Нийслэл, дүүргийн Онцгой комиссын хамтарсан хуралдаан боллоо

2017/01/13

Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутагт булгийн ус халиа үүсгэснээс зарим айл усанд автаж, нөхцөл байдал хүндэрчээ.

Үүнтэй холбогдуулж тухайн газарт нийслэл, дүүргийн Онцгой комиссын хамтарсан хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанд нийслэлийн онцгой комиссын орлогч дарга, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Онцгой комиссын гишүүн, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Баянзүрх дүүргийн Онцгой комиссын гишүүд болон дүүргийн удирдах албан тушаалтнууд оролцов. Булгийн халиа дошин бүхий гамшгийн нөхцөл байдалд яаралтай арга хэмжээ авч ажиллах тодорхой үүрэг даалгавар, чиглэлүүдийг нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга хуралдааны үеэр өгөв.  

Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт урсдаг булгийн эхэнд зөвшөөрөлгүйгээр шороо асган айлууд буусан аж. Үүнээс үүдэн булгийн ус халин тухайн хэсгийн айлууд усанд автаж гамшгийн түвшинд хүрээд байгаа юм. Тухайн хэсэгт дүүргийн Засаг даргын зөвшөөрөлтэй 45 айл, зөвшөөрөлгүй 30 гаруй айл буусан байна. Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас тухайн газрын ногоон байгууламж болгохоор төлөвлөсөн байдаг аж.

Өнгөрсөн жилүүдэд тухайн айлуудад яаралтай нүүж булгийн эх, ногоон байгууламжийн газрыг чөлөөлөх шаардлага хүргүүлж байсан ч огт биелүүлдэггүйгээс ийм байдал үүсчээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна