​ МЕГА ТӨСЛҮҮД: Эрчим хүчний "Тусгаар тогтнол"-ыг өрх гэрт авчрах "Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэр үйлдвэрлэх төслүүд"

Х.Батсайхан
2024/11/27

Мэдээллийн Зөв.мн сайт "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал", “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, "Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн зорилттой уялдуулан хэрэгжүүлж буй 14 мега төслийг цувралаар танилцуулж байгаа билээ.

Энэ удаад бид Монголыг Зүүн хойд Азийн эрчим хүчний зах зээл, нүүрстөрөгчийн  биржийн том тоглогч болгох ирээдүйтэй сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийн үйлдвэрлэлийг дэмжих төслийг онцолж байна.

                         Эрчим хүчний салбарын задлаагүй үүц-Сэргээгдэх эрчим хүчний нөөц

Аливаа асуудлыг шийдэх арга зам нь цаг үетэйгээ зохицсон, олон улсын чиг хандлагын дагуу, эдийн засгийн өсөлт үзүүлэх боломж өндөр байх нь наанадаж л эсэргүүцэлтэй тулахгүй байх, цаашлаад дэмжлэг авах ч боломжийг олгодог билээ. Түүнчлэн, нөөц боломж их байх тусам гарах үр дүн нь сайн байдаг. Яг энэ үзүүлэлтүүдээр 14 мега төсөл дотроо гарцаагүй нэгдүгээрт бичигдэх, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийн үйлдвэрлэлийг дэмжих төслийг танилцуулж байна.

Эрчим хүчний тархмал эх үүсвэр гэдэг нь нар, салхинаас эрчим хүч гаргаж авах бага оврын цахилгаан станцуудыг хэлж байна гэж ойлгож болно.

Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Одоогоор 2600 гигаваттын нөөц тогтоогджээ. Чернобылийн атомын цахилгаан станцаар жишвэл /Дөрвөн реактор нь тус бүр нэг гигаваттын хүчин чадалтай/ 650 Чернобылийн цахилгаан станцтай тэнцэх хэмжээний эрчим хүчийг зөвхөн сэргээгдэх эх үүсвэрээс үйлдвэрлэх боломж бидэнд бий. Тиймээс төр засаг нэгэнт судлаад тогтоочихсон энэ нөөцөө ашиглая гэсэн зорилт тавьж байгаа нь зөв юм. Монгол орны өргөн уудам нутаг дэвсгэрээс болоод эрчим хүчний эх үүсвэр, хэрэглэгчийн зай хэтэрхий хол байдаг, үүнээс болж хүчдэл унах зэрэг хүндрэл гардаг ч тархмал эх үүсвэрийг хэрэгжүүлэх шалтгаан юм /Алтай Улиастай эрчим хүчний системд эх үүсвэрээс 320-330 км-т эрчим хүч хүргэж байгаа тохиолдол байгаа/.


Нийт 1.377 тэрбум төгрөгийн өртгөөр хэрэгжих /60 тэрбум төгрөг нь улсын төсвөөс санхүүжнэ/ энэхүү мега төсөл нь харьцангуй төвөг багатай, дэмжлэг ихтэй урагшилж, эрчим хүчний тусгаар тогтнолыг наанадаж улс орон, өрх гэрийн хэмжээнд олж авах, цаашлаад олон улсын ногоон эрчим хүчний зах зээлийн том тоглогч болох боломжийг олгох юм.

Яг одоо хууль эрхзүйн орчин бүрдүүлэлэх, тархмал эх үүсвэр шаардлагатай газруудыг тодорхойлох судалгаа явагдаж байна. Хууль эрхзүйн шинэтгэл хийгдсэний дараа хөрөнгө оруулалт орж ирнэ. Шаардлагатай газруудын тухайд, Говь-Алтай, Баянхонгор зэрэг аймгийн алслагдсан 60 суманд хэрэгжвүүлэхээр төлөвлөж байна. Тархмал эх үүсвэр нь бусад эх үүсвэр шиг их цаг хугацаа шаарддаггүй тул үе, шаттайгаар маш хурдан зорилгодоо хүрэх боломжтой юм.

                                                         Дэлхийн чиг хандлагын дагуу хөгжих боломж

Дэлхий нийт сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж, малтмал түлшээр ажилладаг цахилгаан станцуудыг санхүүжүүлэхээ больсон нь нүүрсний асар их нөөцтэй манай улсад хохиролтой туссан билээ. Гэвч энэ нөхцөл байдал бидэнд маш том давуу талыг олгож байгаа нь Зүүн хойд Азийн эрчим хүчний зах зээлд ногоон эрчим хүч нийлүүлэх боломж юм.

Эрчим хүчний хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг БНХАУ, дөрөвт бичигддэг ОХУ, тавдугаарт бичигддэг Япон, есдүгээрт бичигддэг БНСУ энэ бүсэд байрлаж, дэлхийн нийт эрчим хүчний 30 хувийг хэрэглэн, хүлэмжийн хийн 40 хувийг ялгаруулж буй. Өөрөөр хэлбэл, эдгээр улсуудад ялгаруулж буй нүүрсхүчлийн хийгээ багасгах хэрэгцээ бий. Тэр хэрэгцээ шаардлага дээр нь манай улс зөв бодлогоор /Win/Win зарчим/ орж чадвал 10 тэрбум ам.долларын зах зээлийг нээх боломж бий. Зарим тооцооллоор, бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний 24 хувийг хангахаас гадна, 23.31 тэрбум ам.доллараар /2023 он/ хэмжигдэж буй нүүрстөрөгч бууруулах зах зээлээс их хэмжээний хөрөнгө оруулалт татаж, ойжуулах болон бусад чиглэлд зарцуулах боломжийг олгоно.   

Манай Улсаас 2011 онд гаргасан Азийн супер сүлжээ байгуулах санаачилгын хүрээнд дээр дурдсан бүх улсад тус, тусад нь судалгаа хийж, хамгийн ирээдүйтэй, хямд өртөгтэй газрыг тодорхойлоход хамгийн хямд эрчим хүч үйлдвэрлэх боломжтой хувилбар нь Монгол гэж гарсан.


Тэр дундаа салхины нөөц бүсийн бусад улсуудаас хол давуу /Дэлхийн дундаж 25-40 хувь, Монгол 33-51 хувь/ болох нь Азийн хөгжлийн банкны явуулсан судалгаа, Монгол Улсын Засгийн газраас Испанийн “Mercados-Aries international” компаниар хийлгэсэн судалгаагаар тогтоогдсон байна.

                                              Эрчим хүчний тусгаар тогтнолыг өрх гэрт авчирна

Дэлхий нийт сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа тархмал эх үүсвэр рүү хандаж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтөөс гадна аюулгүй байдалтай холбоотой. Эдүгээ хот төлөвлөлтийн чиг хандлага өөрчлөгдөж, дэд бүтцийн бие даасан байдлыг хангахыг хичээж байна. Нэг том цахилгаан станцтай, тэрхүү цахилгаан станцад гэмтэл гарахад хот, тосгоноороо хангамжгүй болдог байдал өөрчлөгдөж, нар, салхины нөөц нь байвал айл өрхүүд ч өөрийн гэсэн эх үүсвэртэй болж, үйлдвэрлэсэн эрчим хүчээ борлуулан орлогын эх үүсвэр болгодог болсон байна.

Нар, салхины эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэх төхөөрөмжийн хүчин чадал янз бүр. Дэлхийн хамгийн хүчирхэг Enercon E-126 салхин сэнс 198 метр өндөр, сэнсний диаметр 136 метр, 11 сая ам.долларын өртгөөр босож, жилд 18 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байхад 1-5 КВт /600-3500 ам.долларын үнэтэй/ хүчин чадалтай өрхийн хэмжээний салхин сэнс үйлдвэрлэлээр БНХАУ тэргүүлж байх жишээтэй.


Манайх ч энэ жишгээр, алдаа оноотой ч гэсэн хууль эрх зүйн орчноо бүрдүүлээд явж байгаа. Тухайлбал,

-Засгийн газар 2016 онд 198 дугаар тогтоол баталж, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн татвар, нэмэгдсэн өрхийн албан татвараас чөлөөлсөн.

-2020 онд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх 159 дүгээр тушаал гаргаж, “ХЭРЭГЛЭГЧИЙН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮҮСГҮҮРЭЭС ҮЙЛДВЭРЛЭСЭН ЭРЧИМ ХҮЧИЙГ ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНД НИЙЛҮҮЛЭХ ЖУРАМ” баталсан бөгөөд энэ журамд иргэн 20кВт, албан байгууллага техникийн нөхцөлөөр олгогдсон хүчин чадлынхаа 50 хувь хүртэл түгээх сүлжээнд нийлүүлж болох тухай заасан байдаг.

-2022 онд Эрчим хүчний зохицуулах хороо шийдвэр гаргаж, СЭХ-ний үүсгүүрээс нэгдсэн сүлжээнд нийлүүлэх үнийг 06:00-17:00 цагийн хооронд 140,18 төгрөг, 17:00-22:00 цагийн хооронд 221,89 төгрөг байхаар зохицуулсан.

Сайжруулж засах шаардлага бий. Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийн үйлдвэрлэлийг дэмжих төсөл хэрэгжсэнээр, энэ засварууд хийгдэж, монголчууд, айл өрх бүр эрчим хүчний тусгаар тогтнолыг мэдрэх боломж бүрдэнэ гэж харж байна. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 45.117.34.124
    2024/12/02

    Салхин генератор, нарны панель байнга эрчим хүч үйлдвэрлэнэ, хэрэглээ бол оройдоо л байна. Тэгэхээр эхлээд гарах мөнгө нь чанга ч алсдаа ашигтай байх нь гарцаагүй.

    Хариулах
  • 122.201.31.18
    2024/11/19

    Зөвөө зөв

    Хариулах