УИХ-д Д.Сумъяабазарыг орлох гишүүнийг аравдугаар сард сонгох нь

2021/03/16

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг УИХ-д орлох гишүүнийг ирэх аравдугаар сарын 10-нд сонгох нь. Уг нь Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт ирэх зургаадугаар сарын 9-нд товлоод байсан юм. Харин саналын хуудас хэвлэх, сурталчилгааны хугацаа өөр зэргээс шалтгаалан хоёр сонгуулийг хамт явуулахад хүндрэлтэй болжээ. Улмаар Сонгуулийн ерөнхий хорооноос нөхөн сонгуулийн товыг өөрчлөх саналыг УИХ-д хүргүүлсэн юм. Уг саналыг өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 10-нд товлох төсөл боловсруулсан байна.

Уг нь өнгөрсөн арванхоёрдугаар сард нөхөн сонгуулийн товыг хэлэлцэх үеэр СЕХ-ноос хоёр сонгуулийг хамт явуулах нь эрсдэлтэй хийгээд хүндрэлтэй гэдгийг тайлбарлаж байсан юм. Харин УИХ-ын гишүүдийн зүгээс өмнө нь УИХ, ИТХ-ын сонгуулийг хамт явуулсан туршлага бий учраас төсвийн зардлыг бодолцож хамт явуулах нь зүйтэй гэж үзсэн. Нөхөн сонгуулийг дангаар нь явуулбал нэг тэрбум гаруй төгрөг, харин Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулбал 100 орчим сая төгрөгийн зардал гарах тооцоо гарсан байдаг. Тиймээс тухайн үед хоёр сонгуулийг хамт явуулах санал олонх гишүүний дэмжлэг авч байв. Харин одоо Байнгын хорооны дэмжсэнээр нөхөн сонгуулийн товыг ирэх аравдугаар сард болгох эсэхийг УИХ-ын чуулганы хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.

28 дугаар тойрог ба 27 нэр дэвшигч

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрог нь гурван мандаттай ба ээлжит сонгуулиар нийт 11 нам, эвслийн 24,  гурван бие даагч нэр дэвшин өрсөлдөж байв. Улмаар МАН-аас нэр дэвшсэн Н.Учрал, Д.Сумъяабазар, П.Анужин нар хамгийн олон саналаар ялалт байгуулж, “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшсэн Э.Батшугар дөрөвдүгээрт жагссан юм. Түүний араас бие даан нэр дэвшсэн С.Мөнхчулуун, “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшсэн М.Тулга нар удаалсан байдаг. Харин АН-ын нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан Г.Очирбат зургаад орсон бол түүний дараа “Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл”-ээс нэр дэвшсэн Х.Бат-Ялалт удаалж байсан юм.


Харин УИХ-ын гишүүн асан Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээс татгалзаж, нийслэлийн Засаг даргаар томилогдсон. Тиймээс түүнийг орлох гишүүнийг сонгох нөхөн сонгуулийг ийнхүү товлоод буй нь энэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна