Сошиал сүлжээгээ хяналттай болгооч

2017/01/27
Итгэхэд бэрх ч гэлээ,  манай улсад ердөө дөрөвхөн жилийн дотор 92 сурагч амиа хорложээ. Тэдэнд мөрөөдөл, зорилго, хүсэл эрмэлзэл, төдий зэрэгтэй өсгөсөн халамжит эцэг, эх ч байсан нь гарцаагүй. Гэхдээ тэд анги хамт олны гадуурхал, хүчирхийлэл, дарамт шахалт, нэгний тоомжиргүй хэлсэн гүтгэлэг, эсвэл зүгээр л нүүрээ нуусан нэгний сошиал сүлжээгээр даажигнасан шоглоомноос үүдэн хайртай бүхнээ орхиод хорвоогоос буцах шийдвэр гаргаж. Гадуурхагдаж буй хүүхдүүд өөртөө итгэлгүй болж, хичээл сургуульдаа явахаас цааргалах, цаашлаад амиа хорлох шийдвэр гаргадаг байна. Үүний нэг тод жишээ өнгөрсөн онд гарч олон нийтийг цочирдуулж байсныг хүмүүс андахгүй.

Баянзүрх дүүргийн арванхоёрдугаар хорооллын 57 дугаар байрны дээврээс нэгэн өсвөр насны охин үсрэхийг завдсан хэрэг гарч байлаа. “Байшингийн дээврээс хүн үсрэх гэж байна” гэсэн мэдээ сошиал сүлжээгээр тарж, тэр өдөртөө л олны анхаарлыг татсан юм. Харин охин хоёр цаг орчим хугацаанд үхэл, амьдралын дээсэн дээр дэнжигнэсний эцэст аврагдсан. Магадгүй эдүгээ эцэг эхийнхээ хайранд умбаж, амьдралын сайхныг амталж яваа биз.

Гэхдээ тэр үед охины амиа хорлох шалтгаан нөгөө л гадуурхал, худал гүтгэлэг байсан билээ. Охин анхны мэдүүлэгтээ сургуульд нь гарсан цуурхлаас болж эл үйлдлийг хийхэд хүрсэн хэмээсэн нь бий. Тодруулбал, хэд хоногийн өмнө охины ангийн хүүхдийн ээж сургууль дээр нь ирж “Охиноо дагуулж уруу татсан, биеэ үнэлэгч” хэмээн давшилснаар сургууль даяар охиныг буруутгах болсон байна.

Үүний улмаас охин сургуульдаа явахаас зайлсхийж, улмаар амиа хорлохоор шийдсэн гэж мэдүүлжээ. Энэ бол ердөө ганц тохиолдол. Түүний цаана ийм шалтгаанаар өчнөөн олон өсвөр насныхан  амьдралтай салах ёс гүйцэтгэснийг дээрх тоо харуулж байх шиг. Гэхдээ хамгийн анхаарал татаж буй нь ялгаварлан гадуурхал, гүтгэлэг интернэт орчинд  үйлдэгддэг байх юм.

Нөгөө л фэйсбүүк, инстаграмм. Атаархсан, гоморхсон хэн нэгнийг дуртай нь гүтгэн доромжилж, харин өөрийн гэсэн “толгойгүй”, аливаа зүйлийг шүүн тунгаах чадваргүй нөгөө хэсэг нь өлгөн авч, даган дуурайж, гадуурхаснаар нэг амь хорвоогоос буцах хүндхэн шийдвэрийг гаргадаг байх аж. Хүүхдийн хүмүүжил, суурь төлөвшил, ирээдүйн амьдрал ерөнхий боловсролын сургуулиас ихээхэн шалтгаалдаг.  Бага ангийн хүүхэд эцэг эхийн хяналтад байдаг бол шилжилтийн насанд хүрч анги дэвшихийн сацуу эцэг эхийн анхаарал, хяналт сулрах, бүгдийг сургуульд даатгах хандлага манай нийгэмд давамгайлдаг.

Гэтэл сүүлийн жилүүдэд улс даяар интернэт сүлжээнд холбогдож зах замбараагүй сошиал хэрэглээ идэвхжиж,  аливаа асуудалд дүгнэлт хийх чадвар нь бүрэн төлөвшиж амжаагүй хүүхдүүд түүнд нэгдэн эцэстээ энэ мэтээр интернэт орчинд үйлдэгдэх ялгаварлан гадуурхалт, гүтгэлэгийн улмаас амиа хорлох шийдвэр гаргаж байна. Сошиал сүлжээнд хяналт алга. Хэнийг хэн ч гүтгэж болж байхад, цаашдаа ч  илүү олон тооны өсвөр насныхан интернэтэд үйлдэгдэх гэмт хэргийн хохирогч болж, хорвоогоос буцах шийдвэр гаргахыг таах аргагүй. Тиймээс сошиал сүлжээгээ цензуртай болгооч.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин, Б.Даваахүү


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна