Г.Лувсанжамц: Айл өрхүүд нарны панель тавиад эрчим хүч гаргаж байвал төр худалдаж авъя

Г.Анар-Эрдэнэ
22 цаг 58 минутын өмнө

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас дараах тодруулгыг авлаа.

-Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Хуулийн төслийг дэмжиж байгаа. Боловсруулж эхэлснээсээ хойш 10 гаруй жил болж байгаа хууль болов уу гэж бодож байна. Хэрвээ аж ахуйн нэгж, эсвэл хувь хүн нүүрсхүчлийн хий ялгаруулж байгаа хэмжээгээ бууруулах юм бол тэр үнэлэгдэнэ. Манай нүүдэлчдийн өв соёл шингэсэн байгальд ээлтэй тогтвортой хөгжил гэх мэт энэ зүйлүүдийг дэмжих боломжтой хууль эрхзүйн орчин нь гэж бодож байгаа. Монголд нүүрсхүчлийн хий ялгаруулж байгаа газруудын 50 хувь нь мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбараас гардаг. Бид тугалаа өсгөж байгаад нядалдаг тэр хугацаанд тухайн малаас нүүрсхүчлийн хий ялгараад байдаг. Хэрвээ эрчимжүүлсэн малын аж ахуй руу юм уу, хагас эрчимжүүлсэн малын аж ахуй руу шилжээд бяруу болгоод шууд нядлах ч юм уу энэ зарчмыг нэвтрүүлвэл, заавал таван жил тэжээж мах нийлүүлэх биш нэг юм уу хоёр жил тэжээгээд нүүрсхүчлийн хий бага ялгаруулж байгальд ээлтэй байсан гэдгээ үнэлүүлээд цаашаа явах боломжтой болно гэсэн үг. Монгол улс Сингапур болон Австри улстай хэлэлцээр хийсэн байгаа. Энэ хоёр улс нүүрсхүчлийн хийгээ төдийлөн сайн бууруулж чаддагүй учраас Монгол улс түүнийг нь бууруулаад өгвөл тэр хэмжээгээрээ санхүүжилтийн дэмжлэг авах талаар ярьсан байгаа. Мөн утааг шийдэхэд чухал үр нөлөөтэй хуулийн төсөл гэж бодож байна. Байшин гэрээ дулаалах юм бол ашигладаг нүүрсний хэмжээ хоёр дахин буурах боломжтой. Нэг өрх жилдээ 10-с 15 тонн нүүрсхүчлийн хий ялгаруулж байгаа. Тэгэхээр талаар нь буурвал таваас долоо аравны тав болох боломжтой. Энэ зөрүүгээрээ бид үнэлүүлэх боломжтой гэсэн үг. Энэ аргачлалаа үнэн зөв батлаж чадвал Монголын тогтвортой хөгжил болон мал аж ахуй, бэлчээрийн талхлал, утааны асуудлыг шийдэх эхлэлийг нь тавих хууль эрх зүйн орчин гэр харж байгаа.

-Та иргэд ойлгохоор жишээн дээр тайлбарлаж өгөөч?

-За 570 гэж машин унаж байгаад приус эсвэл цахилгаан машин авч уналаа. Тэгвэл та орлого авах боломжтой гэсэн үг. Яагаад гэвэл утааг бууруулж байгаа учраас тэрийг нь үнэлэх боломжтой гэсэн үг.

-Энэ бүхний санхүүжилт нь хаанаас яаж гарч байгаа вэ?

-Хөгжсөн орнууд утааны түвшингээ бууруулж чадахгүй байгаа. Манай улсын хувьд эрс тэрс уур амьсгалтай учраас эрчим хүч, түлш зэргийг ашиглаж байгаа. Тэр хэмжээгээ бид байгальд ээлтэй технологи ашиглаад бууруулчих юм бол тэр нь дэмжлэг болж ирнэ ээ гэсэн үг. Айл өрхүүд нарны панель тавиад эрчим хүч гаргаж байвал тэрийг нь төр худалдаж авъя гэдэгтэй адилхан.

-Ямар учраас 10 жилийн хугацаанд батлагдаагүй юм бэ? Зарим гишүүдийн хувьд яаралтай батлах хэрэгтэй, хуультай байвал илүү үр дүнтэй гэсэн зүйл ярьж байна?

-Энэ Монгол улсаас шалтгаалаагүй юм. Олон улсаас шалтгаалсан. Нүүрсхүчлийн хий буурсан уу үгүй юу гэдгийг баталгаажуулна гэдэг нь тодорхойгүй байхад олон улс хэрэгжүүлээд эхэлчихсэн. Залилан ч гэх юм уу, утаагаа бууруулаагүй байж санхүүжилт авчихсан хэргүүд их гараад олон улсын хэмжээнд түр хүлээлттэй байдалд байсан. Сүүлийн хоёр гурван жилийн хугацаанд буцаад сэргэж эхлээд хүмүүс итгэдэг болж эхлэж байгаа. Энэ үед нь Монгол улс хуулиа батласан нь зөв болов уу гэж бодож байна.

-Өнөөдөр Авлигатай тэмцэх газраас скүүтер, мопедыг түр хориглох шийдвэр гарсан. Энэ хууль хэрэгжилттэй холбоотой юу, өөр асуудал уу?

-Буруу мэдээлэл яваад байх шиг байна лээ. Авто тээврийн газар шүү. Зургаан аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг нь түр хугацаанд түтгэлзүүлж байгаа гэж ойлгосон. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуулиар энэ зохицуулалтыг бүгдийг нь тусгаж байгаа. Аж ахуйн нэгжүүд маань нийслэл ч юм уу аймгийн засаг даргатай гэрээ хийгээд хаагуур явж болох вэ, хаана зогсоож болох вэ гэдгийг тухайн засаг дарга нь тодорхойлж өгөөд аж ахуйн нэгжүүд маань тэр журмыг баримтлах ёстой. Тийм зохицуулалтыг тусгаж байгаа. Өчигдөр эцсийн хэлэлцүүлгүүд яваад бүх саналууд дэмжигдсэн. Ирэх долоо хоногт эцэслэн батлагдаад, одоо байгаагаараа зургаадугаар сарын гучны өдрөөс авхуулан хэрэгжинэ.

-Санхүүгийн эрхлэгчийн эрхийг хамгаалах хууль байгаа. Энэ дээр та яг ямар байр суурьтай байна?

-Мэдээж засах ёстой асуудлууд байгаа гэж бодож байна. Хуулийн төсөлтэй нь бүрэн танилцаж амжаагүй байна. Үзэл баримтлалыг нь уншсан байгаа. Зорилго зорилтын хувьд миний үзэл баримтлалтай нийцэж байгаа. Өнөөдөр хэлэлцэх эсэхийг нь дэмжье гэж бодож байна. Нарийн зүйл заалтан дээр нь нилээн танилцаж байгаад үзэл бодлоо илэрхийлье гэж бодож байна.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна