БӨХИЙН ТААМАГ: Архангай, Булган, Төв, Увс, Сэлэнгийн бөх онцгойрч, шинэ аварга төрөх магадлалтай

Х.Батсайхан
8 цаг 55 минутын өмнө

Сүүлийн үед дата аналистын мэргэжил трэнд болж байгаа билээ. Сэтгүүл зүйд ч дата сэтгүүлзүй гэх төрөл хүчээ авч байна. Болж өнгөрсөн үйл явдлын үр дүнд задлан шинжилгээ хийж, баримт материал, тодорхой зүй тогтлыг олж илрүүлэн ирээдүйн үр дүнг таамаглах нь үүний нэг хэсэг бөгөөд улсын наадмын түрүү бөхийн таамгийг энэ аргаар хийх гэж оролдсоноо хүргэж байна.  

Түүхийн шарласан хуудсыг сөхөж үзвэл, улсын баяр наадмуудыг билгийн тооллоор тооцож, ижил жилийг ялгахад түрүү бөх тодордог маш сонирхолтой зүй тогтол байдгийг харж болно. Тухайлбал, морь жилд дандаа өөр, өөр аймгийн бөх наадмын түрүү авдаг, туулай жилийн наадамд Архангай, Увс, Хэнтийн бөхчүүд өнгөлдөг байх жишээтэй.

 Миний бие 2014 оны наадмын өмнө бөхийн таамаг бичих даалгавар авч, гүйцэтгэх үедээ энэ зүй тогтлыг ажигласан бөгөөд бичсэн таамаг маань сүрхий таарч / https://gogo.mn/r/yx9qg / гайхашруулснаас хойш наадмын бөхийн таамаг бичих үүрэг ногдсон үед хааяа ашигладаг болсон билээ.

Энэ жил билгийн тооллоор могой жил таарч буй тул урьд өмнөх могой жилийн баяр наадмууд, түрүү бөхчүүдийн тухайн үеийн цол, сүүлд гаргасан амжилт зэргийг харгалзан таамаг бичлээ.  

Улсын баяр наадам ба билгийн тоолол

Юуны өмнө, ер нь монголчууд эхэндээ баяр наадмаа билгийн тооллоор, өдрийн сайныг шилж сонгон тэмдэглэдэг байсныг сонин болгон дурдъя. Ардын хувьсгалын анхны наадам 1921 оны долдугаар сарын 11 тохиосон учраас л бид жил бүр энэ сарын энэ өдөр нааддаг болсноос бус, тухайн үедээ тэрхүү өдөр нь тахиа жилийн зуны дунд сарын шинийн 6-ны билэгт сайн өдөр байсан учраас л наадам товлосон хэрэг юм. 

Түүнээс хойш 1930 он хүртэл билгийн тооллоор явсан бөгөөд 1923 оны цэргийн наадмыг долоодугаар сарын 23-нд, 1926 оны наадмыг долоодугаар сарын 26-нд 1927 оны наадмыг долдугаар сарын 18-нд, 1929 оны наадмыг наймдугаар сарын 5-нд, 1930 оны наадмыг наймдугаар сарын 4-нд тус тус хийж байсныг энд жишээлж болно.

Ардын хувьсгал ялж мандсанаас хойш могой жилийн наадам наймантаа /1929, 1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013 / тохиосон бөгөөд энэ удаагийнх ес дэх нь юм.

Архангайнхан сайн барилдах учиг хийгээд арслан төрөх магадлал

1929 он. Могой жилд тохиосон анхны наадамд  Архангай аймгийн Өлзийт сумын харъяат, улсын заан Баясахын Банзар улсын заан цолтойдоо түрүүлэн Монгол Улсын арслан цол хүртэж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат улсын заан Санжмятавын Шагж үзүүрлэжээ. Түрүүлсэн Б.Банзар нь улсын наадамд нэг удаа 10 даван түрүүлж, нэг удаа ес давж үзүүрлэсэн, үзүүрлэсэн С.Шагж нь улсын наадамд нэг удаа 10 даван түрүүлж, хоёр удаа ес давж үзүүрлэсэн аваргын энтэй арслангууд байсан бөгөөд хойтон /1930/ жилийнх нь наадамд үзүүр түрүүнд дахин таарч, С.Шагж нь давж байсан бахархам түүхийн эзэд юм. 

Энэ нь могой жилийн наадмаар арслан цолтон төрж, цаашдаа цолондоо дүүрэн сайн барилддагийг харуулах бөгөөд Архангай аймгаар нь тусгайлбал, чансаанд дээгүүр яваа улсын заан С.Сүхбат, харцага О.Мөнх-Эрдэнэ, Б.Зоригтбаатар нарт цолоо ахиулж дээгүүр үзэх, түрүүлэх боломж байгаа гэдгийг харуулна.   

2024 оны наадамд цэнгэлдэхийн хиймэл зүлэгний балгаар халтич өвдөг шороодсон, наадмын дараа болсон даншигт түрүүлж арслан болсон С.Сүхбат зааны боломж нөгөө хоёрынхоосоо арай илүү болов уу.

Ер нь дата харахгүй одоогийн нөхцөл байдлаар гэвэл нэр цохох хэцүү. Ховдын их гурвалын хоёр нь буюу улсын аварга О.Хангай, улсын заан Б.Бат-Өлзий, өнгөрсөн оны сүүлээс эрс сайжирсан Баянхонгорын Э.Батмагнай начин зэрэг хэдхэн нэр яригдана.

 Харин түрүүлдэг уламжлалтай аймгуудаас гэвэл 10-аад бөх нэр оцох боломж гарч байна. Булганы улсын начин Д.Амарсайхан, Б.Түмэндэмбэрэл, Б.Түвшинтөгс, аймгийн арслан М.Эрхэмбаяр, Төв аймгийн улсын заан Д.Хүдэрбулга, Хэнтийгээс улсын арслан Э.Оюунболд, улсын харцага Г.Бадрах, аймгийн арслан Д.Алтанцоож нарыг бичиж болж байна.

Дархан аварга Б.Түвдэндорж, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат нар аварга цолоо могой жилийн наадмаар хүртсэн

1929 оноос хойших наадмуудад харин шинээр аварга цолтон мэндэлдэг, тэрхүү хүчтэн хожим дархан аварга болдог, түүнчлэн цагийг эзэлсэн дархан аваргууд тав, зургаа дахь түрүүгээ хүртдэг байдал ажиглагдана.  

Тодруулбал, 1941 онд Булган аймгийн Хангал сумын харъяат Монгол Улсын дархан аварга Б.Түвдэндорж арслан цолтойдоо хоёр дахь удаагаа түрүүлж, 1965 онд Төв аймгийн Эрдэнэсант сумын харъяат Монгол Улсын дархан аварга Жигжидийн Мөнхбат арслан цолтойдоо гурав дахь удаагаа түрүүлж, 1989 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат Монгол Улсын дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ арслан цолтойдоо хоёр дахь удаагаа түрүүлж, 2001 онд Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат Монгол Улсын дархан аварга Агваансамдангийн Сүхбат арслан цолтойдоо хоёр дахь удаагаа түрүүлж, 2013 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат Монгол Улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр улсын арслан цолтойдоо анх удаа түрүүлж тус, тус “Монгол Улсын аварга” хэмээх эрхэм хүндтэй цолын эзэн болсон байх юм.

Харин 1953 оны могой жил Дархан аварга Б.Түвдэндорж зургаа дахь удаагаа, 1977 оны могой жил Увс аймгийн Хяргас сумын харъяат, Монгол Улсын дархан аварга Х.Баянмөнх тав дахь удаа улсын баяр наадамдаа түрүүлж байж.  

Эндээс харвал, дээр дурдсан шинээр аварга цолтон мэндэлдэг, тэрхүү хүчтэн хожим дархан аварга болдог, түүнчлэн цагийг эзэлсэн дархан аваргууд тав, зургаа дахь түрүүгээ хүртдэг байдал бүрэн батлагдаж байгаа нь харагдана. Харин одоо энэхүү түүхэн тоо баримтыг одоо цагт хувиргавал ямар дүр зураг гарч ирэхийг харъя.

Аварга болох магадлал Б.Орхонбаяр Ц.Бямба-Отгон нарт илүү байна

Энэ жилийн наадамд Архангай аймгийн Булган сумын харъяат Д.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй найман арслан зодоглож буй. Тэдгээрээс Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харъяат улсын арслан Б.Орхонбаяр, Өвархангай аймгийн Төргөг сумын харъяат улсын арслан Ц.Бямба-Отгон нарын боломж бусдаасаа илүү харагдана.

Дархан аварга Н.Батсуурь тав дахиа түрүүлэх боломжтой

Түүхэн баримтаар бол могой жилд цагийг эзэлсэн дархан аваргууд түрүүлэх магадлал 25 хувьтай байдаг. Тэгэхээр, бага хаадын үе гэдэг шиг, нэг түрүүлсэн аварга, арслангуудын эрин үед дөрөв түрүүлж чадсан дархан аварга, Увс аймгийн Ховд сумын харъяат Намсрайжавын Батсуурьт тав дахиа түрүүлэх боломж бий. Магадгүй, өнгөрсөн жилийн наадмын түрүү үзүүр давтагдах ч боломжтой. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.