УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар зарим зүйлсийг тодруулан ярилцлаа.
-Баяр наадмын тухай хуульд ямар гол гол өөрчлөлтүүд гарч байгаа вэ? Хууль нь өнгөрсөндөө эргэж хэрэгжихэд бусад бөхийн цолны маргааныг дагуулаад байх шиг байна. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?
-Баяр наадмын тухай хуулийн гол агуулга маань Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ой болох 820 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд 1024 бөх барилдуулах асуудлыг тодорхой төрийн тэргүүн зарлиг гаргасан тохиолдолд зарим нэг онцгой чиглэлүүдэд шийдэж болох юм гэдэг агуулгаар хуулийн төсөл орсон. Монголын ард түмний түүх үндсэн хуулийн хамгаалалтанд, төрийн хамгаалалтанд байдаг. Үүний ач холбогдолыг улс нийтээрээ, ард түмнээрээ хойч залуу үедээ зөвөөр ойлгуулж, сурталчилан таниулах эь бидний журамт үүрэг гэж бодож байна. Энэ хүрээндээ л 1024 бөх барилдуулъя гэсэн асуудал орж байгаа. Талцал хуваагдал хаана үүсээд байгааг би сайн мэдэхгүй байна. Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу бөхчүүдийг төлөөлж дугардаг Монголын Үндэсний Бөхийн холбооноосоо саналыг нь авч дэмжсэн. Дөнгөж хэлэлцэх эсэхээ шийдээж байна. Цаашдаа ьөрийн байгууллага хэлэлцээд явах байх.
-Ковидын үеэр бөх барилдсан нь тэгш ой мөн үү биш үү гэдэг дээр маргаан дагуулаад байна л даа. Хэрвээ тухайн жил барилдсан бөхчүүдэд цол олгох юм бол эргээд Б.Орхонбаяр О.Хангай нарын цолны асуудал ч гэсэн яригдана гэж байна?
-Битгий тэгээч ээ. Би тэр мэдээллийг хараад үнэхээр харамссан. Хандалтын төлөө байж болно. Гэхдээ энэ утгагүй зүйлээр мэдээ бэлдэж оруулж байна гэдэг бол туйлын харамсалтай. Үндэсний их баяр наадмынхаа асуудлыг тоглоом шоглоом болгоод, хиймэл оюун ухаанаар баахан видео шторк оруулаад өөр өөрсдийгөө л доромжилж байна шүү дээ Монголчууд. Тэр хүн хуулийн төслөө оруулж ирлээ, буруу зөрүү байсан бол татаад авчихлаа.
Гэтэл энэ дээр нь манай хэвлэл мэдээллийнхэн ч байдаг юм уу, зарим залуучууд өөр өөрсдийгөө доромжилсон мэдээ контент оруулаад, Монгол түүх, өв соёлын бахархалаараа тоглоод байж болохгүй. Би энийг хатуухан хэлмээр байна.
Ийм зүйл болохгүй гэдгийг би хариуцлагатай хэлмээр байна. 2021 оны наадмыг наадам уу үгүй юу гэдгийг би шийдэх гээд байгаа, энэ улирал шийдэх гээд байгаа асуудал биш. 2022 онд Үндэсний их баяр наадмын тухай хуулийг шинэчлэн батлаад, дагаж мөрдөх журмын хууль гаргаад долоон сарын нэгний өдөр батласан дагаж мөрдөх журмын хуулиар наадам мөн гээд тооцчихсон. Эрх бүхий байгууллага нь шийдвэрлэж болно гэдэг дээр эрх бүхий байгууллага нь хэн юм бэ гэдэг дээр гацаад, хэрэгжихгүй байгааг хэрэгжихүйц болгох гэж би энэ хуулийн төслийг оруулж ирсэн. Хэвлэл мэдээллийнхэн маань байнга асуугаад байхаар иргэд олон нийт төөрөлдөөд байна. 2022 онд шийдчихсэн асуудал.
-Таны өргөн барьсан хуульд наадмын амралтын тухай зохицуулалт байгаа юу?
-Ороогүй. Би хувь хүн талаасаа наадам, цагаан сарын үеэр уужуу тайван амрахыг дэмждэг. Энэ бол гэр бүлийн баяр хүн ам зүйн бодлого. Хоёрдугаарт эдгээр өдрүүдэд зам тээврийн ослүүд ихээр гардаг. Амралт давчуу болоод ирэхээр хөдөө орон нутгийг зорьж байгаа иргэд яараад зам тээврийг ослууд нэмэгддэг учраас зохистой хэмжээнд нэмэгдүүлээд өгөх хэрэгтэй. Нийтээр амрах өдрүүдээсээ заримыг нь наадам цагаан сар руу шилжүүлээд тэмдэглэлт өдөр гээд явах боломжтой. Миний хуульд тусгагдаж орж ирээгүй. Хувь хүн талаасаа дэмждэг.
-О.Амгаланбаатар гишүүний өргөн барьсан хуульд 10 хоногийг багтаасан байгаа. Мөн нэг эрийн гурван наадам гэдэг асуудал яригдаад байгаа. Үүнийг юу гэж харж байна вэ?
Бусдын хуульд шүүмж хэлээд дэмий байх. Хууль санаачлагч гишүүд маань хойшлуулчихлаа. Цаашдаа үндэсний спортын хуультай болох ёстой. Энэ спортод бидний ахуйн болоод, амьдралыг харах философи явж байгаа. Тодорхой хэмжээнд үүнийгээ бусад орны зөөлөн хүчний бодлогоос хамгаалах ёстой. Энэ талаасаа бид цаашдаа үндэсний спортыг төрийн бодлогын хүрээнд анхаарч, зөв зохион байгуулж Монгол Улсын ондоошил өв соёлоо хамгаалах ёстой гэсэн байр суурьтай байдаг. Намрын чуулганд үндэсний спортын тухай хууль өргөн барья гэсэн бодолтой байгаа" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна