МҮОНРТ намаас ангид, ард түмнийх байх ёстой

2017/01/20
МҮОНРТВ гэж ер ямар учиртай байгууллага вэ? Уг нь миний, таны юм гэж байгаа. Миний, таны дуу хоолой байх ёстой гэж байгаа. Гэтэл амьдрал дээр тийм байгаа юу? Таны юм байж чадаж байна уу, таны дуу хоолой болж байгаа юу? Таных байна, таны дуу хоолой байна гэж ганц л зорилго тавьж, таны халааснаас хэдэн төгрөгийг тань хураамж, татвараар авч, зарим хүний ярьдгаар аймгийн дайтай төсөв хэрэглэдэг. Таны тархийг угаадаг гэчихвэл яадаг юм бол? Зүй нь танд хүссэн мэдээллийг тань өгч, таны хүссэн үгийг хүргэх ёстой хүнд нь, газарт нь хүргэж байх ёстой байгууллага гэж байгаа. Та бол эзэн ноён нь байх ёстой, танд энэ байгууллага үйлчлэхийгээ эрхэм зорилгоо гэж үзэх ёстой юм билээ.

Гэтэл үнэндээ ялсан намын үзэл суртлын аппарат, эрх баригчдын дуу хоолой байх нь хэрээс хэтэрч иржээ. Ард иргэд дундаас гарсан иргэний хөдөлгөөний бидний дуу хоолойг бол хэзээ хүргэж байсныг санахгүй юм байна. Тэгсэн хэрнээ биднийг харлуулж, олигархуудыг энхийн цагаан тагтаа болгоно. Нэгэн удаа бид энэ ТВ чинь бидний үгийг хүргэх үүрэгтэй, яагаад бидний хувьд халдашгүй цайз байдаг юм, ер нь очиж үгээ нэвтрүүлгэх минь гээд бөөнөөрөө явж очиж билээ. Өмнө нь хүсэлт, өргөдөл өгч, янз бүрээр хандаад байхад дүлий дүмбэ оргиод байсанд нь тэсгэл алдарсан хэрэг л дээ. Гэтэл яадаг ийдэг хаалттай ертөнц, нэвтэршгүй тусгай объект гээд оруулдаггүй юм байгаа биз дээ. Ард түмний дуу хоолой, ард түмэндээ үйлчилнэ ээ гэх.

Чаргууцалдаж толхилцож байтал дарга нь харин гаднаас орж ирээд бидэнд баригддаг юм. Их ч сандарч байна. Бид ч шаналгалаа, шаардлаа. Аргагүй нэг мухарт шахагдчихсан хүн чинь баахан амлалт өгч, төд төдөн цагаас тийм тийм нэвтрүүлгээр гараарай гэсэн юм. Бид ч тодорхой хүмүүст нүдэн дээр маань үүрэгд гээд утсаар захиргаадуулсан. За ингээд л Далан худалч Мянгуужин даргын хамтын ажиллагаа дууссан. Бүх үг нь хуурмаг байсан. Дор нь байгаа улс нь худал хэлж аргацаасаар байтал нь бид залхсан. Тэгээд л МҮОНРТВ гэдэг нь бидэнд ямар ч хамаагүй объект гэсэн урьдын ойлголт эргээд ирж, тийм байгууллага байдаг нь үндсэндээ мартагдчихаж байгаа юм. Хэрэг дээрээ ингэж л бидний юм байж, бидний дуу хоолой болж байна даа.

Дандаа ингээд байх юм уу? Дандаа татвар хураамжаар тэжээгч биднийхээ тархин дээр намын лантуу буулгаж байх уу. Би лав үүнийг хүлээн зөвшөөрмөөргүй байна. Харин та? Та хууль ёсны эрхээ эдлэн, яг л өөрийнхөө хүссэн мэдээллийг авах, өөрийн дуу хоолой байлгах тийм сонголтыг хийхийг хүсч байна уу? Мэдээж хүсч байгаа. Харин яаж хэрэгжүүлэх вэ?

Олон нийтийн радио телевиз (ОНРТ) буюу public broadcasting-ийн зорилго, оршихуй нь теле радио мэдээллийн үйлчилгээг олон нийтэд хүргэх явдал гэж буй. Тэр үйлчилгээ нь манайд хаана бүрэн дүүрэн байгаад байгаа юм бэ? Тус байгууллагын олон зуун хөдөлмөрчдийн үйлс бүтээлийг бол хүндэтгэж байна. Харин тэднийг маань хадны мангаанууд хааш нь чиглүүлэх гэж оролдоод байдаг вэ? Мэдээж намын үзэл суртал руу чирдэг.

Хүлээн зөвшөөрөхгүй бол халдаг сольдог. Ард нь хүний амьдрал, гэр бүл байгаа болохоор хэцүү. Гагцхүү намчирхсан үйл ажиллагаа л бүхэнд гай, тушаа болж байна. Түүнээс биш, ТВ радиогийн ажилтнууд шударга ёсыг шаардаж, олон удаа бослого хөдөлгөөнийг өрнүүлж байсан. Тэд ч ОНРТ олон нийтийнх л байгаасай, хууль журмынхаа дагуу ажиллаасай гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй байдаг.

BBC, NHK, VOA, TV5 Monde,Deutsche Welle, ZDF, ARD, KBS, France Tйlйvisions, Rai гээд л ОНРТ-үүд бид бүхэнд үлгэр жишээ болоод, ОНРТ гэсэн утгаараа ажиллаж чадаж байна. Хэвлэл мэдээлэл бол Дөрөвдэхи засаглал. Энэ засаглал нь бусад засаглалын адил Монголын ард түмнийх л байх ёстой. Хэвлэл мэдээлэл дотроо ТВ радио, тэр тусмаа төв ТВ радио хамгийн хүчтэй нь. Тийм ч болохоор аливаа хувьсгал, дайн дажин, төрийн эргэлт болоход төв ТВ-ийг гартаа оруулах гэж онцгойлон чармайдаг. Засаглал болохоор нь тэр.

Манай намууд ч тийм санаархалтай. Хэн МҮОНРТ-ийг атгана, тэр ард түмний оюун санааг атгана гэж тэд боддог. Эсрэгээрээ байх ёстой шүү дээ! Ард түмэн нь ОНРТ-ээ ч атгадаг, намуудыг ч атгадаг байх ёстой юм!

Тэгэхлээр ОНРТ-ээ намаас л чөлөөлцгөөе! Нэг засаглалыг ард түмэн бид гартаа оруулж чадваас, нийт засаглалаа ард түмэн авахын ул суурьтай эхлэл тавигдна аа. Харин бодитой боломж юу байна?

Удахгүй, энэ сарын 31-нд МҮОНРТВ-ийн даргын сонгууль болно. Энэ сонгуулиар л зөв хүнийг гаргаж ирж, дөрөвдөгч засаглалаа ард түмэн алдахгүй байх хэрэгтэй байна. МАН-ын идэвхтэй зүтгэлтэн голдуу 4 хүн лав өрсөлдөх чимээ дуулдаж байна. ОНРТ намаас ангид байх ёстой! Намын ТВ-ийг одоо больё! Одоо гэхэд л эмэгтэй гишүүдийн элдэв явдлын зургийг авлаа, гаргалаа гээд ажлаас нь халах гээд байна гэж бичигдэж байна. Намын нөлөө гэдэг ийм л байдаг. Ярьж байгаа хүний зургийг авахад л тэр гишүүд энд тэнд нь үймүүлж арзганаж байгаад дуранд өртөж, дэлгэцнээ заларчихсан байдаг. Бичлэг алах хоббитой гишүүдийг сүүдэрлэх гэж огт зориогүй байхад шүү дээ.

Та бид нам бус сайн сайхан хүнийг сонгочихъё гэхэд бас онцлог асуудлууд байна. Бид бүхний төлөөлөл гэх бичил парламент маягийн юм буюу Үндэсний зөвлөл (ҮЗ) даргыг сонгоно. Үндсэн ажил бус энэ сонгуульт ажлыг хийхэд сарын 700 мянган төгрөгийн цалинтай гэж дуулддаг. Бодлого тодорхойлдог гэж байгаа юм. 6 жил тутамд Ерөнхийлөгч, УИХ, парламент тав таваар нь томилдог гэв үү дээ. 

-Балдангийн Энхмандах МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга, МАН-ын томоохон зүтгэлтний нэг,

- Бадам-Очирын Галаарид, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч,

- Ж.Соёл-Эрдэнэ, “Икэл сан” ТББ-ын ОНХА-ны дарга, “Батаар медиа” ХХК-ийн захирал,

- Баастын Золбаяр, зохиолч, “Үлэмж эгшиглэн” сангийн зөвлөх,

-Батжаргалын Батбаяр, АН-ын томоохон зүтгэлтний нэг,

-Аюушийн Мөнхбат, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч,

-Содномпилийн Мягмар, Боролдой студийн захирал,

-Ален Арман, Монголын олон ангит кино компаний захирал,

-Лувсангийн Пүрэвдорж, зохиолч, генерал,

-Дамбийгийн Гоошоохүү, "Эрдмийн ундраа" цогцолбор сургуулийн багш,

- Дэшигрэнцэнгийн Оюун-Эрдэнэ,"Өнөөдөр" сонины тоймч,

- Довдонгийн Цэндсүрэн, Монголын Хуульчдын Холбооны гишүүн, хуульч, эрхзүйч,

- Дэндэвийн Нямсамбуу, лам, Гандантэгчинлэн хийд болон Жавзандамба Хутагт Төвд ажилладаг,

- Зургаанжингийн Энхболд , Үндэсний дата төвийн захирал,

-С.Санасэр,“Цахим өртөө” Төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн багш гэсэн 15 хүн ард түмэн та биднийг төлөөлөн, МҮОНРТ-ийн бодлогыг тодорхойлон ажилладаг юм байна. Ихэнхи нь, АН-ын угшилтай харагдах ажээ. Итгэл хүлээсэн, ард түмнийг төлөөлж байгаа, Үндэсний зөвлөлийн эрхэм гишүүд та бүхнийг намын хүнийг бүү сонгооч ээ, нам бус хүнийг сонгооч ээ гэж уриалж байна. Намын ТВ-ээс ард түмэн залхлаа. Хэрэв ахин намын хүн энэ сонгуулиар гарч ирэх аваас, ҮЗ-д итгэх итгэл алдарна.

Саяхан л ЕЗ Ц.Оюундарийгаа намын хүн хэмээн босож тэмцэн огцруулсан МҮОНРТВ-ийн хамт олныг одоо дахин намын талхинд орохыг хүсэхгүй байгаа гэж итгэж байна. Та бүхэн намын бус, ТВ-ийн ажил төрлийг мэддэг чаддаг өөрийн хүнийг сонгогдохын төлөө дуу хоолойгоо өргөөсэй гэж хүсэж байна.

ОНРТ-ийг олон нийтийн гэсэн утга агуулгад нь нийцүүлэн ажиллуулахын төлөө, Дөрөвдэхи засаглалын энэ чухал түлхүүр байгууллага ард түмнийх байхын төлөө гэсэн бодол санаатай хэн бүхэн, хөдөлгөөнийхөн, хэвлэл мэдээллийнхэн, хэрэглэгчид МҮОНРТВ-ийг намын талхинаас ангижруулахын төлөө, намаас чөлөөлөхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэн, зүй ёсны шаардлага тавьцгаая гэж уриалж байна!

Ч.Мөнхбаяр


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна