АН-ын даргад нэр дэвшигч Н.Алтанхуягийг өчигдөр орой “дууджээ”. Яллагдагчаар татна гэсэн байх юм. Энэ бол ёстой нөгөө болдог юм болдгоороо болж байгаа хэрэг.
Н.Алтанхуяг их цаашдаа ч их зовно доо. Хэрэв намын дарга болчихвол “Дүрмээр Ерөнхийлөгчид дэвшүүлэхгүй...” гэж бооно. Тэгээд АН-ын нэр дэвшигчийг МАНАН хавсайдаж унагачихаад Н.Алтанхуягаас намын даргыг нь булааж аваад өөрсдөө зайдлахыг хүснэ. Эсвэл Ерөнхийлөгчид өөрөө дэвшинэ гэж зүтгэвэл энэ хэргээр сэжигтэн учраас дэвшүүлэхгүй гэж бооно.
Энэ бүхнийг хийх эрх нь одоохондоо Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёрт байгаа. Гэхдээ...
Н.Алтанхуягтай ноцолдох тусам “эрх” нь “ял” болох алхам хийж байгаагаа тэд мэдэхгүй байна уу? Яагаад Н.Алтанхуягаас ингэтлээ айгаад байна вэ? Ядаж л Увс хүн учраас халх голдуу сонгогч дэмжихгүйгэж тооцох байх гэтэл үнэндээ “гадаадын харъяатуудын айдас” дотоодын биднийхээс их өөр байдаг юм байна л даа. Тэр комплексийг нь бид нар үхэн үхтлээ мэдрэхгүй учраас гайхаад байх шиг. Хоёрт Н.Алтанхуяг Ерөнхий сайд байсан, ҮАБЗ-ийн гишүүн байсан учраас одоо энэ МАНАН-гийн тухай ярьж байгаа нь дам “эх сурвалж” төдий биш, өөрөө баталгаа гэдэгт асуудлын гол нь байна. АН-ын 5 нэр дэвшигч “3:2” буюу Лу.Гантөмөр, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбаатар ба Н.Алтанхуяг, Ж.Батзандан гэсэн фронтод хуваагдчихаад байна. Судлаач Ц.Ганхуягийн дүгнэлт АН-ынханд бүдэг бадаг санагдаж байсан ч өчигдөр оройны үйл явц гарцаагүй үнэн болохыг баталчихлаа шүү дээ.
Эцэстээ санал хуваагдахдаа нэг талд гурав, нөгөө талд хоёр хуваагдахаар аль цөөн хуваагдсан тал нь цохиод гараад ирэх болчхож. Ийм нөхцөлд Ц.Элбэгдорж хуваагдлын ноогдворыг өсгөхийн тулд хүнээ цөөлж болох ч тэртасан хүнийх нь санал өөрийнх нь талд очихгүй болчихсонд энэ үйл явцын гол зангилаа байна. Тиймээс Энхбаярдах гэж үзэж тарж байгаа юм л даа.
Үнэндээ Ц.Элбэгдоржийн төрийн суудлыг АН-ын Н.Алтанхуяг залгамжилбал энэ түүх буцаад давтагдана, ерөнхийлөгч асан АТГ-ын үүдэнд чулуу няслана, харин өөрийнх нь МАНАН намын М.Энхболд ялбал мань эр АН дээр бэхжихийг оролдоно. Гэтэл ахиад л Н.Алтанхуяг гай болж байгаа байхгүй юу. Ц.Элбэгдорж М.Энхболдод бүрэн итгэхгүй байгаа учраас буумагцаа АН-ыг мэдэлдээ авахын тулд чөтгөртэй ч нийлж байна.
Тэгэхээр тоглоом өрөг “один чёрт”. Намын дарга Н.Алтанхуяг болсон ч, Ц.Элбэгдорж хожим ирж булааж авсан ч АН-ынхан АТГ-ын үүдэнд конторлоно. Гэхээ нэг л ялгаа бий, Н.Алтанхуяг намаа, Ц.Элбэгдорж амиа бодож байгаад.
Өчигдөр бол ёс зүйн хувь нэг зүйл гарцаагүй анхаарал татаж байна. Хэн нь ч намын дарга болсон АН-ынхныгаа хамгаалах үүрэгтэй. Ялангуяа нам сонгуульд ялагдаж сөрөг хүчин болсон үед эрх баригчид голлох сөрөг хүчнээ ингэж дарж авдаг нь жишиг болсон. Үүнээс хэн ч хазайхгүй. Ийм үед намын даргаас “Зориг Зориг, бас дахин Зориг” шаардана. Харин тэр үүргээ ухамсарлаж байгаа цорын ганц зоригтой хүн нь Ж.Батзандан байна. АН-ынхан бас дахиад энэ Зоригийг “алчихгүй” байлгүй дээ. Бусад нь МАНАН-тай хуйвалдаж, өөрийгөө бодож гараа хумхин суусаар 2020 оны сонгуулийн өмнө нэр дэвшигчдээ шоронд илгээхдээ тулах нь байна. Тайзан дээр намынхныхаа дунд байхдаа би зоригтой гэж хашгирах нэг хэрэг, харин тайзнаас буугаад гудамжинд гараад тэр эр зоригоо харуулах шаал өөр юм гэдгийг харав уу? таминь.
Ж.Батзандан бусдаасаа өөр гэдэг нь энэ шүү дээ. Тэр намын даргын хамгийн гол ажлыг болоогүй байхдаа ч хийж байна. Ийм хүн л өнөөгийн АН-д хамгаас чухал.
Одоо бол АН-ыг энэ МАНАН дэглэмээс түүний хавсарга болгохоос аврах цорын ганц арга үлджээ. Н.Алтанхуяг нэрээ татаад бүх дэмжигчдээ Ж.Батзанданд санал өгөхийг уриалаад, өөртөө цэвэр үзэл сурталчийн үүргийг хүлээн авах нь, МАНАН-гийн булай булхайг илчлэхэд гол анхаарлаа тавих нь зөв. Тэгэхгүй бол энэ урхи яг Н.Энхбаярыг яаж байсан түүн шиг л чивчирсээр байгаад АН бутрахдаа тулах нь байна. Яг одоо харвал МАХН МАН-ын хавханд яаж тэлчилж байлаа, түүн шиг АН МАНАН-гийн урхинд тэлчилсээр мөхөхдөө тулах нь.
Үнэндээ Ц.Элбэгдорж бүхий л найдлагаа “Эрдэнэт”-д тавьж байга боловч одоо тэр нь ёстой манан болон замхарч байна. УИХ-д нэг салхи үлээхэд ХХБ-тайгаа арилна. Тиймээс АН бол нэр нүүрээ барсан этгээдүүдийг тосож авах зөөлөн матраас л болох нь. Уг нь нэр хүндээ алдсан шуналтнуудыг хатуухан унагавал улсдаа ч, намдаа ч хэрэгтэй юм.
Харин Ж.Батзандан Н.Алтанхуягт “алтан баталгаа” өгөх ёстой. Түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ ээ гэж. Н.Алтанхуяг л МАНАН-гийнханд сөрсөн базаа хийж чадна, бусад нь “тоглоом” болоод л өнгөрнө.
АН-ын хувь заяа өнөөдөр Н.Алтанхуяг Ж.Батзандан нараас л хамаарах болчихлоо. Хэрэв Ж.Батзандан намын дарга болоод аль ч фракцын нөлөөнд ордоггүй зөрүүд зангаараа намын эрх ашгаа урьтал болгож Н.Алтанхуягийгаа эцсээ хүртэл хамгаалаад Ерөнхийлөгчид ялуулж чадвал түүний үүрэг ердөө л энэ.
Зайлшгүй үйл явцын дундаас санамсаргүй хүн л асуудлыг хамгийн зөвөөр шийддэг дээ...
Доктор Д.Ганбат.
www.zaluu.com
Сэтгэгдэл бичигдээгүй байна