АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах шаардлагагүй гэж үзлээ

2021/03/18

УИХ-ын чуулганы хуралдаанаар АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ. Ерөнхийлөгч уг саналдаа “2018.03.23-нд Элчин сайд Ё.Отгонбаярт итгэмжлэх жуух бичиг гардуулахдаа “Монголд үйлдвэрлэсэн оёмол бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх, авлигатай тэмцэх тал дээр идэвхтэй ажиллах ёстой. Үр дүнг дүгнэнэ” гэсэн билээ. Гэвч Элчин сайд Ё.Отгонбаярын ажилласан сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр орны худалдааны эргэлт, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаанд дорвитой ахиц гарсангүй. Эдийн засгийг сэргээх, малчин ард иргэдийн амьдралыг сайжруулахад чухал үүрэгтэй, Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татварын хөнгөлөлттэй экспортлох боломж бүрдүүлэх “Гуравдагч хөршийн худалдааны тухай” хуулийн төслийг АНУ-ын Хууль тогтоох байгууллагаар батлуулах талаар хангалттай санаачилга гаргаж ажилласангүй. Тухайлбал, АНУ-ын 116 дугаар Конгресст хуулийн төслийг хариуцаж байсан холбогдох Байнгын хороодын дарга нартай Элчин сайд нэг ч уулзалт хийгээгүй нь уг ажлыг эс үйлдлээр гацаасан, бодит үр дүнд хүргэхийн оронд аргацаасан гэж үзэж байна” гэсэн юм. 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Ё.Отгонбаярыг эгүүлэн татах саналыг дэмжээгүй юм. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь мөн АНУ-д суугаа Элчин сайдыг эгүүлэн татах шаардлагагүй гэж үзлээ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна