Сонгуулийн Ерөнхий Хороо хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг зохион байгуулах төлөвлөгөө, цаг хугацааны хуваарийг баталжээ. Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа талаар Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн "Сонгуулийн тухай хуульд сонгууль зохион байгуулахтай холбоотой асуудлыг өдөр, хоногоор нь тодорхой заасан байдаг. Тухайлбал, хэсэг байгуулах ажил санал авах өдрөөс 120 хоногийн өмнө хийгдэнэ. Энэ 2 дугаар сард багтаагаад сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэсгээ байгуулж хэсгийн нутаг дэвсгэр, төвийг нийтэд зарлах ёстой. Мөн хоёрдугаар сард хийгдэх ёстой нэг ажил гэвэл зардлын дээд хэмжээг тогтоох асуудал байгаа. Үндэсний аудитын газар 2 дугаар сарын 26-наас өмнө нам, нэр дэвшигчдээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтооно" гэв.
Нэгдүгээр сард Улсын Их Хурлаас санал авах өдрийг тогтоож, сонгууль товлон зарласан
Хоёрдугаар сард хэсэг байгуулах, зардлын дээд хэмжээг тогтоох, цаг хугацааны хуваарь гаргах
Гуравдугаар сард сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргаж цахим хуудаст байршуулах, журам, заавар, загвар, маягт боловсруулж батлах, сургалт зохион байгуулах
Дөрөвдүгээр сард сонгуулийн хороод, комиссуудыг байгуулж ажилд нь оруулах,
Тавдугаар сард нам, хамтарсан намууд нэр дэвшүүлэх, нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагаа явагдана
Зургаадугаар сард сонгуулийн сурталчилгаа, саналын хуудас хэвлүүлэх, техник хэрэгслийг хүргүүлэх, санал авах, дүн мэдээ гаргах
Энэ жилийн тухайд гадаад улсад ажиллаж амьдарч байгаа сонгуулийн насны иргэдийн саналыг авах ажлыг удирдан зохион байгуулах төв комиссыг Гадаад харилцааны яаман дээр, салбар комиссуудыг дипломат төлөөлөгчдийн газруудад байгуулах юм байна.
Б.Сондор
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна