“Чалько”-той хийсэн гэрээний сургамж буюу "Чайна Энержи" дээр давтаж болохгүй АЛДААНУУД

Х.Батсайхан
2024/11/27

Төсвийн гол орлогыг бүрдүүлдэг нүүрсний экспорт дээр ойрын жилүүдэд бидний хамтрагч болох нь тодорхой байгаа “Чайна энержи” ТӨК гэрээ байгуулах ажлын хэсгийн ахлагч Ц.Туваанд захидал ирүүлж, түүндээ

-16-20 жил үргэлжлэх гэрээ байгуулж, 2025-2029 онд 27 сая тонн2030 оноос 20 сая тонноос багагүй нүүрс тогтмол авах,

-Нүүрсийг монголын биржийн үнээр бус, "Чалкогийн урт хугацааны гэрээний үнэ"-ийн үнэ тогтоох механизмыг тогтоож байх,

-Нүүрс гаргалтыг нэмэгдүүлэх зорилгоор "Чайна Энержи" нөөц нь их хоёр шинэ уурхайн талбайд олборлолт хийх,

-Зөвхөн сайн чанарын коксжих нүүрс авах шаардлага тавьсан билээ.

Хэрвээ шаардлагыг хүлээж авахгүй бол Ганцмод хүртэл тавьсан төмөр замыг барихад гаргасан хөрөнгө, түүний алдагдсан боломж болох хоёр тэрбум гаруй юанийг нэхэмжлэхээ мэдэгдсэн.

Эхний болон гурав, дөрөв дэхь санал бол харилцан тохиролцож болох, түншүүдээс гардаг л санал.

Харин хоёр дахь буюу “Чалько”-той байгуулсан урт хугацааны гэрээний үнэ гэдгийг сайтар бодолцож үзэх ёстой. Хил дамнасан төмөр зам ашигтай, Монгол Улсад өгөөжтэй байж чадах эсэх нь энэхүү урт хугацааны гэрээний үнийг хэрхэн тохирохоос шалтгаална.

Яагаад гэвэл, саналд дурдагдаад байгаа “Чалько”-той байгуулсан гэрээ гээд байгаа нь манай улсад маш хохиролтой туссан юм. Чухам ямар алдаанаас болоод Монгол Улс хохирсон, яагаад давтаж болохгүй үр дагавар гарсан талаар бичье. Урьдач нөхцлөөс эхэлье.

 

  • Популист амлалт


2008 оны сонгуулийн үеэр Ардчилсан нам иргэн бүртээ нэг сая төгрөг өгнө гэж амлахад “Эдийн засаг сүйрнэ, даахгүй” гэж байсан МАХН (одоогийн МАН)-ын дарга С.Баяр маргааш нь л “Манай нам 1.5 саяыг өгнө, бүрэн боломжтой” хэмээж байсныг монголчууд санаж байгаа бизээ. Тавантолгойг хэн ашиглахыг шийдэх эрх мэдэл Монголын улс төрийн голлох хоёр намыг ийнхүү амлалтаар, тодруулбал популизмаар өрсөлдөхөд хүргэж, монголчуудын өнөөгийн зовлон зүдгүүр, ядуурал, ангаахайн сэтгэлгээ, ярихаас өөр шидгүй популист улстөрчид олноороо мэндлэх эхийг тавьсан юм.

  • Ард түмний нэр барьж гудамжнаас улс төрд хөл тавигсад

2010 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр түүхэнд үлдэх томоохон жагсаалтыг Амлалт нэхэх ард түмний холбоо, Миний монголын газар шороо, Үндэсний соёмбо хөдөлгөөн зэрэг ТББ-ууд хамтран зохион байгуулж, 2008 оны сонгуулийн үеэр амласан 1.5 сая төгрөгийн амлалтаа биелүүлэхийг эрх баригчдаас шаардсан байдаг.

Ингэснээрээ эрх баригчдад нөлөөлсөн ч Сү.Батболдын Засгийн газар БНХАУ-ын Төрийн өмчит “Чайналко”-гийн охин компаниудын нэг “Чалько”-той маш ашиггүй нөхцлөөр гэрээ хийж, 350 сая ам.доллар зээлэхэд хүрсэн байдаг. Улмаар иргэдэд эх орны хишиг хэмээн 21,000 төгрөг болгож тараасан. Энэ мөнгө үндсэндээ архи, тамхи, идэш уушинд явсан. Хамгийн хорлонтой нь, бэлэнчлэх сэтгэлгээг өөхшүүлсэн юм.

Энэ тэмцлээс Д.Батцогт, Г.Уянга тэргүүтэй УИХ-ын гишүүд ч төрөн гарсан. Амьдралдаа хожсон. Ер нь өнгөрсөн хугацаанд бид төлөөлөл илүү хожсон жагсаалыг л олон хийж ирсэн байх бөгөөд иргэдийн хүчээр өөд гарсан ч  тогтолцооны нэг хэсэг болчихсон хуурамч тэмцэгчдийг олноор нь төрүүлсэн байна.

Жагсагчид зорилгоосоо гадна хүрэх үр дүнгээ мэддэггүй юм аа гэхэд ядаж төсөөлдөг байх шаардлагатай. Ард түмэн манлайлагч тэмцэгчдийг дагаж намирахаасаа өмнө бодох ёстой гэсэн үг. 

“Чалько”-той хийсэн гэрээ

Шахаанд орсон Сү.Батболдын Засгийн газар “Чалько”-гоос эхлээд 250 сая ам.доллар зээлсэн.

Удалгүй 30 болон 70 сая ам.долларын зээлийг дахиж авчээ. Гэхдээ эдгээр төлбөрийн хүү харилцан адилгүй байв.

  • 250-3 хувь
  • 30-5.2 хувь
  • 70-7.2 хувь

Энэхүү 350 сая ам.долларыг ЭТТ компанийн нэр дээр зээлээр авсан ч төр өмнөөс нь ашиглан, 2012 оны сонгуулийн өмнөхөн хүн бүрт 21 000 төгрөгийг хавтгайруулан тараасан бөгөөд эндээс эрх баригчид л улс төрийн ашиг хонжоо гаргаснаас бус иргэдийн амьдралд юу ч наалдаагүй.

Хамгийн гол нь, гэрээний нөхцөл бөгөөд одоо “Чайна энержи” эхний саналдаа тусгаад буй “"Урт хугацааны гэрээний үнэ" гэдэг нөхцлөөр 70 ам.доллараар хийсэн байдаг. Ингээд явсан бол яах гэх сэн. Гэтэл гэрээнд олон нийтэд ил болгоогүй нууц заалтууд байсан нь ил гарсан. Тодруулбал, “БНХАУ-ын зах зээл дээр нүүрсний ханш 70 ам.доллараас өсвөл үнэ өсөхгүй, харин буурвал дагаж буурна” гэсэн заалт оруулсан байсан бөгөөд Австралид үер болж, нүүрсний үнэ 300, 400 ам.долларт хүрээгүй бол бид энэ талаар хэзээ ч мэдэхгүй байсан юм. Олон улсад нүүрсний үнэ хаданд гарчихаад байдаг, Чалькогийн өр барагддаггүй. Яав, ийв гэж байж энэ заалт ил болсон байдаг. Удалгүй нүүрсний үнэ унаж, 30 ам.доллар хүртлээ уруудахад олборлолтынхоо өртгийг ч нөхөж чадахгүй байсан мөртлөө манайх нүүрсээ нийлүүлсээр, алдагдалд орсоор байсан юм.

Түүнчлэн, хилийн цаана өөр үнэтэй буюу манай улстөрчдийн авлига шингэсэн гэсэн хардлага ч байдаг. Тодруулбал, үнийн ашиггүй байдлаас шалтгаалан “Чалько”-той байгуулсан гэрээг цуцлах асуудал яригдахад БНХАУ-ын тал гэрээнд “Хэрвээ гэрээг хугацаанаас нь өмнө цуцалбал 50 сая ам.долларыг буцааж өгнө” гэсэн заалт байгааг сануулж байсан бөгөөд үүнийг монголын улстөрчдийн үнийн зөрүүнээс хүртдэг, эсвэл гэрээ байгуулсны шагналд авсан авлига гэж харддаг.

“Чалько”-той байгуулсан гэрээ ингэж нууц явснаас болж Монгол Улс хангалттай хохирсон. Тиймээс одоо “Чайна энержи”-тэй асуудал ярихдаа өмнөх гэрээний үед үүссэн үр дагаврыг сайтар ойлгуулж, хоёр тал ямагт хоёулаа хожих хувилбараар явна шүү гэдгээ ойлгуулах ёстой. Гэрээ ил тод, нууц заалт гэж юм байх ёсгүй. 50 сая ам.долларын хардлага шиг эх орныхоо эрх ашгаас урвах юмыг одоо арай ч хийхгүй байлгүй. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.248
    2024/11/27

    Тэгээд … ТӨСВИЙН ТОДОТГОЛДОО ЧАЛКОГИЙН ТАВЬСАН НӨХЦЛИЙГ ТУСГАХ УУ …?! жилд 27 сая коксжих нүүрс гэхдээ бас биржийн үнээр биш чалкогийн үнээр!!!

    Хариулах