Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиас танилцуулж байна. Хуульд цаг үетэй холбоотойгоор нийтийн эрүүл мэндэд аюул учруулах өвчтэй бол хилээр оруулахыг хориглох зэрэг заалтыг тусгажээ.
- Монгол Улсын визийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр улсын хилийн боомт дээр виз олгох болон цахим визний асуудлыг нарийвчлан тусгах мөн визийн хүчинтэй хугацааг уртасгах, зарим зориулалтын визийг халах зэрэг Монгол Улсын визийг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлийн зохицуулалтыг тусгалаа.
-Хуульд визийн ангиллыг хуулиар бус Засгийн газар тогтоох, ингэснээр визийн ангиллыг төрөлжүүлж, олшруулах боломжийг бүрдүүлэх, нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг олон талын ач холбогдолтой бөгөөд визийг зөвхөн хэвлэмэл хуудсаар олгодог гэх ойлголтыг өөрчилж, дэлхий нийтийн хандлагад нийцүүлэн визийг хэвлэмэл хуудас болон цахим хэлбэрээр олгож болох эрх зүйн үндсийг бүрдүүлсэн.
-Гадаадын иргэдийн бүртгэл, хяналтыг сайжруулах зорилгоор Монгол Улсын хилээр нэвтрэх гадаадын иргэдийн хурууны хээ, биеийн давхцахгүй өгөгдлийг хилийн боомтуудад авч, зорчих хугацаа, зорилгыг үл харгалзан тэднийг урьсан иргэн, хуулийн этгээд, байрлуулж буй зочид буудал, орон нутгийн байгууллагууд бүртгүүлэх зохицуулалтыг хуульд шинээр тусгаж, үүрэгжүүлсэн.
-Олон улсад болон тухайн улсдаа хүлээн зөвшөөрөгдсөн визийн төвийг ажиллуулах талаар хуульд нэмж тусгасан бөгөөд энэ нь гадаад улс оронд Монгол орныг сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг ойртуулах, гадаад улсад суугаа монгол иргэдэд үзүүлэх консулын үйлчилгээг сайжруулах, хууль бус дундын зуучлалыг бууруулах, дипломат төлөөлөгчийн газруудын ачааллыг багасгах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Мөн визийн төвийг байгуулах, ажиллах журмыг Засгийн газар, байрлах улс, хотыг Гадаадын харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж ажиллахаар хуульд тусгалаа.
-Гадаад улс орнуудын жишгийг харгалзан холбогдох шаардлага хангасан гадаадын зарим орны жуулчлах зорилготой “зарим улсын харьяат иргэд” нь Монгол Улсын шаардлага хангасан аялал жуулчлалын байгууллагын (туроператор) шугамаар ирж буй тохиолдолд жуулчин ангиллын, 14 хүртэл хоногийн хугацаатай, нэг удаагийн визийг хилийн боомт дээр олгох зохицуулалтыг хуульд тусгалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна