд л гялс хөгжинө гэдэг ойлголт байхгүй. Үзэх ёстой юмаа үзэж туулж байж л хөгжиж суралцана. Шумбаж сурахын тулд 10 удаа хавцлаас үсрэх ёстой юм бол гялс 10 удаа үсэрчихмээр байгаа юм.

Гэхдээ сайхан юм шинэ үе, шинэ залуу гарч ирээд үе солигдож байна. Энэ хэрээр нийгмийн сэтгэлгээ бага багаар өөрчлөгдөж байна. Энэ шинэ үеийнхэндээ маш их найдаж байгаа.

Одоо найр наадам гээд 7, 8 сар бүтэн байхгүй, ажил хийж байгаа хүнгүй байна. Аягүй бол 9 сараас хичээл сургууль гэж бужигнаж явсаар байгаад жинхэнэ ажил нь 12 сараас эхэлнэ гэдэг ч юм уу засах, өөрчлөх ёстой хандлага, онцгүй соёл бидэнд зөндөө байна. Ингэж байж бид чадамж, бүтээмжээ нэмэгдүүлж чадна. Өнгөрсөн долоо хоногт манай ажил дээр дотоод ярилцлага болсон юм.

Тэр үед нийгмийг өөрчлөх том төсөл хэрэгжүүлэх үед зайлшгүй нэг золиос хэрэгтэй болдог. Том систем их мөнгөөр биш чин сэтгэлээр бүтдэг юм шүү гэж ярилцаж байлаа. Одоо энд ярьж байгаа нийгмийн инноваци ч мөн адил их мөнгөөр биш чин сэтгэлээр л амжилттай хийгдэнэ.  

Ш.Саранхөхөө: Санал нэг байна. Гэхдээ ойлголтын зөрүүтэй хүмүүс хэзээ ч хамтарч ажиллаж чаддаггүй. Тэгэхээр салбар дотроо, салбар хооронд, үе хооронд ойлголтын зөрүүгээ хэрхэн багасгах вэ гэдэг нь чухал асуудал болсон.

Үе солигдож байна, өмнөх үеийнхэн маань шинэ цаг үетэй тэр болгон хөл нийлүүлж алхаж чадахгүй байна гэж ярьж байгаа ч нөгөө талдаа өмнөх үеийнхэн дараа үедээ мэдлэг, туршлагаа хэрхэн өвлүүлж дамжуулах вэ, үе үеийнхэн нийлээд нийгмийн хандлагаа өөрчилж, нэгдсэн үзэл санаа, хамтын үнэ цэнээ хэрхэн бий болгох вэ гэдэг нь манай нийгмийн хамгийн том асуудал болсон.

Дан ганц ур чадвар, шинэ мэдлэг, хурд хүчээр залуу үеийнхэн одоо байгаа нийгмээ өөрчлөх боломжгүй. Сэтгэл гээд дээр ярьсан шиг ийм хандлагыг бий болгон өөрсдөдөө төлөвшүүлэх нэлээд том ажил бидний өмнө байна.   

В.Ганзориг: Нийгмийн инноваци амжилттай хийгдэхэд дургүй хүмүүс байх уу? Авлигыг байхгүй болгоод, хүнд суртлыг багасгахаар ажил хийхгүй мөнгө олж амьдраад байдаг хүмүүс уснаас гаргаж шидүүлсэн загас болох мэт мэдрэмж та бүхэнд төрж байна уу?

Ш.Саранхөхөө: Төрж байна. Ер нь бол төрсөөр ч ирсэн. 

Ц.Батсугар: Ашиг сонирхлын зөрчлөөс болоод шинэ зүйлийг гацаадаг ийм нөхцөл байдал хаа сайгүй байгаа. Гэхдээ энэ нь өөрөө эргээд инновацийн суурь шалтгаан болдог. Авлига, ашиг сонирхлын зөрчлийг инновациар шийдэх боломжтой.

Бразил улсад хиймэл оюун ухаан ашиглан олон нийтэд нээлттэй санхүүгийн гүйлгээн дээр шинжилгээ хийгээд авлига, ашиг сонирхлыг зөрчил байж магадгүй кэйсүүдийг шүүгээд гаргаж ирсэн.

Тэнд ийм дэд бүтцийг ашиглан амжилттай ашиглаж байна. Тендер, худалдан авалт, лиценз олголтын процесст блокчэйн ашигласнаар төрийн хулгайчууд, дундын зуучлагчид шахагдаж эхэлнэ.

Гэтэл яагаад манай энэ соёл одоо хүртэл төлөвшиж чадахгүй, хамтын институциуд ажиллахгүй байна вэ гэвэл бидний сонгосон ардчиллын загвараар хувь хүн бүр, иргэн болгон эрхтэйгээс гадна үүрэгтэй гэдгээ умартсан. Бид бусдынхаа өмнө хүлээсэн үүрэгтэй хүмүүс.

Одоо манай нийгмийн асуудал бол эрх, үүргээ бусдад шилжүүлчихсэн. Бидний өмнөөс нэг хүчтэй хүн гарч ирээд бүх асуудлыг шийднэ гэдэг хүлээлттэй болсон. Эсвэл эрхээ би эдэлнэ, гэхдээ үүргээ хүлээмээргүй байна гэдэг. Монголын хамтын институтиуд ийм л байдалтай байгаа. 

Хамтын институти амжилттай хамтран ажиллахын тулд гишүүн бүр үүрэг хүлээх ёстой болдог. Гишүүд нь эрхээ эдэлчихээд үүргээ хүлээхгүй зугтаад байхаар хэсэг бүлэг хүмүүс тэрхүү эрх дээрээ тулгуурлаад зөвхөн өөрсдийн ашиг сонирхолд нийцсэн үйл ажиллагаа явуулаад эхэлдэг.

Иймээс нийгмийн оролцоо, нийгмийн гишүүдийн хариуцлага маш чухал байдаг. Инновацид тулгуурласан нийгэм байхын тулд иргэд өөрсдийн өмнө хүлээсэн үүрэгтэй байх ёстой. Үүнийгээ та бид ойлгох ёстой. Нийгмийн хэв шинжийн талаар Лхамсүрэн захирал дурдсан. Тэр бол яг үнэн.

Бид ажил хийж чадахаа байсан. Бүгд тийм биш ч гэсэн ажлаа хаяж явдаг, хариуцлагаас зугтдаг гэх мэт. Тэгсэн атлаа олсноосоо, бүтээснээсээ илүү ихийг хэрэглэх гээд байдаг хандлагатай болсон. Ядаж хэрэглэж байгаатайгаа адил хэмжээний бүтээмж, нэмүү үнэ цэнийг өөрсдөө бүтээдэг болсны дараа нийгмийн хэв шинж зөв тал руугаа эргэх болов уу. 

Г.Лхамсүрэн: Зөв хүн, иргэний төлөө нийгэм гэх зэрэг үсгийг бид ярьсаар байгаад хэт онолын үг болгоод хаячихжээ. Намайг бага байхад эдгээр үсгийг өдөр тутам хэрэглэхгүй ч ийм хүн болохын төлөө хичээдэг бүтэц байсан.

Одоо бол хууль дээр байдаг зүгээр нэг үг болсон. Бид хэдий энд систем, бүтцийн асуудал ярьж байгаа ч энэ бүхний амин сүнс бол иргэдийн оролцоо. Бид иргэн байх эрхээ эдлэх гээд байдаг атлаа үүргээ хэзээ ч ухамсарладаггүй.

Хүүхдэдээ хүртэл биед амар ажил олж хийгээрэй гэж захидаг. Сайхан нийгэм хүсэж мөрөөддөг атлаа түүнийхээ эсрэг үйлдлийг бид хийдэг.

Сэтгэж бодож, ярьж хэлснийхээ бараг 90%-ийг эсрэгээр нь хийдэг хэв шинжтэй нийгэм болчихжээ та бид. Үүнийг гадныхан монголчуудаас илүү зоригтой, шууд ярьж, бидний алдаа дутагдлыг хэлдэг. Харин бид нөгөө л “Монгол” үзлээрээ хүлээн авдаггүй.      

В.Ганзориг: Нэвтрүүлгээ товч дүгнэе. Нийгмийн инноваци гээд чухал боловч хүнд сэдвийг энэ удаагийн дугаараар хөндлөө. Шинжлэх ухаан, технологи, дэвшил, өөрчлөлт гэдэг үгс инноваци гэдэг үгтэй утга хоршдог юм байна. Нийгмийн инновацийн гол үр дүн хүний төлөө чиглэгддэг ажээ. Энэ загварыг өөртөө шингээж чадаагүй компаниуд хэдхэн жилийн дараа зах зээлээс арчигдах нь ээ. Тийм учраас хамтын үнэ цэнэ гэдэг ойлголт хүчтэй яригдаад, бүр хэрэгжээд эхэлсэн байна. Нийгмийн инноваци нь нийгэмд үүсээд байгаа баялгийн шударга бус, боломжийн тэгш бус байдлыг арилгах хамгийн том шийдэл юм байна. Үүний тулд залуус бид өөрсдөө нийгэмдээ идэвхтэй байж, эрх биш үүргээ нэн тэргүүнд ухамсарлах ёстой юм байна шүү!

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна