Г.Батцэцэг: Хүний амь нас үрэгдчихээд байхад "МАК цемент" компанид хариуцлага хүлээх хүн алга

Г.Анар-Эрдэнэ
2 цаг 26 минутын өмнө

“МАК цемент” компанийн талаар болон 2023 оны 11-р сарын есний өдрөөс 10-ны өдрийг шилжих шөнө гарсан хэргийн талаар ярих гэсэн юм. Тэр шөнө үйлдвэрийн ослоор хүн амь насаа алдсан хэрэг гарсан. Амь хохирогч нь миний нөхөр байсан. Тухайн үед үйлдвэрийн ослоор нас барсан гэдгийг нь хяналтын улсын байцаагч А.Батхуяг дүгнэсэн байдаг. Мөн “МАК цемент” компанийн комиссын гишүүдийн гарын үсэг нь байна.

Энэ хэрэг 2023 онд болсноос хойш нэг ч удаа шүүх хурлаар ороогүй. Хэрэг дээр Дорноговь аймгийн мөрдөн байцаагч Тэмүүжин, прокурор Цэрэндулам гэх хүмүүс ажиллаж байгаа. Энэ хүмүүсээс 2023 оноос хойш хэрэг юу болж байгаа талаар мэдээллээ аваад явж байгаа.

Гэхдээ одоогийн байдлаар ямар ч тодорхой хариулт өгөөгүй. Хэд хэдэн дүгнэлтүүд хийлгээд хариу нь гарсан. Сүүлд өгсөн сэтгэцэд нөлөөлөх хор уршгийн дүгнэлт 12 сард гарсан. Тэрнээс хойш дүгнэлттэйгээ танилцаж чадаагүй, мөрдөн байцаагч дүгнэлттэй танилцуулж өгөөгүй.

Тухайн үед “МАК цемент” компанийн хуулийн төлөөлөгч Төрболд гэж байсан. Сүүлд солигдоод Жавхлан гэдэг хүн болсон байсан. Хохирогч тал нь дүгнэлтүүдтэйгээ эхлээд танилцах ёстой байтал “МАК цемент” талынхан түрүүлж танилцдаг. ЦЕГ-т хэд хэдэн удаа утсаар гомдол гаргаж байсан ч энэ хэрэг дээр бид ажиллахгүй, прокурор, дээд шүүхэд ханд гэсэн хариуг өгсөн.

Шат шатны байгууллагуудтай холбогдохоор энэ хэргийг ерөөсөө хүлээж авч, шийдэж өгдөггүй. Байцаагч хийх ёстой зүйлээ хийгээд, шалгах ёстой зүйлээ шалгаад прокурорт өгдөг, прокурор энэ хэргийг ажиллагаа дутуу байна гээд буцаадаг гэж хэлсэн.

100 хувь үйлдвэрийн ослоор тооцсон байхад заавал яллагдагч татаж байж шүүх хурлаар орох ёстой гэж байгаа юм. Тухайн үед хажууд нь байсан бүх хүмүүс яллагдагчаар татагдаад шүүх хуралд орох ёстой. Шүүх харин хэнийг нь яллагдагч гэдгийг шийдэж өгнө.

Хүмүүсийн дэл сул ярианаас сонсоход “МАК цемент” компанийн энэ хэргийг хариуцаж байгаа байцаагч нь энэ миний мэдлээс хэтэрсэн хэрэг, МАК талаас дээд албан тушаалтангуудтай ярих зүйлээ ярьчихсан гээд яриад явж байна гэсэн.

Хохирогч тал нь гурван жил энэ хэргийг шийдэгдэхийг хүлээгээд байж байхад нөгөө тал нь дээгүүр, том албан тушаалтай хүмүүстэй яриад зохицуулж болдгийг маш их гайхаж байна. ХАБ гэх хүн тухайн үед байх ёстой байсан. Хэрвээ байгаагүй тохиолдолд компанийн гүйцэтгэх захирал хариуцлага хүлээх ёстой. Гүйцэтгэх захирал Н.Цэлмүүн гэж хүн байдаг. Уулзах гээд яваад очихоор дандаа ийш тийшээ явчихсан гэх хариу өгөөд үүднээсээ цаашаа оруулдаггүй.  

Нөхөр минь гурван сарын туршилтын хугацааныхаа явцад пункерт элсэнд дарагдаж өөд болсон. Тоног төхөөрөмжтэй яаж харьцах талаар зааж өгөөгүйгээс болж энэ осол гарсан гэж дүгнэсэн. Тухайн үед би жирэмсэн байсан учраас хэргийн араас явж чадаагүй.

2023 онд өмгөөлөгч авсан. Тухайн өмгөөлөгч манай хэргийн хойноос жил гаран явж байгаад одоо бүр утсаа авахгүй алга болчихсон. Алга болохоосоо өмнө “Энэ хэргийн хойноос ингэтлээ хөөцөлдөөд яах вэ, гомдолгүй гэдгээ хэлээд 10-20 сая төгрөг аваад эртхэн салахаа бод” гэж хэлсэн. Тэрнээс хойш холбоо тасраад энэ хэрэг ямар ч өмгөөлөгчгүй байгаа.

Дүгнэлттэйгээ танилцах гэхээр өмгөөлөгчид чинь өгчихсөн гэдэг. Тэр хүн нь надтай ерөөсөө холбогддоггүй. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусах гэж байгаа. 2026 оны 11-р сарын 10-ны өдрөөс өмнө хэрэг шийдэгдэхгүй бол шууд хаагдах дээрээ тулаад байгаа. “МАК цемент” компанийн дарга нар нь хүний амь нас эрсдээд, бэртэж гэмтэж байдгийг мэддэг ч юм уу.

Намайг төрсний дараа тус компанийн дөрвөн хүн ирж уулзсан. Гомдолгүй гээд хэлээд өгөөч, байр өгье, машин аваад өгье, юу хэрэгтэй байна гэж байсан. Би зөвшөөрөөгүй тэр хүмүүсийг буцаасан. Энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдээсэй гэж л хамгийн их хүсэж байна.

 

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.47
    19 минутын өмнө

    Ханл нөхрөө алдсан хүн гомдолтой байлгүй яахав. Харин амь хохрогч нь өөрөө алдаа гаргасан бол заавал тэр хавьд байсан бүх хүмүүсийг яллана гэж шаардах нь учир дутагдалтай л даа!

    Хариулах