УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгуулж буй Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсгол эхэллээ. Д.Ариунболд, Ж.Болд, Д.Давааням, Д.Мөнхзориг нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшүүлээд байгаа юм.
Нэр дэвшигч Д.Ариунболдыг Ерөнхийлөгчийн институцээс санал болгосныг Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн бодлогын зөвлөх Д.Энхтүвшин танилцуулав.
Нэр дэвшигч Д.Ариунболд “Миний бие ҮАБЗ-ийн ажлын албаны даргаар ажилладаг. Төрийн тусгай албанд 34 жил ажиллахдаа үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашиг, үндэсний эв нэгдэл, Үндсэн хуульт байгууллагын эв нэгдлийг бататган, бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж ажилласан туршлагадаа үндэслэн сонгуулийн төв байгууллагад хувь нэмрээ оруулах үүднээс СЕХ-ны гишүүнд нэрээ дэвшүүлсэн. Сонгуулийн аюулгүй байдал, шударга сонгууль явуулах чиглэлд анхаарч ажиллана. Иргэдэд сонгуулийн боловрол олгох үйл ажиллагааг тасралтгүй явуулахад анхаарна. Сонгуулийн автоматжуулсан систем, тоног төхөөрөмжийг шинэчлэх ажилд идэвх санаачилгатай ажиллах бодолтой байна” гэлээ.
Гишүүд асуулт, тодруулга нэр дэвшигчээс авч байна.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл: Ерөнхийлөгчийн зүгээс аюулгүй байдлын чиглэлээр олон жил ажилласан туршлагатай хүнийг нэр дэвшүүлжээ. Сонгуулийн үеийн аюулгүй байдлыг хангах талаар та ярьлаа. Сонгуулийн санал авах хэсгийн гадаа цагдаа байх, саналын хайрцгийг зөөх зэргээр ажилладаг. Гэтэл судалгаагаар гадна, дотны нөлөө их байна гэдэг. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд ямар арга хэмжээ ажиллах вэ?
Нэр дэвшигч Д.Ариунболд: Сонгуулийн аюулгүй байдал гэдэг тухайн өдрийн аюулгүй байдлыг хангах тухай биш юм. Дэлхийн геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөж буй явцад мэдээллийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч ажиллах ёстой гэж бодож байна. СЕХ сонгогчийн үнэн зөв мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг тэнцвэртэй бий болгох ёстой. Сонгуулийн байгууллага аюулгүй байдлыг хангасан системтэй байх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Сошиал, хэвлэл мэдээллийн байгууллагаар гүтгэлэг сонгуулийн үеэр их байдаг. Гомдол гаргахаар сурталчилгааны хоногийн хугацаанд амждаггүй. Энэ асуудалд та яаж ажиллах вэ?
Нэр дэвшигч Д.Ариунболд: Хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн контентыг хянах чиглэлээр хуульд сайн заалтууд орсон. Хамгийн гол нь, хөрсөн дээр бууж амьдралд хэрэгжихэд тодорхой хугацаа орж байна. Цахим орчны хяналтыг хүний эрхэд, нотолгоонд суурилсан чиглэлд анхаарч ажиллах шаардлага байгаа. Хууль зүйн арга хэмжээ нь шаталсан байх ёстой. Албан ёсны мөн эсэхийг нотолж, түүний дараа худал, хуурмаг мэдээллийг хуулийн байгууллагад шилжүүлж, шалгуулах чиглэлд явах ёстой.
Нэр дэвшигч Д.Мөнхзоригийг Улсын дээд шүүхээс санал болгожээ. Түүний танилцуулгыг Дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр танилцуулав.
Нэр дэвшигч Д.Мөнхзориг “Бүх нийтийн байх буюу ирц, оролцоог сайжруулахад анхаарч ажиллана. Сонгогчдын 50 хүртэл хувь нь тухайн хаягаас өөр газар ажиллаж байсан гэсэн судалгаа гарсан. Үүний учир шалтгааныг тодруулж, ирцийг нэмэгдүүлэх тал дээр ажиллана. Тэгш гараанаас ижил тэгш өрсөлдөх боломжийг хангахад, улс төрийн намыг бодлогын нам болгоход, сонгуулийн санал авах, дүн нэгтгэх, дамжуулах процесст анхаарч ажиллана” гэлээ.
УИХ-ын О.Алтангэрэл: СЕХ шат шатны сонгуулийн хороодын ёс зүй хариуцлагыг яаж чангатгах вэ. Одоо ямархуу байдалтай байна вэ, дотоод, гадныхны өгсөн үнэлгээ ямар байна вэ.
Нэр дэвшигч Д.Мөнхзориг: СЕХ аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодод хараат бусаар хяналт тавьж ажилладаг. Олон улсын үнэлгээ ямар байгааг хараахан мэдэхгүй байна.
УИХ-ын О.Алтангэрэл: Та Шүүхийн сахилгын хорооны ажлын албаны даргаар ажилладаг хүн юм байна. Асуудалд ингэж хайнга хандаж болохгүй, урьдчилаад тайлан харчихсан байх ёстой. Дээд шүүх гэдэг том институцийг төлөөлж байгаагаа анхаарч ажиллаарай.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Мэдээлэл технологийн ололт амжилтыг ашиглаж сонгуулийн ирцийг нэмэгдүүлнэ гэж та мэдүүлэгтээ бичжээ. Үүнийгээ тайлбарлаж өгөөч.
Нэр дэвшигч Д.Мөнхзориг: Олон улсад Эстони улс цахимаар санал авах ажлыг зохион байгуулдаг. Ирээдүйд энэ аргыг ашиглах нь цаг хугацааны асуудал. Гэхдээ 2027, 2028 онд арай амжихгүй. Залуус блокчейн технологид суурилсан “Таны санал ингэж нууцлагдана” гэх мэтээр нарийн танилцуулбал, ирээдүйд сонгуулийн ирц нэмэгдэнэ гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Цахим санал хураалтад сөрөг байр суурь илэрхийлээд хүмүүс гайхаад байна. Би кибер аюулгүй байдал, мэдээллийн технологийн мэргэжлийн хүн. Хэний ч фэйсбүүк, вайбарыг дэлгээд тавих хүнд асуудал биш болсон. Дэлхийн хакерчид хиймэл оюун ухаанаар өөрөөр нь хийлгэж байна. Манайх мэдээллийн технологийн тэргүүлэх улс болтлоо цахим санал хураалтыг хийж чадахгүй. Бөөн будилаан гарна. Хүмүүсийг санал өгүүлэх нь та нарын ажил биш шүү. Шударга зарчимтай байх нь та нарын үнэт зүйл шүү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна