“Монгол Улс бол нарны эрчим хүчний диваажин” гэж гадны мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг. Гэтэл бид цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 2-3 хувийг л сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангаж байгаа. Нүүрсний баялагтаа эрдсэн цамаархал, эдийн засгийн нөхцөл байдал гээд олон шалтгаан үүний ард бичигдэх нь гарцаагүй. Тэгвэл 40 жилийн өмнө Америкт нарны цахилгаан станц ашиглалтад орж байсан нь нефтийн хомсдолоос үүдэлтэй. Харин өнөөдөр дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, агаар мандал дахь нүүрсхүчлийн хийг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний оролцоо идэвхжиж, энэ бодлогод дэлхийн 150 гаруй улс орон нэгдээд байгаа аж. Манай улсын хувьд ч мөн энэ бодлогыг дэмжиж, 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хэмжээг 30 хувьд хүргэх томоохон зорилт тавиад буй. Үүнийг Эрчим хүчний сайд П.Ганхүү онцолж, “Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг”-ийн VII чуулганд оролцох үеэрээ мэдэгдэв.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо уг чуулга уулзалтад дэлхийн 150 гаруй орны Эрчим хүчний сайд нарa Засгийн газраа төлөөлж оролцсоноороо онцлогтой. Чуулганы үеэр дэлхийн эрчим хүчний салбарын шилжилтийг хурдасгахын тулд хөрөнгө оруулалт харамгүй зарцуулах, технологийн шинэчлэл хийх болон инновацийн асуудлыг голчлон хөндсөн байв. Тиймээс ч “Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг”-ийн ерөнхий захирал Аднан З.Амин чуулганы нээлтийн үеэр “Дэлхийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хөгжил асар хурдацтай байна. 2015 онд гэхэд 47 ГВт-ын нарны цахилгаан станц, 63 ГВт-ын хүчин чадал бүхий салхин цахилгаан станц ашиглалтад орсон нь нийт 270 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт болжээ. Таван жилийн дотор сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадал жилд 15-25 хувиар өссөн. Харин 2030 он гэхэд 45 хувьд хүрэхийг манай REmap судалгаагаар тодорхойлоод байна” гэж онцлон хэлж байв.
Сэргээгдэх эрчим хүчний өртөг буурчээ
Энд нэг зүйл тодруулахад 20-иод жилийн өмнөхтэй харьцуулахад сэргээгдэх эрчим хүчний өртөг эрс буурсан давуу талтай аж. Тухайлбал, нарны цахилгаан станц барих өртөг 60 хувь, нарны дулааны станц 45 хувь, эх газрын салхин цахилгаан станц 24 хувь, далайн эрэг хавийн салхин цахилгаан станц 36 хувиар тус бүр буурсныг чуулганаар онцлон мэдээлж байлаа. Шинэ техник технологи, инyовацийн ололтоос үүдэлтэйгээр сэргээгдэх эрчим хүчний өртөг ийнхүү эрс багасч байгааг төлөөлөгчид олзуурхаж байна. Тухайлбал, 2016 онд нарны цахилгаан станцын тендэрт АНЭУ-ын Дубай хотын ойролцоо 800 МВт-ын эх үүсвэр барьж, 2.99 цент/кВтц худалдахаар болсныг тодотгож байлаа. “Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг” Монгол Улсын оролцоог үнэлэв Олон улсын сэргээгдэх эрчим хүчний VII чуулганы нээлтийн үеэр Эрчим хүчний сайд П.Ганхүү англи хэл дээр үг хэлэхдээ Монгол Улсын эрчим хүчний салбарын хэтийн бодлого, өнөөдрийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн хандлагыг дурьдаж, олон улсын байгууллагатай хамтран ажиллах чиглэлүүдийн талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр “ОУ-ын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үүсгэн байгуулагч анхны гишүүн орнуудыг нэг болж, уг байгууллагын дүрмийг Улсын Их Хурлаас 2010 онд соёрхон баталсан. Монгол Улсын ЗГ-ын Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагаас “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдлын үнэлгээ” бодлогын баримт бичгийг боловсруулан гаргасан нь манай орны СЭХ-ний хөгжлийг цаашид хурдасгах бодлогын чухал зөвлөмж болж байна. Манай орон нар, салхи, усны эрчим хүчний асар их нөөцтэй. Энэ их нөөц баялгийг орчин үеийн өндөр технологи ашиглан эдийн засгийн эргэлтэд оруулах, эрчим хүч экспорлох талаар БНХАУ, ОХУ-ын “Дэлхийн эрчим хүчний хэлхээ холбоо” санаачилга, олон улсын байгууллагын “Цэвэр эрчим хүчний коридор” төслүүдэд Монгол Улс нэгдэн орж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. МонголУлсын Их Хурлаас 2015 онд “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”, “Ногоон хөгжлийн бодлого” зэрэг баримт бичгийг батлан гаргаж, эрчим хүчний салбарыг ойрын болон дунд хугацаанд хөгжүүлэх хөгжлийн төлвийг тодорхойлон, 2023 он гэхэд нийт эрчим хүчний хэрэглээний 20 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах, 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хэмжээг 30 хувьд хүргэх томоохон зорилт дэвшүүллээ.
Манай улсад хувийн хөрөнгө оруулалтаар 2013 онд анхны 50 МВт салхин парк, 2017 онд анхны 10МВт нарны цахилгаан станцыг ашиглалтад оруулж үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг эрчим хүчний систем нийлүүлээд байна.Монгол Улс хүйтэн сэрүүн уур амьсгалтай, өвлийн улиралд маш хүйтэн улирал болдог тул айл өрх, албан газрын хэрэглээнд түүхий нүүрс ашиглан халаалтыг шийдэж байгааасуудлыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болон бусад цэвэр эх үүсвэрийг ашиглах талаар идэвхитэй ажиллаж эхэлж байна. Бид хот суурин газрын дулаан хангамжид нар, газрын гүний дулааны насос бусад сэргээгдэх эрчим хүчийг ашиглах талаар ИРЕНА, Абу Даби хөгжлийн сан болон бусад орнуудтай хамтран ажиллах хүсэлтэй байгааг энэ дашрамд илэрхийлэхийг хүсч байна. Энэ чиглэлээр бусад улсын туршлагыг судлах сонирхол, эрэлт хэрэгцээ их байна” гэв. Мөн чуулганы хүрээнд сайд нарын дугуй ширээний уулзалт болж, сайд П.Ганхүү үг хэлсэн. Монгол Улсын идэвхтэй оролцоо, байр суурийг “Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг”-ийн ерөнхий захирал ноён Аднан З.Админ үнэлж, цаашид хамтран ажиллана гэдгээ индэр дээрээс мэдэгдсэн юм.
“Дэлхийн эрчим хүчний ирээдүй” X үзэсгэлэнд 600 гаруй бүтээгдэхүүн танилцуулав
Дэлхийн 32 орны 600 гаруй компанийн бүтээгдэхүүн энд дэлгэгдэж, сэргээгдэх эрчим хүчний чиг хандлагыг тодорхойлов. Мөн энэ үеэр Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч асан шейх Заид бен Султан Аль Нахайян нэрэмжит “Ирээдүйн эрчим хүчний Заидын шагнал” –ыг таван төрөлд олгож, алдаршуулжээ. Чуулга уулзалтад оролцогчид уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын асуудлыг шийдвэрлэхэд бүх нийтээрээ тэмцэж, нэгдсэн шийдвэр гарган, хөгжлийн дараагийн шатанд хүрч ажиллахыг уриалж байна. Ирээдүй хойч үедээ цэвэр эрчим хүч, цэвэр ус үлдээхийн тулд одооноос юу хийх ёстойг тунхаглаж, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлыг хэрхэн багасгах, шинэ дэвшилтэт технологийг хэрхэн нэвтрүүлэх асуудал чуулганы гол сэдэв байлаа.
Сэтгэгдэл бичигдээгүй байна