Баруунаас мандсан нар ба цэцийн маргааны оролцогч бус Ерөнхийлөгч, түүний төлөөлөгч

С.Гандэлгэр
2021/03/17

Хууль зүйн доктор А.Бямбажаргалын бичсэн Үндсэн хуулийн цэц дээр буй Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой маргааны талаарх нийтлэлийг зөвшөөрөлтэйгөөр хүргэж байна. 

НЭГ. ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХ БОЛОН ЕРДИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ЯЛГАА

Монгол Улс 1992 оны шинэ Үндсэн хуулиараа Үндсэн хуулийн цэц хэмээх оноосон нэр бүхий Үндсэн хуулийн шүүхийг байгуулсан.

Манай улсын төрийн байгуулалд энэ институц шинэ тутмын дээр бид ердийн шүүхээс Үндсэн хуулийн шүүхийн зааг ялгааг таньж, танилцаж явна.

Үндсэн хуулийн шүүхийг ердийн бусад шүүхүүдээс ялгадаг олон зүйл байдаг ч хамгийн хялбараар хэлбэл эдгээр шүүхийн гаргаж буй шийдвэрийн цар хүрээгээр зарчмын том ялгаатай.

Эрүү, иргэний шүүхийн хувьд гарч буй шийдвэр нь тухайн хэргийн оролцогчид л хамаатай байдаг. Харин захиргааны шүүхийн хувьд хэм хэмжээ буюу нийт иргэдэд хамаатай шийдвэрээс бусад нь мөн л хэргийн оролцогчийн хэмжээгээр хязгаарлагдана.

Тэгвэл Үндсэн хуулийн цэц буюу энэ шүүхийн хувьд гарч буй шийдвэр нь дан ганц маргааны оролцогч бус НИЙТ ИРГЭН, УЛСЫН хэмжээнд шууд нөлөөлдөг.

Тиймээс ч Цэцийн шийдвэрийг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, ердийн шүүх, иргэн бүр биелүүлэх үүрэгтэй байдаг юм.

ХОЁР.ЦЭЦ НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАРГАЛЗАН ШИЙДВЭР ГАРГАДАГ ТУЛ БУСАД ШҮҮХЭД БАЙДАГ ШИГ ГУРАВДАГЧ ЭТГЭЭД ГЭДЭГ ОЙЛГОЛТ БАЙДАГГҮЙ!  

Эдүгээ Цэц дээр өрнөж буй нэгэн сонирхолтой маргаан бол Ерөнхийлөгчийн сонгуулийн хуультай холбоотой иргэд цэцэд мэдээлэл гаргаснаар үүдэн гарч буй асуудал.

Гэтэл түүгээр яваа асуудлыг үүгээр татаж авчрав гэгчээр Ерөнхийлөгч маань цэцийн зүг жим гартал таваргаж, хэргийн оролцогч биш маргаандаа итгэмжлэгдсэн төлөөлөгч хүртэл томилоод авлаа.

Нөгөө нар баруунаас мандах гэдэг нь болж байх шиг.

Хууль зүйн хувьд ГУРАВДАГЧ ЭТГЭЭД гэж ойлголт буй. Энэ тухайн маргааны хувьд эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн ийнхүү нэрлэдэг. Гэтэл хамгийн сонирхолтой нь Үндсэн хуулийн шүүхэд ГУРАВДАГЧ ЭТГЭЭД гэдэг хэргийн оролцогч огт байдаггүй, дээр манай одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд мөн тийм хэргийн оролцогч байхгүй байдлаар зохицуулсан нь тохиолдлын хэрэг огт биш юм.

Учир нь ердийн шүүх болон Үндсэн хуулийн шүүхийн ялгаатай байдлаас үүдэн энэ асуудал гардаг. Яагаад гэвэл Үндсэн хуулийн шүүхийн шийдвэр НИЙТИЙН АШИГ СОНИРХОЛД шууд нөлөөлдөг тул тэр.

Тийм ч учраас Цэцийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд ердийн шүүхэд байдаг шиг ГУРАВДАГЧ этгээд гэж ойлголт байдаггүй.

Ганцхан жишээ татахад одоо үүсэж буй маргааны тухайд бол хэрэв ГУРАВДАГЧ ЭТГЭЭД байх шаардлагатай гэж үзвэл дан ганц өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга дангаар байх боломжгүй юм. Энэ нь юу гэсэн үг бэ гэвэл:

  1. Зөвхөн өмнө ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бүрэн эрхийн хэрэгжүүлж байсан талаас бол П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар,
  2. Үндсэн хуульд 45 насыг 50 нас болгосон гэдэг агуулгаараа бол насны хувьд хязгаарлагдсан 100.000 орчим бусад Монгол Улсын Иргэд,
  3. Өргөн утгаараа бол цаашид эрх ашиг нь хөндөгдөж болох 3,2 сая хүн ГУРАВДАГЧ этгээдээр татах хэрэг болно.

Тэгвэл одоо цэц дээр үүссэн маргаанд бол УИХ-ын баталсан хууль буюу үндсэн маргааны хувьд ХАРИУЦАГЧ (энгийнээр бол) УИХ өөрөө шүү дээ! Түүнээс гуравдагч этгээд, тэр дундаа өнөөгийн Ерөнхийлөгчид бол ямар ч хамаа байхгүй асуудал.

ГУРАВ. ЦЭЦ ХЭРГИЙН ОРОЛЦОГЧ БУС ЭТГЭЭДЭЭС ТАЙЛБАР АВЧ БУЙ НЬ НОТЛОХ БАРИМТАА ӨӨРӨӨ ЦУГЛУУЛЖ БУЙ ХЭРЭГ

За өнөөх Үндсэн хуулийн шүүх болон ердийн шүүхийн бас нэг ялгааг энд дурдах гэсэн юм.

Үүнийг хууль зүйн хувьд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим гэдэг. Үүний дагуу Үндсэн хуулийн шүүх (мөн Захиргааны шүүх) өөрөө нотлох үүргийг хүлээж байдаг. Өөрөөр хэлбэл, Иргэний шүүхтэй адил оролцогчид гаргаж өгсөн НОТЛОХ БАРИМТ-ын хүрээнд л асуудлыг шийдэх бус Үндсэн хуулийн шүүх өөрөө нотлох баримтаа цуглуулж шийдвэр гаргадаг.

Энгийнээр бол Иргэний шүүх оролцогч талууд тэгш эрхтэй этгээдүүд байна хэмээн үзэж МЭТГЭЛЦЭХ буюу талууд ямар нотлох баримт гаргана түүний хэмжээгээр маргааныг шийддэг.

Цэц бол маргагч талуудын нэг талд ТӨР, нөгөө иргэн байдаг учир талуудыг эрхийг тэнцвэржүүлэх үүднээс ӨӨРӨӨ НОТЛОХ баримтаа бүрдүүлж, нотлох үүрэгтэй байдаг.

Тэр ч утгаараа Цэц Монгол Улсад хэнээс ч холбогдох тайлбарыг гаргуулан авах эрхтэй. Тэр Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Шүүх, мөн иргэд хэн ч хамаатай түүний шаардсан нотлох баримтыг гаргаж өгдөг.

Тэглээ гээд гуравдагч этгээдээр тухай хүний, байгууллагыг татаж буй хэрэг огт биш юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.183.108
    2021/03/17

    Yurunhiilugch ochij uulzsan ni unen yum uu?

    Хариулах