Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 6 жил байх хуулийн төсөлд гишүүдээс санал гарсангүй

Zuv.mn
1 цаг 22 минутын өмнө

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

Хуулийн төслийг боловсруулж, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаатар танилцуулга хийв.  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн аж.

Тус хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна.” гэж заасны “… 4 жил …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр … зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэснийг зөрчсөн гэж шийдвэрлэж, Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг гаргав. 

Уг дүгнэлтээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “… 4 жил …” гэж заасныг мөн өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн бөгөөд УИХ тус дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн билээ. 

Ажлын хэсэг  дээрх асуудлыг судлан үзэж хэлэлцээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн “4 жил” гэснийг “6 жил” гэж өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн байна.

Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд гишүүдээс асуулт санал гараагүй. Ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаатар хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй учир анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай хамтатган явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна