ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ЦЕГ-ын дарга Ж.Болдтой хамтран ажиллахгүй гэжээ

Х.Батсайхан
48 минутын өмнө

Хууль зүй дотоод хэргийн сайд С.Амарсайхан ЦЕГ-ын дарга Ж.Болдтой хамтарч ажиллахгүй гэдгээ илэрхийлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар, ЦЕГ-ын дарга нь ХЗДХ-ийн сайдын өмнө ажлаа хариуцдаг. Мөн уг хуулийн 20.1-д  ЦЕГ-ын даргыг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн буюу ХЗДХ-ийн сайдын санал болгосноор Засгийн газар томилно гэж заажээ.

Энэ нь, хэрвээ ажил албаны гүйцэтгэл хангалтгүй байна гэж үзвэл ХЗДХ-ийн сайд ЦЕГ-ын даргыг солих санал буюу шинэ даргын нэрийг Засгийн газарт оруулах эрхтэй гэсэн үг. Одоо цаг дээр, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан нэгэнтээ ЦЕГ-ы даргаар ажиллаж байгаа Ж.Болдын ажлыг дүгнээд “Хамтарч ажиллахгүй” гэсэн бол Засгийн газарт санал оруулах эрхтэй бөгөөд ЦЕГ-ын даргыг солих үйл явц эхлүүлэх тодорхой байна.

Засгийн газрын тухай хуулиар Хууль зүй, дотоод хэргийн сайд нь нийгмийн дэг журмыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргийг Засгийн газрын өмнө хүлээдэг. Харин ЦЕГ яг энэ чиг үүргийг ажил мэргэжлийнхээ хувьд Хууль зүй, дотоод хэргийн сайдынхаа өмнө хүлээдэг. Хуулийн энэхүү зохицуулалт энэ хоёр субъект гарцаагүй нэг талдаа байж байж л гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хууль хэрэгжүүлэх асар чухал ажил амжилттай урагшлах боломжтой гэдгийг харуулсан, тийм байлгахыг шахсан нэг хэлбэр гэж ойлгож болно. 

Нөгөө талаар, Цагдаа нь улс төрөөс асар хол байх ёстой алба бөгөөд  Цагдаагийн албаны тухай хуулийн 5.1-д “Цагдаагийн алба, алба хаагч нь үйл ажиллагаандаа …улс төрөөс ангид байх зарчмыг баримтална” гэж заасан. Харин  ЦЕГ-ын даргаар ажиллаж буй Ж.Болд нь Г.Занданшатарыг Ерөнхий сайд байх үед улс төрийн албан тушаал болох зөвлөхөөр нь сар гаруй хугацаанд ажилласан.

Түүнийг ЦЕГ-ын даргаар томилогдох үед яг энэ асуудал сөхөгдөж, тухайн үеийн ХЗДХ-ийн дэд сайд байсан Д.Мөнх-Эрдэнэ “Ж.Болд генералыг 2025 оны аравдугаар сарын 28-ны өдөр ЦЕГ-ын даргаар томилсон. Томилогдох хүртлээ тэр хүн Цагдаагийн байгууллагын харъяалалд, тэнд албан тушаал хашиж байсан, тэндээс НДШ, цалин хөлс нь төлөгддөг байсан. Тодорхой шаардлагын хүрээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газар дээр буюу төрийн жинхэнэ албаны хүрээнд сэлгэн ажиллаж байсан, энэ хугацаа нь удаа ч үгүй, нэг сар гаруй л байх” гэсэн тайлбар өгч байв.

Гэхдээ, “Их барьсан ч өмхий, бага барьсан ч өмхий” гэж үг бий. “Гэрэлд цохиулна” гэсэн ойлголт ч байдаг. Нэгэнтээ зөвлөх боллоо гэж зарлагдаад, өрөө тасалгаагаа бэлдүүлээд явж байсан хүнийг ЦЕГ-ын дарга болонгуутаа улс төрөөс хамааралгүй болно гэж гэж үзэж болохгүй. Энэ бол хүнтэй холбоотой биш, хууль хэрэгжүүлэхтэй холбоотой зарчмын асуудал юм.

ХЗДХ-ийн сайд Ж.Болд генералтай хамтрахгүй гэсэн бол энэ нь өмнө нь томилгоотой холбоотой гарсан энэ маргаантай асуудлыг хуулийн талд шийдэх санаатай байна гэсэн үг.  

“Нийгмийн дэг журмыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах” гэсэн, хүн бүрт хамаатай энэ чиг үүргийг хариуцсан байгууллагууд нь өөрсдөө хэрхэн хууль биелүүлж ажиллаж байгаа нь цаашид иргэд олон нийтийн төлөө хууль биелүүлж ажиллаж чадах уу гэдэг асуудлтын хариулт болох учиртай.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна