Нийтийн албан тушаалтны зургийг биометрик мэдээлэл гэж дүгнэсэн С.Ганзоригийг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ

Zuv.mn
2 цаг 53 минутын өмнө

ХЭҮК-ийн Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ганзориг нь “...иргэн Н.Ганхуягийн зураг нь хүний биометрик мэдээлэл болох тул мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр түүний зургийг Zuv.mn сайт нийтэлсэн” гэх агуулга бүхий албан бичгийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст шилжүүлж, Зөрчлийн тухай хуулиар тус сайтад 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан 

Үүнтэй холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссоос Ажлын хэсэг байгуулж, дурдагдаж буй гомдолд хууль, журмын дагуу шалгах ажиллагаа явуулсан эсэхэд дотоод хяналт шалгалт хийж, дүгнэлтээ танилцууллаа.

Дүгнэлтийг хүргэж байна.

-Н.Ганхуягаас ирүүлсэн гомдолд тухайн үед шалгах ажиллагаа явуулж, хяналт тавьж ажилласан Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга С.Ганзориг гомдол шалгах ажиллагааг явуулахдаа Комиссын гишүүнээс өгсөн үүрэг, чиглэлийн дагуу гүйцэтгээгүй, холбогдох хууль, журмыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга С.Ганзоригт Комиссын гишүүн Г.Нарантуяагаас тухайн гомдлыг “Хүний эрхийн зөрчил, Хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн зөрчил эсэхэд дүн шинжилгээ хийж танилцуулах” гэсэн чиглэлийг өгсөн байтал Комиссын гишүүнд гомдол шийдвэрлэх ажиллагааны явц, хавсаргаж ирүүлсэн холбогдох баримтад хүний эрхийн эрх зүйн дүн шинжилгээ хийж, шийдвэрлэлтийн талаарх саналыг танилцуулаагүй, мэдэгдэлгүйгээр, Комиссын гишүүнээс өгсөн чиглэл, удирдамжийг зөрчин гомдлыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст шилжүүлж шийдвэрлэсэн нь хууль, журмын заалтыг зөрчсөн байна.

-Н.Ганхуягаас ирүүлсэн гомдлын мөрөөр холбогдох баримт, мэдээллийг тал бүрээс нь бүрэн дүүрэн нягтлан хянаагүй байна.

Н.Ганхуяг нь гомдолдоо: “...миний бие Цемент шохой компанийн Стратеги төлөвлөлт, бизнес хөгжлийн газрын даргаар ажилладаг” гэж тодорхой бичсэн байх бөгөөд түүний эрхэлж буй албан тушаал нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1.3 дахь заалтад заасан “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” нь хамаарах бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтанд хамаарч байна. Гэтэл дээрх албан хаагчид гомдол хянан шийдвэрлэхдээ дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй байна.

Иймд Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга С.Ганзориг нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-д заасан “харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”, мөн зүйлийн 37.1.13-д заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, Иргэдээс  төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-д заасан “өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх”, Тамгын газрын даргын  2025 оны А/18 дугаар тушаалаар баталсан албан тушаалын тодорхойлолтод заасан “Комиссын гишүүний өгсөн чиглэл, удамжийн дагуу хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, хамгаалах үйл ажиллагаанд хяналт тавих ажлыг төлөвлөх, үр дүнг тайлагнах” чиг үүргийг тус тус хангалтгүй хэрэгжүүлж, хариуцлага алдсан гэж дүгнэв.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга С.Ганзориг нь Комиссын гишүүн Г.Нарантуяагаас өгсөн чиглэлийн дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/08 дугаар тушаалаар баталсан “Хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн тухай гомдол, мэдээллийг шийдвэрлэх ажиллагааны журам”-ыг баримталж ажиллаагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлээгүй зэргээр Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6 дахь заалтын “харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”,  мөн зүйлийн 37.1.13 дахь заалтын  “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэснийг зөрчсөн болох нь тогтоогдсон тул гаргасан зөрчлийн шинж байдлыг үндэслэн түүнд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан зохих сахилгын шийтгэл оногдуулах саналтай байна.

Сахилгын шийтгэлээр төрийн албанаас чөлөөлөх бөгөөд одоогоор халах сонсох ажиллагаа ХЭҮК хийж байгаа аж.

 

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.90
    36 минутын өмнө

    Zuv uu alban tushaalaas n chuuluh heregtei

    Хариулах