Аравдугаар сараас Япон руу ажилтан гаргана Монгол-Япон улс хооронд байгуулагдсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд дадлагажигч ажиллах хүчин илгээх асуудал яригдаад тодорхой хугацаа өнгөрч байгаа. Түүнчлэн Чех, Австрали, Герман зэрэг улсад тодорхой салбарт гэрээт ажилтан гаргах асуудлыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам хариуцан ажиллаж байгаа.
Уг асуудал хэрхсэн талаар Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Н.Номтойбаяраас тодруулахад “БНСУ-д хууль бусаар хөдөлмөр эрхлэх байдал эрс нэмэгдэж байна. Энэ нь хэд хэдэн учир шалтгаантай. Тухайлбал, гэрээт ажилтнаас цалин нь өндөр, хөдөлмөрийн маш хүнд нөхцөлд ажиллуулдаг. Ингэж ажилласан хүмүүс тодорхой хугацааны дараа эх орондоо ирээд эрүүл мэндээрээ хохирч, хийх ажилгүй болж байна. Би ирэх хоёрдугаар сард Япон улсад очиж цалинтай дадлагажигч гэрээгээр ажиллуулах хэлэлцээрт гарын үсэг зурна. Ингэснээр цалинтай дадлагажигч Япон улсад гаргаж, эргээд эх орондоо ирэхэд нь ажлын байраар хангах бодлого хэрэгжих юм.Ингээд бэлтгэл ажлыг хангаснаар ирэх аравдугаар сарын 28-наас Япон улс руу гарч эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэв.
Дадлагажигч ажиллах хүчин илгээж буй гол зорилго нь Японы технологийг Монгол Улсад нэвтрүүлэх явдал. Тиймээс дадлагажигч ажиллах хүчин үндсэндээ Монголд ирээд баталгаатай, өндөр цалинтай ажлын байраар хангагдахын тулд гурван жилийн хугацаанд Японд цалинтай дагалдан хийх аж.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна