Л.Энх-Амгалан: Коллеж, их, дээд сургуулиудын хичээлийн шинэ жилийг есдүгээр 15-наас эхлүүлнэ

Б.Цэндээбуд
6 цаг 49 минутын өмнө

Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар хичээлийн шинэ жилтэй холбогдуулан Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдэгдэл хийлээ.

Тэрбээр “2026-2027 оны хичээлийн шинэ жил их онцлогтой болж байгаа.

 МУЗГ-аас хэрэгжүүлж эхэлсэн "Чөлөөлье" гэх үндэсний санаачилгын хүрээнд монгол хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдолгүй болгох 6 том шинэчлэлийг эхлүүлсэн.

Чанарын үнэлгээний судалгаагаар хот хөдөөгийн ялгаа, хувийн сургууль улсын сургуулийн хүүхдүүдийн чанарын ялгаа их гарсан. Хөдөө сурч буй хүүхдүүд хот, аймгийн төвд сурч байгаа хүүхдүүдээс 2.5-3.5 жилийн хоцрогдолтой байгаа учраас цахим шилжилтээр ялгаж хоцрогдлыг арилгана.

Нийслэлд 3000-аас дээш хүүхэдтэй байгаа 38 өндөр ачаалалтай сургуулиудад бүтцийн өөрчлөлт хийж хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургууль болгож өөрчлөлт хийнэ.

Хүүхдийн цэцэрлэгт хамаруулхын тулд намар болгон майхан зоогоод сугалааны тогтолцоог явуулдаг байсан. Үүнийг халж 36 мянган цоожтой хаалганы цаана үлддэг байсан өндөр ачаалалтай цэгүүд дээр байгаа хүүхдүүдийг хувийн хэвшлүүдтэй хамтарч 18 мянган сул суудлыг урсах зардлаар шийдсэн. Мөн төрийн цэцэрлэгүүдэд өргөтгөл хийж, орон сууцны нэг хоёр давхарт түрээсийн байдлаар 17 мянган сул суудлыг шийдэж чадсан. Байгууллагын цэцэрлэгийн 2 мянган суудлыг шийдэж нийт 36 мянган хүүхдийн суудал гаргасан.

Хүн амын өсөлт буурсантай холбоотойгоор энэ жил нэгдүгээр ангид суралцах хүүхдүүд  улсын хэмжээнд 16800 хүүхдээр буурсан.

Мөн цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг шийдсэнтэй ижил байдлаар хувийн сургуулиудад төрийн сургуулийн хүүхдүүдийг шилжүүлэн шийднэ.

Сургууль, цэцэрлэгийн өргөтгөл хийх газаргүй болсон сургуулиудад 2-3 давхар баригддаг стандартыг өөрчилж 3-5 давхар болгоно.

Нийслэлд 50 орчим шинэ сургуулиудыг барина. Гэхдээ төсвийн мөнгөнөөс авахгүй хувийн компаниуд дэлхийн банкнаас зээл аваад 30-40 сургуулийг барина. Эсвэл төрийн сургуульд 10-15 жилийн хугацаатай санхүүгийн түрээсээр шилжүүлж болно.

Төрөлт багассантай холбоотойгоор гуравхан жил үргэлжлэх ачааллыг татвар төлөгчдийн 12 их наяд төгрөгөөр 108 сургууль барьж төрд ачаалал үүсгэхгүйн тулд энэхүү шийдвэрийг гаргасан.

Их сургуулиудын хувьд МУИС, ШУТИС, АШУИС-ийн харьяа сургуулиудыг өргөтгөнө. Мөн оюутнууд кредитээ тооцуулаад 2.5-3 жилд төгсөх боломжийг олгож байгаа.   Ирэх сарын 17-28-ны өдөр Улаанбаатар хотод НҮБ-ын том хурал болно. COP17-той холбоотойгоор төвийн бүсчлэлд байгаа буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жил эхлэх хугацааг цахимд шилжүүлнэ. Харин коллеж, их, дээд сургуулиудын хичээлийн шинэ жилийг есдүгээр 15-аас эхлүүлнэ. Хөдөө орон нутгийн сургуулиуд есдүгээр сарын 1-нд хичээлээ эхэлнэ” хэмээн мэдэгдлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна