СУРВАЛЖИЛГА: Гурил махны үнэ нэмэгдэж, иргэд өр тавьж өдрийн хоолоо залгуулж байна

Х.Есү
2 цаг 35 минутын өмнө

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж иргэд өдрийнхөө хоолны хэрэгцээг дэлгүүрээс зээлж авах тохиолдол их бий. Бид энэ удаа Толгойт, Баянхошууг зорьж хүнсний дэлгүүрийн “Өрийн дэвтэр”-ийн талаар сурважиллаа.

Сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ 5-10 мянган төгрөгөөр нэмэгджээ. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөхтэй зэрэгцэн иргэдийн худалдан авах чадвар муудсан талаар дэлгүүрийн худалдагч нар хэлж байлаа.


Худалдагч Н: “Хоолны махгүй болчихлоо. Хүүхэд маань өлсөөд байна. Мах зээлээч” гээд ороод ирэхээр яаж ч чаддаггүй

-Манайх 2000 оноос хойш энэ хавьд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний дэлгүүр. Хүмүүс ихэнхдээ хүнсний бүтээгдэхүүн зээлдэг. Түүнд нь ганц кг мах, гурил будаа, талх элсэн чихэр орно. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ аваад гарахад л 40-50 мянган төгрөг болдог.

Цалингаа буухаар орж ирж өрөө дарчихаад дахиад хоолныхоо зүйлсийг зээлээд гардаг. Энэ хавьд удаан амьдарсан бие биенээ таньдаг хүмүүс болохоор зээл өгөхгүй байх үнэхээр хэцүү байдаг. Ер нь юмны үнэ өсөөд хаа хаанаа л хэцүү байна.

Худалдагч Г: Зээл өгөх хэцүү, өгөхгүй байх хэцүү л байна.

-Амьдрал хаа хаанаа үнэхээр хүнд байна. Хоолны махгүй болчихлоо, талх, гурил, будаа зээлье гээд ороод ирэхээр нь үгүй гэж хэлж чаддаггүй. Зээлээд л гаргана. Эргээд сар гарны дараа өрөө төлдөг. Хүмүүсийн ихэнх нь эхнэр, нөхөрийн цалин буухаар, халамж буухаар, хүүхдийн мөнгө буухаар өгье гээд өр тавьдаг. Одоо хүмүүс архи дарс, амттан шимттэн гэхээсээ илүү өдөр тутмынхаа хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийг л зээлж байна.

Манай дэлгүүр одоо аваагүй бүх өрөө бодох юм бол нэг сая гаран төгрөг байгаа. Хэрвээ үүнийгээ авчихсан бол дэлгүүрийнхээ бараа таталтад нэмэрлэмээр л байна.  

Худалдагч Э: Адилхан л амьдрах гээд явж байгаа хүмүүс болохоор аль аль талдаа хэцүү  байдаг

-Хүмүүс байнга л өр зээл тавьж байна. Өрөө төлөхгүй тойрч зугтаад өөр дэлгүүр дээр очоод дахиад өр тавьдаг ч хүмүүс байна. Дэлгүүрийн бараа татан авалтад их нөлөөлдөг учраас манай дэлгүүр 200 мянган төгрөгөөс дээш зээл өгдөггүй.

Адилхан л амьдрах гээд явж байгаа хүмүүс болохоор аль аль талдаа хэцүү л байдаг. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна