УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд асуулт, тодруулга хууль санаачлагдаас авч байгааг тоймлон хүргэе.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Бизнесийн эрх чөлөөний тухай хуультай олон эрх зүйн асуудлуудыг дотоодын хууль тогтоомжтой холиод, хөрөнгө оруулалт гэдэг нэр томьёонд бүгдийг чихсэн байна. Үүнийг ялгаж салгах хэрэгтэй. Арбитрын тухай хуульд орж буй өөрчлөлт орох ёсгүй. Хөрөнгө оруулалт гэдэг нэрийг аль утгаар нь ойлгох вэ. Олон улсын арбитрын шүүх дээр очихоор бүх нэр томьёог тайлбарлаад явна нэр томьёо байх уу гэдэг сайн ярилцаад, засаад явах ёстой. Хоёрдугаарт, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас ирж буй гомдол маргааны гол төрөл шүүх дээр байна. Гуравдугаарт, төрийн зөвшөөрлийн тоог цөөлөхөөс гадна бизнес эрхлэгчдийг хууль шүүх, татварын байгууллагаар айлгаж, дарамлаж байгаад өрсөлдөөнийг нь хаадаг, давуу байдал бий болгодог байдалд ямар судалгаа хийсэн бэ.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу Эдийн засаг, хөгжлийн яам зургаан сарын турш хөрөнгө оруулагчдын гомдол, мэдээлэл хүлээж авсан. Хөрөнгө оруулагчдаас нийт 145 гомдол хүлээж авсны төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой 81, гэрээний харилцаатай холбоотой 22, мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой 17, татварын маргаан 13, шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаатай холбоотой 12 гомдол ирсэн. Ирсэн гомдлууд дээр ажилласан. Үр дүнд нь хамгийн эхэнд бизнесийн эрх чөлөөг баталгаажуулах суурь хуультай болох ёстой. Хөрөнгө оруулалт, бизнесийн орчин эрс муудсан гэдэг дүгнэлтэд хүрсэн. Хөрөнгө оруулалт болон зөвшөөрөлтэй холбоотой 97 хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн барилаа. АН Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл мэдүүлсэн. Таны гаргасан саналыг нэгтгээд, УИХ-аас Ажлын хэсэг гарган, хамтран боловсруулаад явах боломжтой.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Би олон улсын арбитрч байсан. Монгол Улсын эрх ашгийг төлөөлөн явдаг байсан. Тэгэхээр энэ үг, үсэг олон улсад очоод яаж тайлбарлагдах вэ гэдэгт санаа зовоод байна. Цагдаа прокурор, дарамталдаг талаар бодит судалгаа байна. Ажлын хэсэг ажиллана гэж ойлголоо.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Зөвшөөрлийг цуцаллаа гэхээр заавал бүртгүүл гэдэг. Нийт 267 шаардлага байна. Дүгнэлт гэхэд 232 байна. Үүнийг заавал гэрчилгээжүүлнэ гэхээр 132 байна. Мадаглан итгэмжлэл 30, гэрчилгээ 9 гэх мэт. Энэ бүрийг арилгая гэж байгаа юм.
УИХ-ын гишүүн Ө.Шижир: Засгийн газрын сайд нар өнөө өглөө гэнэт сэрсэн юм шиг засна гэх юм. Та нар өнгөрсөн 10 жил бүгд сайд хийсэн шүү дээ. Та нарын хувьд УИХ-ын гишүүн гэдэг бол хамгийн жижиг албан тушаал. Өнөөдөр сайд нар УИХ-ын чуулганд тааллаараа суудаг болсон. Ерөнхий сайд аа, хариуцлага тооцооч. Хоёрдугаарт, өнөөдөр төр ДНБ-ий 74 хувийг дангаараа үйлдвэрлэж байна. Энэ бол төр нь данхайгаад, чөлөөт хувийн эдийн засаг байхгүй болж байгаа хэрэг. Хамгийн олон ажлын байр бүрдүүлдэг ЖДҮ эрхлэгчдээ агшаад байна. Тэднийг дэмжих бодлого хаана байгаа юм. Төрийн өмчит 100, орон нутгийн өмчийн 429 аж ахуйн нэгж байгаагийн 32-ыг нь ЗГХЭГ, 28 Эрчим хүчний яам, Зам тээврийн яам 5 гэх мэт. Ийм байхад Төрийн өмчийн хороогоор яах юм. Татан буулгах хэрэгтэй. Сайд нар үүний төлөө л алалцаж байна. Төрийн өмчит компаниуд дээр хүнээ тавихын төлөө өрсөлдөж байна. Ерөнхий сайд дороо 22 сайд, 13 зөвлөхтэй. Эдийн засаг, хөгжлийн сайд ямар зөвлөхтэйг мэдэхгүй. Зөвхөн Засгийн газрыг тойроод 70-80 дарга байна. Уг нь салбарын сайд нар Ерөнхий сайдынхаа салбар хариуцсан зөвлөх байх ёстой.
Хэлэлцүүлэг асуулт хариултаар үргэлжилж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна