УИХ дахь АН-ын бүлэг гурван асуудал хэлэлцжээ. Энэ талаар АН-ын дарга О.Цогтгэрэл мэдээлэл өглөө. Тэрбээр О.Цогтгэрэл "Батлан хамгаалахын сайдтай холбоотой асуудлыг хоёр долоо хоногийн өмнө Ардчилсан намын бүлгээс хариуцлага тооцохыг шаардсан. Одоог хүртэл хариуцлага тооцоогүй, хариулт ирүүлээгүй нь хариуцлага тооцохгүй гэх байр суурь гэж ойлгож байна. Манай намын бүлгийн гишүүд хэрэв Ерөнхий сайдаас хариуцлага алдсан салбар, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн Д.Батлут сайдад хариуцлага тооцохгүй бол Ерөнхий сайдад өөрт нь хариуцлага тооцох асуудлыг тавих ёстой. Энэ хүрээнд намын болоод бүлгийн дарга асуудлыг хариуцаж, шийдэл гаргаж ажиллах нь зүйтэй гэж үзлээ. Нэг ёсондоо, Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулна гэсэн үг.
Ерөнхий сайд, Засгийн газрын асуудал гэхээс илүү томоор нь харж эдийн засгийн нөхцөл байдал, ард иргэдийн нөхцөл ямар байна вэ. Инфляци хоёр оронтой тоонд орсон. Орлого, татварын асуудалд Засгийн газар хариуцлага хүлээх ёстой гэх байр суурьтай байна.
Н.Учралын Засгийн газар бүрэлдээд 80 орчим хоног өнгөрлөө. Энэ хугацаанд та бүхэн анзаарсан бол, эрх баригч намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх хугацаа тал дундаа буюу хоёр дахь жилдээ орж байна. Үнэхээр энэ 100 хоногийн хугацаанд Засгийн газар юу ч хийхгүй нь тодорхой харагдлаа. Та нарт ямар төсөл, төлөвлөгөө танилцуулсан бэ. Тэгэхээр ирэх хоёр жил Монголд ямар нэгэн өсөлт хөгжил, хийх ажил байхгүй гэдэг нь тодорхой болов.
Муу Засгийн газрыг удаан явуулах нь ашигтай юу, магадгүй илүү сайжирч солигдох нь ард иргэдэд ашигтай юу гэдгийг харах хэрэгтэй. Огцруулах гарын үсгийг 64 хүргэхийг ч үгүйсгэхгүй” гэв.
Мөн бүлгийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийг энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэхтэй холбоотой салбарын төлөөллийн мэдээллийг сонслоо. АМНАТ-ийг нухацтай харах ёстой. Байгалийн баялаг ашиглаж байгаа аливаа бизнес баялаг бүтээгч ангилалд орж байна уу. Үүнд улстөрчид хариулт өгөх шаардлагатай. Зэс, нүүрс, алтыг бид бүтээсэн үү, үгүй юу гэдэг ойлголтоо нэгтгэх шаардлага байна. Зарим гишүүн энэ бол баялаг бүтээж буй үйл явц биш учраас илүү өндөр татвар төлөх шаардлагатай гэдгийг тодотгож байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна