Эрх баригчид улаан цагаандаа гарлаа

Zuv.mn
2 цаг 54 минутын өмнө

МАН сүүлийн 10 жил засаглахдаа хүний эрхийг уландаа гишгэж, бүр сүүлдээ нийтийн албан тушаалтантай холбоотой баримттай нийтлэл, мэдээлэлд зургийг нь зөвшөөрөлгүй авч нийтэлсэн гэх агуулгаар хууль шүүхийн байгууллагад гомдол гаргаж, торгуулдаг болтлоо вакуумжиж, дээрэлхэх болж. Үнэндээ, “хэн намайг хэлж, нохойг хэн саах вэ” гэгчээр татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулж, хуулийн хулгай хийсэн албан тушаалтны шийдвэрийг хэвлэл мэдээлж болохгүй болтлоо хааж боож, цагдаа шүүхийн байгууллагаар дарамтлах байдал сүүлийн жилүүдэд хэрээс хэтэрлээ.

Үр дүнд нь авлига, хэвлэлийн эрх чөлөөний индексээр уруудаж ирсэн. Сэтгүүлч, редакц руу чиглэсэн шүүхийн маргаан, гомдол, дарамт, төрийн байгууллагуудаас мэдээлэл авахад хүндрэлтэй, зарим мэдээлэлд хязгаарлалт тогтоож, сав л хийвэл хорино, шалгана гэх болсон. Энэ бол 2016 оноос гурав дахь удаагаа үнэмлэхүй олонх болж засаглаж буй МАН-ын хэвлэлийн эрх чөлөөнд учруулсан хор хохирол. Хэвлэлийн эрх чөлөө бол ардчилсан нийгмийн үнэт зүйл. Ардчилсан орон гэж тунхагладаг хэр нь хэвлэн нийтлэх эрх чөлөөнд  ноцтой халдаж, хэвлэл мэдээллийн байгууллагыг зөвшөөрснийг нийтлэх хэрэгсэл болгож алх дохиур мэт үзэж буй нь хэр зохистой үйлдэл вэ.

Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 2024 онд хамгийн доод түвшинд хүрч, 109 дүгээр байрт орсон. Сэтгүүлчдийн эсрэг гомдол, хэрэг, шүүхийн дарамт, улс төр голлон нөлөөлж, ийн уруудахад хүргэсэн гэж олон улсын байгууллагаас дүгнэсэн. Мэдээллийн ил тод байдлыг хангаж гийгүүлдэггүй юм гэхэд 1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь олон нийтийн мэдээлэл авах эрхийг хангах, төрийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэгтэй” гэсэн заалтыг хэрэгжүүлж, төрөөс хэвлэл мэдээллийн агуулгад “хяналт тогтоодог” арга барилаасаа салах ёстой шүү, эрх баригчид аа.

Хамгийн сүүлийн жишээ дурдахад, манай сайт "Хөтөлийн цемент шохой" ТӨХК-ийн дарга Н.Ганхуяг 450 саяын үнэтэй балгасыг 5.5 тэрбумаар үнэлж, үйлдвэрээ олон тэрбумын алдагдалд оруулжээ" гэх гарчигтай нийтлэл бэлтгэсэн. Үндэсний аудитын газраас гаргасан хяналт шалгалтын дүнг үндэслэн бичсэн энэ нийтлэлдээ төрийн өмчит компанийн дарга Н.Ганхуягийн зургийг нийтэлсэн. Гэтэл "Хөтөлийн цемент шохой" ТӨХК-ийн дарга Н.Ганхуяг “Миний зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” гэж ХЭҮК-т өргөдөл гаргаж, улмаар комисс “Зураг бол хүний биометрик мэдээлэл тул мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр зургийг нийтэлсэн нь зөрчлийн шинжтэй гэж дүгнэснийг үндэслээд  цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээж, 20 сая төгрөгийн торгууль ногдуулаад байна.

Хууль хүн бүрд тэгш шударга үйлчлэх ёстой. Түүнээс аль нэг талд давуу байдал олгодог,  элдэв хүндрэл үүсгэдэг, даргыгаа өмөөрөх, хуулийг өөрийн үзэмжээр тайлбарлах “цоорхой”-той байж болохгүй. Энэ хийдэл цагаан захтнуудын хулгай булхайгаа нуух халхавч, нуувч, сэтгүүлчдийн амыг үдэх, цензур тогтоох зэвсэг огтоос байж болохгүй юм.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна