Ураны шар нунтаг борлуулсан орлого Монголын банкаар дамжих уу

Zuv.mn
6 цаг 26 минутын өмнө

Францын “Орано” корпорацитай ураны салбарт байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний бэлтгэл үе шат болох Цөмийн энергийн тухай хууль болон дагалдах хуулиудын нэмэлт өөрчлөлтийг УИХ өчигдөр баталлаа. Ингэснээр Засгийн газар Францын талтай хэлэлцээрт ороход бэлэн болсон бөгөөд нэг сарын дотор буюу энэ ондоо багтаад гэрээгээ байгуулахыг зорьж байгаагаа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан онцолсон юм. Тодруулбал, хууль эрхзүйн орчин бүрдэж, бүрдсэн хууль эрхзүйн орчиндоо тохирсон хамгийн сайн гэрээг байгуулах асуудал үлдээд байна.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үед УИХ-ын гишүүд ч, ажлын хэсгийнхэн ч ураны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үеийн алдааг давтаж болохгүй” гэдэгт 100 хувь санал нэгдэж, яаравчилсан горимоор баталсан. Ингэснээр “Мон Атом” хувь эзэмшлээсээ татгалзаж, АМНАТ-өөр орлуулах боломжтой болж, Оюутолгой шиг ногдол ашгаа олон жил хүлээхгүй, бүтээгдэхүүн гарахад л өгөөж хүртэх боломжоо бүрдүүллээ.

Одоо харин гэрээ байгуулахад яригдах асуудлууд үлдээд байгаагийн нэг нь “Бадрах энержи” ХХК-ийн борлуулалтын орлогоо Монголын банкаар авдаг байх асуудал.

Бид Оюутолгойн ХОГ /Ялангуяа Дубайн гэрээ/ дээр олон алдаа хийсний нэг нь борлуулалтын орлогыг нь Монголын банкуудаар авдаг болгох гээд чадаагүй явдал юм. Сүүлд УИХ-аас шийдвэр гарч, хууль эрхзүйн орчныг нь бүрдүүлтэл ОУВС шахалт үзүүлж, аргагүйн эрхэнд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож байлаа. Хөрөнгө оруулагч Рио Тинто тухайн үед Монголын банкууд хэтэрхий жижигхэн, дампуурвал яана, дурын татварын байцаагч ирээд акт тавиад байвал яах вэ гэсэн шалтгаан хэлээд манайхыг буулгаад авчихсан байдаг.

Тухайн үед Монголбанкинд данс нээгээд түүгээр орлого авах санаачилга гарсан боловч яагаад ч юм ажил хэрэг болоогүй юм.

Тэгвэл энэ асуудлыг “Орано”-той хийх хөрөнгө оруулалтын гэрээнд оруулмаар байна. “Бадрах энержи”-гийн борлуулалтын орлогын хэмжээ нь “Оюутолгой”-той зүйрлэшгүй. Гэхдээ, нэгд Оюутолгой дээр гарсан алдааг засаж байгаа, хоёрт, цаашид байгуулагдах хөрөнгө оруулалтын гэрээнүүдэд жишиг болно гэдэг утгаар асуудалд хандах нь зөв болов уу.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.27
    4 цагийн өмнө

    хаана ямар мөнгө гарч байгааг мэдэхгүй суудаг тэнэгүүд л болж байна даа

    Хариулах