Ардын баатар уу, эсвэл...

2017/01/28
АНУ-ын Чикаго хотноо 16 настай монгол охин ангийн охиноо хэрцгийгээр зодсон бичлэг ОУ-ын хэмжээнд өргөн түглээ. Энэ талаар манайхан эсрэг тэсрэг байр суурьтай байна.

Комментуудыг үзэхэд зодуулсан америк охин зодсон охиныг болон аав ээжийг нь, ер нь азичуудыг олон жил расист байдлаар доромжилсон, мөн АНУ алдаатай бодлого явуулдаг учир ийнхүү шударга ёсыг тогтоосон, бид бүхний, монгол охидын нэр төрийг өмгөөлж хамгааллаа, одоо монголчуудаас америкчууд айж явах болно, Монголын хацар гоо охид ийм дайчин, ухаантай байдаг, Монголын төр, ард түмэн энэ охиныг өмгөөлөн тэмцэх ёстой гэсэн коммент ихэнхи нь байна. Өөрөөр хэлбэл, ихэнхи коммент энэ охины талд байна.

Тэгвэл эсрэг байр суурьтай буюу буруутгаж шүүмжилсэн нь бас цөөнгүй аж. Энэ охин найз америк охины хамтаар, автобусны цонхоор үзэгдэх нэгэн хөвүүн, охин хоёрын уулзаж буй дүрсийг бичлэгт буулган, дургүйцэн ярилцаж байсан, бичлэгт өртсөн охин орж ирэхдээ юу ч хэлээгүй, амандаа модтой чихэр хийж барьсан байсан, монгол охин гичий гэхэд их айж гайхсан янзтай харсан, монгол охин харааж орилсоор устай сав, нударгаараа толгой руу нь хар хүчээр удтал балбасан, толгой түрүүгүй өшиглөсөн, хошуу холбосон найз нь бичлэг хийж байхад яагаа ч үгүй, бичлэг хий гэсэн шиг байна, жигтэйхэн баясгалантай инээж сууснаа гэнэт дэлбэртлээ уурлаж ухаанаа алдаж, дараа нь тавирч байх шиг, хэрцгий үйлдэлдээ их бахархсан янзтай байна, америк хөвүүнийг булаалдсан энэ охин монголчуудын нэрийг гутаалаа, монголчуудад гай боллоо гэж өөр байр суурьтнууд бичсэн байна.

Чухам аль нь үнэн юм бэ? Аль аль талынхан нь баримттай зүйл хэлээгүй учир нэгийг нь үнэн гэхэд хэцүү. Зодсон нь үнэн, өөрөө цагдааг, нөгөөх нь гэмтлийн эмнэлгийг зорьсон, сургуулиасаа хөөгдсөн, коллежид орох талаар саналтгүй болсон, эрүү үүссэн нь бол үнэн юм шиг байна. Чикаго хотод олон монголчууд байдаг, асуудлыг мэдэж л байгаа биз. Монгол хүнээ өмөөрөхөд ч учир бий, шүүмжлэхэд ч учир бий. Гол нь юм үнэнээрээ л байх ёстой юм.

2009 онд би “Баатруудаа бид мартсаан” гэдэг шүлэг бичсэн. Ер нь монголчууд бид Чингис хааныхаа л нэрийг мэддэг, бас Тэмка өвөө гэдэг (монголчууд өвөөгөө ер нь ингэж хэлдэг ёсон буй юу), бусад баатруудаа бол мартсан шүү дээ. Мартах байтугай, гутааж доромжлохдоо сайн. Одоо тэгээд шинэ цагийн баатар нь энэ охин гэж үү. “Баатар болгож шүтье” гэж нэг овоо олон дагагчтай аккаунт пост хийсэн, их дэмжлэг хүлээсэн байсан нь энэ хэдэн үгийг бичихэд хүргэв.

Ч.Мөнхбаяр


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна