УИХ-ын болчимгүй шийдвэр тэмээн дээр ямааны гарз гэгч болох вий
Монголчууд ардчилсан нийгэмд шилжээд 25 жилийн нүүрийг үзэж байгаа. 1990-ээд оны үед улсын өмчийг хувьчлан хувийн хэвшлийн бизнесийг дэмжиж, иргэн хувийн өмчтэй болсон гээд ололттой үйл явдал өрнөсөн билээ. Түүнээс хойш ч улсын мэдлийн олон үйлдвэр, компанийг хувьчлах үйл явц өрнөж байв. Гэхдээ хувийн өмч рүү хүч түрэн дайрч, төр булааж авсан бурангуй түүх өнгөрсөн он жилүүдэд уг “Галзуу чоно айлын хотонд халджээ”, “Галзуу нохой хүн рүү дайрсан байна” гэх мэдээг та зөндөө сонссон байх. Иймэрхүү мэдээлэл байсхийгээд л хэвлэлээр цацагддаг болохоор хүмүүс ч нэг их ач холбогдол өгдөггүй. Гэтэл нэрийг нь сонссоноос хэтрэхгүй өнөөх айхтар өвчний тархалт сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, мэргэжлийн хүмүүсийг түргэн авахуулахад хүргэжээ. Галзуу нь гарч байгаагүй. Харин 2017 онд ийм үйл явдал тохиож олныг цочирдуулж, айдаст автууллаа.
Тодруулбал, МАН 2016 оны сонгуульд ялалт байгуулсан цагаасаа хойш л нэгэнт хувийн хэвшлийн мэдэлд шилжсэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьд илүү их дайралт хийх болов. Улс орныг эдийн засгийн хямралаас хэрхэн гэтэлгэх вэ гэдэгт анхаарал хандуулахаас илүүтэй “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь л овоо хараанд нь орчихоод байлаа. Эцэстээ МАН санасандаа хүрч, хувийн өмчийг булаах алхам хийв. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ-ын Хууль зүйн байнгын хороо “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг хэлэлцэж, төрийн өмчийг буцаах шийдвэр гаргасан нь олон нийтийг гайхашруулж, нийгмийн ухралт боллоо хэмээн шүүмжлэхэд хүргэсэн юм. Улмаар Байнгын хорооны гаргасан шийдвэрийг УИХ-ын чуулганы хуралдаанаар тэр дор нь хэлэлцүүлж, “Эрдэнэт үйлдвэр”- ийн 49 хувийг булаан авах төлөвлөгөөгөө хүч түрэн хэрэгжүүлэв.
Гэвч УИХ-аас гаргасан энэ шийдвэр эдийн засгийн үр дагавар нь олон жил үргэлжлэх буруу алхам болсныг олон эх сурвалж хэлж байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаан, УИХ-ын чуулганы өнгө аяс бүхэлдээ шүүх хурлын шинжтэй хувийн хэвшил рүү хэтэрхий дайрсан, компанийн төлөөллүүдийг байцаасан байдалтай өрнөсөн нь хүмүүсийг гайхахад хүргэв.
Нөгөөтэйгүүр Байнгын хорооноос томилогдсон Ажлын хэсгийнхний дүгнэлтийг үнэн зөв мэдээлэлтэй байсан гэж итгэхэд бэрх. Улсын төсвөөс сохор зоос ч аваагүй байхад худал таамгаар мэдээлэл цуглуулж бүр олон нийтэд тарааж, бизнесийн нэр хүндэд халдсан бүдүүлэг хэлмэгдүүлэлт боллоо.
Түүнчлэн Байнгын хорооны хуралдаан дээр гишүүд 49 хувь эзэмшигч талыг урьсан ч тайлбар, тодруулга аваагүй, асуулт тавиагүй нь хуйвалдааны шинжтэй, дүр эсгэсэн хэлэлцүүлэг байсан гэж үзэж болохоор байгаа юм.
Хамгийн гол нь үнэхээр төрийн мөнгөөр улсын өмчийг худалдаад авчихсан, эсэхийг огт нотолж тогтоогоогүй. Учир нь Худалдаа хөгжлийн банк Засгийн газраас 1.1 их наяд төгрөгийн авлагатай байгаа юм байна. Тэгэхээр Засгийн газар болон Монголбанк өөрөө Худалдаа хөгжлийн банкинд өртэй болж таарч байна.
УИХ-ын хувийн хэвшлийг дээрэмдсэн энэ ичгүүргүй явдал эцэстээ олон улсын хөрөнгө оруулалтыг зогсоох, нэг улсын хараат болох үүд хаалгыг нээж буй харалган үйлдэл боллоо. Эл дээрмийн хэргээрээ энэ удаагийн парламент түүхэнд "луйварчин" нэртэй үлдэх нь.
Олон түмний сонголтоор гарч ирсэн төр нь бизнесийн байгууллага руу улайран довтолж, улмаар өмчийг нь булаан авч буй бусармаг үйлдэл нь хувийн хэвшлийнхнийг айдаст автуулж эхэллээ. Магадгүй дахиад нэг компанийн өмчийг дээрэмдэх, булаах үйлдэл давтагдаж мэдэхээр дүр зургийг эрх баригчид өнгөрсөн өдрүүдэд бүдүүлгээр харуулав.
Монголын эрх баригчдын гаргаж байгаа шийдвэрт олон улсын ажиглагчид таагүй үнэлгээ өгч буй нь дамжиггүй. ОХУ-ын тал л гэхэд ийм шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн тухай яриа сонсогдож байгаа.
Энэ талаар чуулганы хуралдаан дээр Ерөнхийлөгч ч байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Та нарын энэ шийдвэр дэлхийд Монголыг ганцаардуулах болно. Засгийн газар бүрдэнгүүтээ “Эрдэнэт”-д шинэ удирдлагаа томилж, 51 нь 51 шиг, 49 нь 49 шигээ байх ёстой.
Хууль дүрэм зөрчсөн бол хуулийн байгууллагаар шалгуулах ёстой гэдэг байр суурь би илэрхийлж байсан. “Эрдэнэт”- ийг 30 жил ажиллана гэж тэр үеийн мэргэжилтнүүд тооцсон. Өнөөдөр 39 дэх жилдээ ажиллаж байна. Гэхдээ 600 орчим сая ам.долларын асуудал бий. Тоног төхөөрөмж хөрөнгө оруулалт маш их шаардагдаж байгаа. Үүнд 500 сая ам.доллар хэрэгтэй, өмнөх шигээ ажиллахын тулд. Одоо энэ үйлдвэрийн хаалт хөгжлийн тухай ярих ёстой болсон. “Эрдэнэт үйлдвэр”-т зэс хайлуулах үйлдвэр байгуул гэж шаардах ёстой.
Баялаг нь дуусаад ирэхэд өөр шинэ үйлдвэртэй болсон байх ёстой. Энийг 49, 51 хувиас шаардах ёстой. Та бүхний үгээр дэлхий хүлээж авахгүй. Дэлхий нийт Монголын эрх баригчид хувийн өмчийг нийгэмчиллээ л гэж хэлнэ” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Оросын эзэмшиж байсан 49 хувьд л эрх баригчид илүү ач холбогдол өгч шалгаад байгаа болохоос төрийн мэдлийн 51 хувь нь ямар байгаа гэдгийг дэлгэх зоригтон огт алга. Магадгүй төрийн мэдлийн 51 хувийг өнөөгийн эрх баригчид ханцуй дотроо нууцлах шалтгаан байна.
Уг нь сөрөг хүчний төлөөлөгчдийн хэлснээр хоёр талын хувь эзэмшлийг хоёуланг нь шалгах нь шударга алхам байсан юм. Гэвч тэгсэнгүй. Ц.Нямдорж тэргүүтэнд “Монголын зэс” корпорацийн эзэмшиж буй 49 хувь л чухал олз болжээ. Ингэж хувийн өмчийг дээрэмдэн олзлохдоо Байнгын хорооноос байгуулсан Ажлын хэсгийнхэн 49 хувийн талын төлөөлөгчидтэй нэг ч удаа уулзаагүй нь хачирхалтай. Хувь эзэмшигч талыг үл ойшоосон энэ үйлдэл эхнээсээ хуйвалдаан байсныг улам бүр баталж буй.
Төрийн энэ дээрмийн хэрэг монголчуудыг амьдарч буй нийгмээ ардчилсан гэдэгт эргэлзэхэд хүргэж байна. Иймэрхүү дээрмийн хэрэг дээр УИХ, Засгийн газар ялж байсан түүх байхгүй. Өмнө нь Олон улсын арбитрын шүүх дээр Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компанид Монголын Засгийн газар ялагдаж, 285 сая ам.долларын өрөнд унаж байсан. Ингээд тус компани Монголын Засгийн газраас 100 сая ам.доллар төлүүлэхээр болж байсан гашуун түүх бий.
Энэ удаа “Эрдэнэт үйлдвэр”- ийн 49 хувь дээр ч ийм түүх давтагдах нь. Олон улсын арбитрын шүүх дээр Засгийн газар унана гэдгийг хуульчид анхааруулж байгаа.
Хэрэв ялагдал хүлээвэл нэлээд их хэмжээний мөнгө төлөх хэрэгтэй болох нь ойлгомжтой. “Монголын зэс” корпораци “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Ростех” компаниас 400 сая ам.доллараар худалдаж авсан. Үүн дээр ирээдүйд олох ашиг, гэрээ цуцлагдвал төлөх 100 сая ам.доллар гээд чамгүй их мөнгө төлөх шаардлага Засгийн газарт тулгарч мэдэхээр нөхцөл байдал үүслээ.
Арайхийн өндийх аядаж байгаа эдийн засагт Засгийн газрын энэ болчимгүй алхам том дарамт болж мэдэх нь. УИХ-ын өнгөрсөн долоо хоногт гаргасан мунхаг шийдвэр Монгол Улсыг тэмээн дээр ямааны гарз гаргахад хүргэлээ.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин
Сэтгэгдэл бичигдээгүй байна