Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэг л өглөө босоод утаа гамшгийн хэмжээнд хүрснийг мэдэрсэн байх юм. Тэгвэл улаанбаатарчууд, нийслэлчүүд маань арван хэдэн жил утаа гамшгийн хэмжээнд хүрч байгаа тухай хэлж, ярьсан байдаг. Харамсалтай нь манай Ерөнхийлөгч тухайн үедээ нэг их тоогоогүй. Тоогоогүй шалтгаан нь өөрийнхөө дэргэд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо байгуулаад утаатай тэмцэж эхэлснийх байх л даа. Хачирхалтай нь ийн тэмцээд ч утааг бууруулж, арилгаж чадаагүй нь чин үнэн. Харин өнөөдөр мань Ерөнхийлөгч яасан байх нь уу? Энхийн цагаан тагтаа болчихсон, тэнгэрээс буугаад ирсэн чинь өд сөд нь авахын аргагүй утаа, тортог болсныг анзаарсан байх нь... Сэтгүүлчидтэй хийсэн уулзалтдаа үзэг нэгтнүүдээ чимхэхээ ч манай хүн мартаагүй. “Сэтгүүлчид сэтгэлгүй. Утааны эсрэг тэмцээгүй” гэсэн шүү юм яриад зогсож байсныг бүгд л санаж байгаа. Ийн ярьсан яриа нь сэтгүүлчдэд төдийлөн таалагдаагүй. Өнөөдөр монголын сэтгүүл зүйн салбарт зүтгэж яваа телевиз, сонин, сайтын бүхий л сэтгүүлчид утааны тухай, утаа гамшиг болсон тухай бичвэр, нийтлэл, сурвалжлага хийсэн байдаг. Даан ч манай Ерөнхийлөгч бичсэн нийтлэл, сурвалжлагыг нь уншаагүй бололтой юм билээ.
Өнөөдрийн хур их утаа нэг өдөр, нэг жил бий болчихсон юм шиг зүйлийг сүүлийн үеийн жагсагчид, тэмцэгчид ярих болж. Тэгвэл утаагаар улс төр хийсэн Ерөнхийлөгч утаатай тэмцэхдээ хэдэн төгрөг зарцуулж, юу хийсэн нь тодорхойгүй байгааг олж харахгүй л байх шиг, тэд... Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэд байгуулж байсан түүх цагаан дээр хараар бичигдэн үлджээ. Даргаар нь тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан ажиллаж байлаа. Гэвч овоохон төсөвтэй, олигтой ажиллаагүй дээрх хороог 2013 онд гэнэт л Ерөнхий сайдын ажлын албанд шилжүүлчихсэн. Ингэж шилжүүлэх шалтгаан нь маш энгийн... “Авахыг нь авчихсан юм чинь, муу нэрийг нь чи үүр” гэдэг шиг гамшгийн хэмжээнд хүрсэн утаатай тэмцсэн ч юм байхгүй, сүржин нэртэй даржин байгууллагаа шилжүүлсэн болоод манай Ерөнхийлөгч уснаас хуурай гарчих жишээтэй. Мөн тэрбээр шинээр эмхлэгдэн байгуулагдсан Засгийн газарт хаяглан утааг бууруулахад чиглэсэн ажлаа эрчимжүүлэхийг анхааруулсан. Үүнийг зарим нэг нь зөв гэж хүлээж авч байгаа бол зарим нь хий хоосон улс төрийн хийрхэл гэж хүлээн авч байна. Зүй нь, өнөөдрийн Засгийн газар утаатай тэмцэхгүй биш тэмцээд л байгаа. Гэр хорооллын цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн нь үүний тод жишээ. Мөн БОАЖЯ Монголын банкуудтай хамтран цахилгаан халаагуур болон шөнийн тарифт тоолуурыг лизингээр худалдаж авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Энэ мэт ажлуудыг Засгийн газар, холбогдох яамдууд хийж л байна. Харамсалтай нь утаа гэдэг зүйл нэг л өдөр алга болдоггүй ажээ.
Эцэст нь, бүх болохгүй, бүтэхгүй байгаа зүйлээ Засгийн газар, төр рүүгээ чихэхээ больё. Намар улирч өвлийн дохио ойртох цагаар гэр орныхоо онгорхой, цоорхойг бөглөж дулаан алдагдлаа алга болгочихъё. Нүүрс түлэхээ болиод халаагуур аваад тавьчихъя. Утаанд хордож, боож үхэх гээд байгаа хүмүүс өөрсдөөсөө л өөрчлөлтийг эхлэх ёстой. Тэгэхгүй гэрийнхээ зууханд нүүрсээ хийчихээд талбай дээр ирж жагсаад байвал утаа яагаад ч буурахгүй. Дээр нь Ерөнхийлөгч утаагаар хичнээн улс төр хийгээд ч утаа багасдаггүй л байхгүй юу.
С.Нэмэх
Сэтгэгдэл бичигдээгүй байна