Хүүхдийн өрөөг гоёж тохижуулах хамгийн хэцүү мөртлөө хамгийн сонирхолтой.Ингэх нь хүүхдийн өсөлт бойжилт, зан ааш, цаашдын амьдралд маш их нөлөөтэй.Хүүхдийг тав тухтай байлгах үүднээс өрөөг нь хичээл хийх хэсэг, тоглох хэсэг, амралтын хэсэг гэж хуваах хэрэгтэй.Хүүхдийн өрөөний тавилга нь хүүхдийн бие даасан чанарыг илтгэдэг байвал сайн.Хүүхдийн өрөөний тавилга нь байгалийн цэвэр түүхий эдээр бүтээгдсэн байх ёстой. Эдгээр нь хүүхдийн эрүүл мэндэд маш чухал үүрэгтэй учир хүүхдэдээ тавилга худалдан авахдаа тухайн эдлэлийг хийсэн материалтай сайн танилцаж байгаарай. Ингээд дараах зөвлөгөөг анхааралдаа авахад илүүдэхгүй шүү эцэг эхчүүдээ.
Хүүхдийн өрөөний байрлал
Хүүхдийн өрөөнд ээлтэй зүг нь зүүн ба зүүн урд зүг юм. Баруун зүг ч бас ээлтэй сайн байдаг. Зүүн зүг залуу өсөн төлжиж буй энерги нь өсөлт дэвшилт хөгжилтэй холбоотой. Мөн энэ нь мандаж буй нар мэт эрч хүчтэй сэргэлэн цовоо байхыг илэрхийлдэг. Баруун бол тайван тогтвортой энергитэй гүн бат нойрсоход зохицсон зүг юм.
Тавилга,эд зүйлс
Хүүхдийн өрөөнд гял цал, тод өнгөтэй тавилга байх нь илүү эрүүл мэндэд нь сайнаар нөлөөлөх, чанартай эд зүйлс хэрэгтэй байдаг. Модон тавилгууд агаар нэвтрүүлж, өрөөний энергийг нэмэгдүүлж, зогсонги байдалд орохоос сэргийлдэг тул хүүхдийн өрөөнд нэн тохиромжтой. Мөн сандал ширээг авахдаа хурц ирмэгтэйг авахаас зайлсхийж аль болох дугуй хэлбэртэй, өнцөггүйг сонгоорой. Том тавилга гэлтгүй, жижиг эд зүйлсийг сонгохдоо ч няхуур хандах шаардлагатай. Учир нь хөдөлгөөнд ороод ирэхээрээ хүүхэд гартаа тааралдсан ямар ч зүйлийг ам руугаа чиглүүлдэг учраас зөөлхөн, хурц ирмэггүй, хөнгөхөн, цэвэрлэхэд амархан, өндрөөс унасан ч чанга дуу чимээ гаргадаггүй эд зүйлсийг сонгоорой.
Өнгө
Ихэнх эхчүүд өнгөө сонгохдоо өөрийнхөө дуртай өнгөөр хананы обойгоо сонгох нь элбэг байдаг. Гэхдээ хананы өнгө хүүхдийн харааг ядраахгүй, тайвшруулах өнгөтэй байвал хүүхэд нь өдөржингөө өрөөндөө өнжсөн ч чадна. Мэргэжилтнүүд хүүхдийн өрөөнд хамгийн тохиромжтой өнгийг цайвар ногоон гэж үздэг ч мэдээж хүүхдийн хүйс, зэргийг харгалзан эрэгтэй хүүхдийн өрөөнд усан цэнхэр, эмэгтэй хүүхдийн өрөөнд цайвар ягаан өнгө зэргээр сонгоорой. . Мөн цагаан өнгөтэй байвал цэвэр цэмцгэр харагдана. Хананд өлгөдөг даавуун зурагнууд нь энергийг удаашруулах, тайван амгалан уур амьсгал, нам гүм орчныг бүрдүүлэхэд чухал нөлөөтэй.
Гэрэлтүүлэг
Хүүхдийн өрөөнд гэрэлтүүлэг маш чухал үүрэгтэй. Тиймээс гэрлийн түвшингээр тохируулдаг чийдэнг зөвхөн таазандаа гэлтгүй ханандаа байрлуулвал өрөө илүү уужим, саруул харагдана. Хэдийгээр гэрэлтүүлэг интерьерийн чухал хэсэг ч гэлээ хүүхдийн өрөөнд орхигддог. Ер нь унтлаганы өрөөнд даавуун болон янз бүрийн бүрхүүлтэй дугуй хэлбэртэй гэрэлтүүлэг байвал зүгээр.Хэтэрхий тод өнгийн хүчтэй гэрэл нь хараанд сайнаар нөлөөлөхгүй нь мэдээж. Хэрэв таны хүүхэд харанхуйгаас айдаг бол тас харанхуй бус бүүдгэр таатай орчинг бүрдүүлж өгвөл хүүхэд тайвширч, шөнөжингөө сайхан нойрсоход тус болох нь гарцаагүй .Төрөл бүрийн гэрлийн нөлөөгөөр гайхмаар үр дүнд хүрч болно шүү. Туршаад үзээрэй.
Ор
Унтлаганы өрөөний хамгийн чухал зүйл бол ор. Ороо сонгохдоо матрассаа зөв сонгох нь чухал. Ор заавал модон материалаар хийгдсэн байх албагүй ч модон ор нь соронзон долгионы оронг саармагжуулдаг. Модон ор хүүхдэд хамгийн сайн сонголт байх болно. Мөн ороо цонхноос хол байрлуулах хэрэгтэй. Хэрвээ зай хэмнэхийг хүсвэл бүсгүйчүүд маань давхар ор авсан ч болно шүү дээ./Дахиад хүүхэдтэй болохыг хүсэж байгаа, тийм ээ/ Давхар орон дээр хүүхдүүд нэг зүгт харж унтдаг учраас хоорондоо эв түнжин сайтай болдог гэж үздэг юм шүү.
Шал
Хүүхдийн өрөөний шаланд тавигдах нэн түрүүний шаардлага бол цэвэрлэхэд хялбар, бага цаг зарцуулагддаг байх. Цэвэр модон, паркетан шал хамгийн тохиромжтой. Хэдий хивс, дрож өрөөнд дулаан уур амьсгал оруулдаг боловч тоос шороо их татдаг учраас эрүүл ахуйн хувьд тийм ч зөв сонголт биш. Гэхдээ хүүхэд тоглоход зориулж хивсэнцэр тавьж болох ч угааж цэвэрлэхэд амрыг нь бодвол даавуун дэвсгэр илүү тохиромжтой. Харин дэлгүүрүүдээр зарагддаг гоё гоё зурагнуудтай, сүүлийн үеийн зузаан хулдааснуудаас шалан дээрээ тавьбал хальтирч гулгахаас сэргийлэхийн зэрэгцээ өрөөнд ч хөөрхөн чимэглэл болж өгнө. Өнгөний хувьд цайвар, бараан эсвэл эрээн, хээтэй загвараас илүү завсрын, бүдэг өнгөтэй байх нь зохимжтой.
Тааз
Хүүхдийн өрөөний таазыг төрөл бүрээр хийж болно. Жишээ нь, одтой тэнгэрт саран хэлбэртэй гэрэл гийж байгаа, эсвэл үүлтэй тэнгэрийг дүрсэлсэн гэх мэтээр. Мөн энд шувууд нисэж, цаасан луу хөвж ч болох юм. Энэ бүхэн таны сэтгэн бодох чадвар хүүхдийн хүсэлтээс ихээхэн хамаарна. Эцэг эхчүүд хэр бүтээлч хандахаас шалтгаална шүү.
Хөшиг
Хөшгийг зөвхөн нарны их гэрлээс болон гудамжны шөнийн гэрлээс хамгаалж л татах хэрэгтэй.
Хүүхдийн өрөөнд анхаарах, цээрлэх, зайлсхийх зүйл:
Онгорхой хаалга: Шөнө өрөөнийх нь хаалгыг хааж, хөшгийг нь татаж бай. Энэ нь энергийг урсгалыг зөөлрүүлж, хүүхдийг тайван унтахад нь тусална.
Цонх: Орны толгойг цонхон доор таарахаар байрлуулж болохгүй. Энд энергийн урсгал хэт идэвхтэй байдаг тул тайван унтах боломжгүй.
Том тавилга: Хүүхдэд орон зай хэрэгтэй байдаг учраас хэт том, овор ихтэй тавилга тавихаас зайлсхий. Өрөөг давчуу зай муутай болгодог.
Цахилгаан хэрэгсэл: Онцын шаардлагаүй бол хүүхдийн өрөөнд телевизор, компьютер, видео тоглуулагч гэх мэт цахилгаан хэрэгслийг байлгасны хэрэггүй.
Тавилга: Болж өгвөл дугуй сандал ширээ авч өгөөрэй.Хамгийн гол нь хурц ирмэг байхгүй учир хүүхдэд аюулгүй.
Хана: Хүүхдийн өрөөнд бүдэг ягаан, цэнхэр, ногоон, эсвэл шар өнгө илүү тохиромжтой. Харин хүрэн, хар, хар саарал, хар хөх өнгийг огт хэрэглэж болохгүй. Хэтэрхий олон зураг, хээ хуартай байх хэрэггүй. Хүүхдийг ядраах аюултай.
А.Хатангоо
Эх сурвалж: Theguardian.com
Сэтгэгдэл бичигдээгүй байна