АН-ын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан нар өнөөдөр/2017.02.13/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ирэх долоо хоногоос есөн дүүрэг 152 хороо, 21 аймаг, 330 суманд Ардчилсан намын шинэчлэлийн үйл ажиллагаа эрчимтэй явагдах гэнэ. Тодруулбал намын гишүүдийн оролцоотой сум, хороодын намын дарга, үүрийн бүрэлдэхүүнийг сонгож, баталгаажуулахаар тогтжээ. Мөн өчигдөр хуралдсан их хурлаас Ардчилсан намын үзэл баримтлал, үндсэн дүрмийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх 35 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороог 15 хүний бүрэлдэхүүнтэй, Дотоод сонгуулийн хороог 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан талаар мэдээллээ.
Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Ардчилсан намын долдугаар Их хурлаар ерөнхий нарийн бичгийн даргыг томилгоог Үндэсний зөвлөлдөх хороогоор оруулж батлуулна гэж ойлгосон. Гэтэл та Ц.Тувааныг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо. Энэ томилгоо дүрмийн хүрээнд хийгдэж чадсан уу?
-Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох эрх нь намын дүрмээр Үндэсний бодлогын хороо буюу хуучнаар Үндэсний зөвлөлдөх хороонд байгаа. Их хурлаас намын даргад эрх олгосон тогтоол баталсан. Уг тогтоолд “Үндэсний бодлогын хороо шинээр бүрэлдэхүүнээ бүрдүүлэх хүртэлх хугацаанд ерөнхий нарийн бичгийн даргыг томилж ажиллуулах эрхийг намын даргад олгоно” гэсэн. Энэ хүрээнд өчигдөр 01 тоот тушаал гаргаж, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг томилсон.
-Үндсэн дүрмийн төслийг боловсруулах ажил өнгөрсөн өвлөөс эхэлсэн. Гэтэл одоо Ардчилсан намын үзэл баримтлалыг шинэчлэх асуудал яригдаж байна. Одоогийн мөрдөж буй үзэл баримтлалаа өөрчлөх болсон шалтгаан юу байв?
-Үндсэн дүрмийн хүрээнд үзэл баримтлалын дүрмийг боловсруулах ажлын хэсэг VI их хурлаас гарсан. Үзэл баримтлалын төсөл хараахан гүйцэт боловсроогүй байна гэж VII их хурлын төлөөлөгчид үзсэн. Мөн Үндсэн дүрмийн хүрээнд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн. Тиймээс үргэлжлүүлэн хэлэлцүүлэг явуулахаар төлөвлөж батлуулсан. Бид ирэх тавдугаар сард намынхаа үзэл баримтлал, үндсэн дүрмийн эцсийн хэлэлцүүлэг найруулгыг хийж батлуулна. Ардчилсан нам өөрийн үнэт зүйл, үзэл баримтлалтай нам. Гэхдээ 2000 онд таван нам нэгдээд үзэл баримтлал, онолын тулгуураа эцсийн байдлаар хараахан баталж амжаагүйгээс нэгдэж, нягтарч чадаагүй. Тиймээс дотроо сөргөлддөг, таван намын гишүүдээс үүссэн фракцууд бий болсон. Энэ нь яваандаа намын дотоод эв нэгдлийг бусниулж, тогтворгүй болгох үндэс болсон. Тиймээс их хурлаараа хэлэлцээд үзэл баримтлал, үндсэн дүрмийн боловсруулж батлуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулаад байна. Ардчилсан нам бол төв, барууны үзэл баримтлалтай. Дэлхийн Ардчилсан холбооны гишүүн. Дэлхийн ардчилсан холбооны тодорхойлсон болон бидний анхны тодорхойлсон 10 заалт хэвээрээ байгаа. Үүнийгээ амьдралд хэрхэн хэрэгжүүлэх талаар төгс шийдэл боловсруулж чадаагүй учраас одоо илүү төгс төгөлдөр болгохыг зорьж байна.
-“Шонхор тауэр-ийг Ардчилсан намын төв байр болголоо. Ардчилсан нам шинэ байртай боллоо гэж ойлгож болох уу?
-Намын үйл ажиллагааг хэвийн явуулах, намын гишүүд, дэмжигчид, дунд шатны удирдах ажилтнуудыг удирдлагатайгаа хамтран ажиллах боломжоор хангах ёстой. Энэ асуудлын хүрээнд Ардчиллын өргөөн дээр намын төв байрыг байрлуулах шийдвэр гаргасан. Ер нь аль ч нам, төрийн бус байгууллагуудын удирдлагын үндсэн гол үүрэг бол тухайн байгууллагынхаа санхүү, үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлөөр хангах, бодлого, шийдвэр гаргаж удирдах үүрэгтэй байдаг. Энэ үүднээсээ шийдвэр гаргасан гэж болно. Хуучин байранд хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс ажиллана.
-Намын даргын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх бодолтой хүн бий юу?
-Намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг би нэрлэхгүй. Надад тийм боломж, эрх байхгүй. Бүх гишүүдийн оролцоотой Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах ньзөв гэдэг байр суурийг олонх нь илэрхийлж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хүрээнд тавдугаар сарын 1-7-ны хооронд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрх бүхий парламентад суудалтай улс төрийн хүчнүүд нэр дэвшигчээ хэлэлцэж тодруулдаг. Бидний хувьд энэ хугацаанд бүх гишүүдээрээ санал хураалтаар эхний шатны нэр дэвшигчийг тавдугаар сарын 2-нд тодруулна. Хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг тавдугаар сарын 6-7-нд их хурлын гишүүдийн төлөөлөгчийн нууц санал хураалтад тодруулах төлөвлөгөөтэй байна.
-Ардчилсан нам фракцаасаа сална гэж их ярьдаг. Гэтэл намын дарга “Шонхор” фракцаас сонгогдсоны дараа ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг мөн уг фракциасаа сонгосон гэх шүүмжлэл байна?
-Ц.Туваан бид хоёрт “Шонхор” гэсэн овог байхгүй. Би өнөөдрийн Ардчилсан намын дарга. Ц.Туваан бол МоАХ-ны угшилтай, төрийн алба хашиж яваад ирсэн хүн. Тиймээс Ц.Туваан бид хоёрыг “Шонхор” гэсэн овгоор хамтатгаж үзэх хэрэггүй. Монголчууд бүгдээрээ “Шонхор” овогтой. Хүннү гүрний эхнээс өгсүүлээд Эзэн богд Чингис хаанд хүртэл төрийн сүлд нь шонхор байсан. Одоо ч Монголын бахархалт шувуу шонхор хэвээр байна. Өнөөдөр Ардчилсан нам фракц байхгүй болгоно гээд үүнийхээ эсрэг алхам хийгээд байвал фракц арилахгүй. Би яах юм, фракцуудад албан тушаалыг тэгш хуваарилах ёстой юу. Одоо бол тийм зарчим барихгүй. Фракцаар эрх мэдлийн хуваарилалт хийдэг бодлогоос татгалзаж байгаа. Би аль нэг фракцын лоббигоор намын дарга болоогүй. Би бүх гишүүдийн санал асуулгаар сонгогдсон намын дарга. Тиймээс надад аль нэг фракцыг илүү харах, барьцаалагдах шаардлага байхгүй.
-Ерөнхийлөгчийн сонгуульд АН ялагдсан тохиолдолд та хариуцлага хүлээх үү?
-Намын үндсэн дүрмийн хүрээнд тухай, тухайн салбартаа сонгуулийн хариуцлагыг хүлээхээр тусгагдсан. Энэ дүрмээр явна. Мэдээж өрсөлдөөнд дундаас аль нэг намын нэр дэвшигч гарна. Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд ялагч байхыг эрмэлзэнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд намын дарга хариуцлага хүлээхгүй. Ёсзүйн хувьд мэдээж тайлангаа тавина. Намын үндэсний бодлогын хороон дээр сонгуулийн дүнг хэлэлцүүлнэ.
-Их хуралд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг гээд лидер гэж тодорхойлж байсан хүмүүс оролцоогүй. Энэ нь олон нийтэд янз бүрийн таамаг төрүүлээд байх шиг байна?
-Ч.Сайханбилэг надаас чөлөө авсан, яаралтай эмчилгээтэй байгаа учраас очиж амжихгүй нь чөлөө авахыг хүсч байна гэсэн. С.Баярцогт, Н.Алтанхуяг хоёр тодорхой шалтгаан хэлээгүй. Гэхдээ хувь хүнд янз бүрийн шалтгаан гардаг шүү дээ. Манай намд зөвхөн Сайханбилэг, Алтанхуяг, Баярцогтоор тогтохгүй үе үеийн төрийн өндөр албан тушаал хашиж байсан хэдэн арван хүн бий. Нэг хоёр хүнээр Ардчилсан намыг төлөөлөөд нөлөө бүхий хүн нь ирсэнгүй гэж харж болохгүй.Сайд дарга, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн дийлэнх нь өчигдрийн их хуралд ирсэн.16 мянган гишүүн саналын эрхээ нээж чадаагүй учраас сонгуульд оролцож чадаагүй.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна