“Рио Тинто” групп Монголын “Оюутолгой” ХХК-ийн Хуулийн асуудал эрхэлсэн захирлыг шинээр томилжээ. Ингэхдээ компанийн ТУЗ дэхь Монголын талын гурван гишүүнд огт мэдэгдээгүй аж. Тус компанийн хувьд Хуулийн асуудал эрхэлсэн захирал нь гүйцэтгэх захирал, Санхүүгийн асуудал эрхэлсэн захирлын дараа орох том албан тушаал. Тийм ч учраас энэ том албан тушаалын томилгоог ТУЗ-тэй заавал зөвшилцөх учиртай. Гэтэл “Рио Тинто” шууд томилсон нь Монгол Улсад бүртгэлтэй, Монголын компани болох “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ дэхь Монголын талын гурван гишүүн, цаашлаад Монгол Улсыг үл тоосон хандлага гэж үзэж болохоор байна.
“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ дэхь Монголын талын гурван гишүүний нэг Э.Мэндтүвшин энэ талаар “Оюутолгой” ХХК-н Хуулийн захирал ажлаа өгч, шинэ хүн нь шалгараад долдугаар сард ажилдаа орсон талаар гадуур өөр танилаас сая л сонслоо. Шинэ хуульчийн талаар Монгол талын ТУЗ-ийн гишүүдэд мэдээлэл албан ёсоор огт өгөөгүй.
Түрүү жил ОТ гүйцэтгэх захирал солигдож байхад мөн адил Монгол талд ямар ч мэдээлэл өгөлгүй, шууд олон нийтэд зарласан. Энэ талаар “Оюутолгой” болон “Рио Тинто”-д шаардлага хүргүүлсэн, мөн олон нийтэд мэдээлсэн.
Компанид Гүйцэтгэх захиралаас гадна хамгийн чухал алба бол Санхүүгийн захирал болон Хуулийн захирал. Эдгээр албан тушаалтнуудын өөрчлөлт, шинэ томилгооны талаар заавал ТУЗ-тай зөвшилцөх хэрэгтэй.
Монгол талаас нээх тийм экстрим үзэл бодол, шаардлага бол огт тавиагүй. Сайн анзаараарай. Бид олон улсын стандарт, жишгийн дагуу хамтрагч нар байя л гэж шаардаж байгаа.
“Оюутолгой” ХХК дээр засаглал болохгүй байгааг зөвхөн ийм энгийн зүйлээс дахин харж болно. Монгол талын оролцоо байхгүй, “Овутолгой” ХХК-ийн удирдлага нь ТУЗ-дөө хариуцлага хүлээдэггүй.
Бүх юмыг Ерөнхий сайдын түвшинд л хүргэж ярина гэж байхгүй шүү” хэмээн бичсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна