Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг батлан даалтад гаргажээ

2017/01/27
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гаргасан талаар эх сурвалж хэлж байна. Түүнийг Авлигатай тэмцэх газраас сэжигтнээр тооцож, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад удаж байсан юм.

Учир нь Н.Мөнхбат болон тус банкны зарим ажилчдыг албан тушаалаа ашиглаж, төсвийн мөнгө үрэгдүүлсэн, "Чингис", "Самурай" бондын хөрөнгийг зүй зохисгүй зарцуулсан хэрэгт буруутган шалгаж байсан юм. АТГ-аас түүнд холбогдох эрүүгийн хэргийг нэгтгэж, зарим албан хаагчдынх нь хамт сэжигтнээр татаж, байцааж байсан юм.

Эх сурвалжийн мэдээллэж буйгаар түүнийг өнгөрсөн долоо хоногт батлан даалтанд гаргасан аж. Харин энэ хэрэгт холбогдуулан таван хүнийг хуулийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд гуравт нь таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа юм. Тэднийг хууль бусаар хөрөнгөжиж , тендэрийг будилж хувьдаа их хэмжээний мөнгө завшсан гэх үндэслэлээр буруутгасан байгаа юм.

Түүнийг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар "Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсний улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ", 265 дугаар зүйлийн 265.2-т зааснаар "Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан хэргийг давтан үйлдсэн эсхүл их хэмжээний хохирол учирсан бол тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр 2-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэсэн заалтыг үндэслэн цагдан хорьсон байсан юм.

О.Сайхан


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна