Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллаж, Нийслэлийн онцгой комисс, ХӨСҮТ, СЭМҮТ, НЭМҮТ-ийн удирдлагуудын санал хүсэлтийг сонсон, зарим үүрэг чиглэлийг өглөө.
Энэ үeэр Тандалт, тусгаарлалтын багаас цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнд зайлшгүй авч хэрэгжүүлэх асуудлыг Шадар сайдад танилцуулав.
Тусгаарлалтад орсон иргэдийг онлайн хэлбэрээр олон төрлийн сургалт өгч хөгжүүлэх, мэргэжлийн сэтгэл зүйч тодорхой цагт цахим хэлбэрээр холбогдож зөвлөгөө өгч ярилцах боломжийг бүрдүүлэх, тусгаарлалтанд ороход нь халуун хэмжигч, амны хаалт өгөх, санал гомдлыг нь хүлээн авч шуурхай шийдвэрлэж ажиллах, эмчилгээний мэдээллээр байнга өгч халдварыг даван туулах арга хэмжээг авч ажиллахад анхаарч ажиллахыг холбогдох албаныхан даалгалаа.
Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэр доод, дунд шатанд дутуу хэрэгжиж байгаа нь нэгдсэн ойлголтгүй, мэдээллээ солилцдоггүй байдлаас үүсэж байгааг онцлов.
Иймээс дээрх байгууллагын удирдлагууд УОК-ын Шуурхай штабт төвлөрөн нэгдсэн зохион байгуулалтанд орж, нийслэл, дүүргийн хэмжээнд тулгарсан асуудлыг газар дээр нь хэлэлцэн шийдвэрлэж, шуурхай ажиллах шинэчилсэн зохион байгуулалтыг танилцуулж хэрэгжүүлэхийг чиглэл болгов гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна