С.Амарсайхан: Би Шадар сайд байхдаа агаараас болон газрын гүнээс аврах тоног төхөөрөмжүүдийг шийдсэн

Т.Отгонсувд
56 минутын өмнө

Хэдхэн хоногийн өмнө гурван настай охин 30 метрийн гүн цооногт унаж, харамсалтайгаар амиа алдсан. Мөн 22 давхар барилгад гал гарч, унтраахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Уг үйл явдлуудаас үүдэн онцгой байдлын албаны тоног төхөөрөмж хангалтгүй талаар олон нийт шүүмжилж буй. 

Тэгвэл Онцгой байдал хариуцсан шадар сайдаар таван жил ажилласан С.Амарсайханаас энэ талаар тодрууллаа. 

Тэрбээр "Онцгой байдлын салбарт өнгөрсөн 20 гаруй жилд хийгдээгүй томоохон хөрөнгө оруулалтууд хийгдсэн. Агаараас эрэн хайх, аврах ангитай болж, 3-4 нисдэг тэрэгтэй болсон. Тусгай тоноглол, хэрэгслүүдийг нэмэгдүүлсэн. Мөн алба хаагчдын цалин хөлсийг 117 хувиар нэмэгдүүлсэн. Энэ оны төсөвт тус салбарт нийт 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт батлуулсан.

Өнөөдрийн байдлаар онцгой байдлын салбарын гал унтраах, аврах автомашины хангалт 63 хувьтай, тусгай хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт 48 хувьтай байна. Шаардлагатай тоног төхөөрөмж, гал унтраах дрон, гүний болон агаараас эрэн хайх хэрэгслийн жагсаалтыг салбарын мэргэжилтнүүд өөрсдөө гаргаж, түүний дагуу худалдан авалтыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа. Өндөр барилгын гал унтраах зориулалттай 42 метр хүртэлх урттай шатыг оруулж ирэн ашиглаж байна. Цаашид олон улсын стандартад нийцүүлэхээр ажиллана. 

Уул уурхайн орхигдсон нүхэнд бага насны хүүхэд эндсэн харамсалтай хэрэгтэй гарсан. Онцгой байдлын алба хаагчид гамшиг осол гарсан үед очиж аврах, хамгаалах үүрэгтэй. Уулын энгэр дэх ухсан нүхийг хайж, хянах боломжгүй. Энэ асуудал нь уул уурхайн хяналт шалгалтын байгууллагууд болон стандартын хэрэгжилттэй шууд холбоотой. Гамшиг ослыг бууруулах, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах нь хүн бүрийн, байгууллага бүрийн оролцоотой хийгдэх ёстой стандарт, хариуцлагын асуудал. Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Сайд байхдаа агаараас болон газрын гүнээс аврах тоног төхөөрөмжүүдийг шийдсэн. Та нар ОБЕГ дээр очоод үзээрэй" гэв. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна