18 настай А.Гандиймаа: Хүсэл мөрөөдлийнхөө төлөө аав, ээжийгээ зовоох биш өөрөө хөдөлмөрлөе гэж бодсон

Б.Цэндээбуд
8 цаг 4 минутын өмнө

Мөнгөн завьяагийн автобусны буудлын хажууханд байрлах зайрмагийн мухлагт 18 настай өөрийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж, жижиг зайрмагийн мухлаг ажиллуулж байгаа цовоо сэргэлэн А.Гандиймаа охинтой танилцлаа. 

Тэрбээр "БНХАУ-д сурахаар бэлтгэж байгаа. Явах хүртлээ зардлынхаа мөнгийг олохоор зуны амралтаараа ажиллаж байна.

Ах маань энэ зайрмагийн мухлагийг авч өгөөд  өөрөө ажиллуулах санал тавьсан. Мэдээж би 18 нас хүрсэн болохоор үргэлж аав, ээжээсээ мөнгө авах эвгүй байдаг. Тиймээс үүнийгээ ажиллуулаад зардлаа хийж болох юм байна гэж бодсон.

Өглөөний 10 цагаас оройн 22 цаг хүртэл ажилладаг. Халуунд жаахан  хэцүү байдаг ч ирсэн хүмүүстэйгээ юм яриад бараг анзаардаггүй.

Өмнөх оройдоо бэлдэцээ хийж хоноод өглөө 9 цагт ажилдаа ирж зайрмагаа найруулаад 10 гэхэд нээдэг.

Би өөрөө их яриасаг хүн болохоор хүмүүсийн амьдрал, найз нөхөд, зарим эгч нар утасныхаа галерейг үзүүлээд их хөгжилтэй байдаг болохоор огт уйддаггүй. “Эгч нь дараа ирнэ ээ” гээд инээд алдаад л явдаг даа.

Хүмүүс намайг их гоё хандлагатай охин гэж магтдаг. Надтай хүмүүс сайхан харьцвал би тэрнээс ч илүү найрсаг хандахыг хичээдэг. Зарим үйлчилгээний байгууллагат ажилладаг хүмүүс үг дуугарч ядаад байгааг харах жаахан  сонин санагддаг. Миний хувьд  хүмүүст муухай мэдрэмж төрүүлэхгүйн тулд “Сайн байна уу, өдрийн мэнд, өдрийг сайхан өнгөрүүлээрэй, баяртай” гэх мэт үгийг байнга хэлдэг.

Манай үеийн залуучууд ухамсартай болчихсон санагддаг. Аав, ээжээсээ мөнгө авах биш хэлүүлэлгүйгээр өөрсдөө мөнгө олъё гэсэн бодолтой явдаг болсон байна лээ" хэмээн ярилаа. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна