Шатахууны “ШАГ”-ийн бизнес цэцэглэж байна

Zuv.mn
2 цаг 9 минутын өмнө

Ойрын өдрүүдэд шатахуун ховордож иргэд ШТС сахин олон цагаар дугаарлаж байна. Хомсдол эхлэх үед дугаарлалт их ч хязгаарлалт айгаагүй бол сүүлд зарим ШТС-ууд  50,000-60,000 төгрөгийн лимит тогтоон хэрэглэгчдэд түгээж буй.

Тэгвэл энэ нөхцөл байдлыг ашигласан шатахууны ШАГ-ийн бизнес дэлгэрчээ.

ШАГ гэдэг нь картын барааны үед гарсан хэллэг бөгөөд “Шил архи гаргах” гэдэг үгийн товчлол бөгөөд тухайн үед архи дарс хэрэглэдэггүй айлууд ноогдсон архиа үнэ нэмээд зарчихдаг байсантай холбоотой юм. Түүнээс хойш ховор живэр барааг бодит үнээс нь өсгөн худалдахыг “ШАГ”, “Шаглах” гэж ярьж хэлдэг болсон байдаг.

Шатахууны ШАГ-ийн үнэ нэг литр нь 7000-10,000 төгрөгт хүрсэн талаар иргэд ярьж байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шатахуун ховордоход нэг литр АИ-95 шатахууны ШАГ-ийн үнэ 7000 төгрөг, АИ-92 нэг литр нь 5000 төгрөг хүрсэн, зарим сэргэлэн, амтагшсан ШАГ-чид үйлчлүүлэгчийнхээ түрийвчний нимгэн зузаанаас хамаараад 9000 төгрөгөөр зарж байгаа талаар хэвлэлд мэдээлэгдэж байв.

Тэгвэл энэ удаад зуны амралтаар хөдөө орон нутгийг зорьсон нийслэлчүүдийн буцаж ирэх хэрэгцээ, шаардлагаас үүдэлтэйгээр шатахууны бизнес ийнхүү “цэцэглэжээ”.

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням өнөөдөр мэдэгдэл хийж, энэ сард ОХУ-ын "Роснефть" компаниас 50 мянга, бусад нийлүүлэгчдээс 10 мянган, БНХАУ-аас 6 мянган тонн буюу нийт 66 мянган тонн АИ-92 автобензин авах захиалгуудыг баталгаажуулсан талаар мэдээлсэн. Энэ бол манайд сарын хугацаандаа хангалттай хэмжээ. Гэвч захиалга биелэгдэж, хэрэглэгчдийн гар дээр иртэл ШАГ-ийн бизнес арилахгүй, иргэдийн халаасыг нимгэлсээр байх нь тодорхой юм.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.149
    8 минутын өмнө

    Avalgui baihad l boloo bish uu? Eersdee l tsetsegluulj baina shuu dee

    Хариулах