АНУ-ын Калифорни мужийн Риверсайд хотын Ла Кинта гольфийн талбайд зохион байгуулагддаг Десерт Классик тэмцээн 60 жилийн ойгоо тэмдэглэж өнгөрүүллээ. Өнгөрсөн 7 хоногийн пүрэв гаригт эхэлсэн энэ жилийн эхний цувралуудын нэг болсон Десерт Классик тэмцээнд хэний ч таамаглаж байгаагүй гольфчин болох Адам Лонг тэргүүлсэн байна. 60 дахь удаагийн цөлийн цувралд Адам Лонг 262 цохилтоос -26 оноог авч түрүүлжээ. Энэ цом нь 31 настай Америк гольфчний PGA-н цувралд өргөж байгаа анхны, карьерийнхан 2 дахь түрүү байлаа. Дюкийн их сургуулиас мэргэжлийн ангилалд 2010 онд элсэн орсон Адам Лонг өмнө нь хэзээ ч дэлхийн чансааны топ 100-д багтаж байсангүй. Тэгвэл Десерт Классик тэмцээний цомыг өргөснөөр Лонг дэлхийн чансаанд байр ахижээ. Тэмцээний 3-р тойргийн дараагаар мэргэжилтнүүд санал нэгтэйгээр Филь Микельсонг цом өргөн гэж дүгнэж байлаа. 48 настай PGA-н цувралын 43 түрүүт, мастерсийн 3 удаагийн аварга Филь Микельсон 2019 онд гайхалтай байгаа бөгөөд эхний 3-р тойрогт өмнөө хэнийг ч алдаагүй гайхам амжилтыг үзүүлж байсан юм. Гэхдээ түүний хувьд сүүлийн тойрогт 69 цохилтоос -3 оноог авч, -25 оноотой болсон байна. Филь Микельсон сүүлийн тойрогт 1 болон 5 дахь нүхэндээ нэмэх оноо авсан нь түүний удаан хүлээсэн цом өргөх боломжийг нь хойш нь татжээ. Энэ боломжийг ашиглаж, Адам Лонг 65 цохилтоос сүүлийн тойрогт -7 оноог авсан нь түүнд цом авах боломж олгосон юм. Цомын эзэн болсон Адам Лонг чансааны 500 оноо, 1 сая 62 мянган ам доллар хүртэхээр болжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна