Д.Хаянхярваа: 92 мянга орчим эхийн нийгмийн даатгалыг жил бүр төлнө

2017/02/14
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, дэд дарга Б.Саранчимэг, ажлын албаны дарга Н.Энхтайван нар намрын ээлжит чуулганы үр дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн хугацаанд УИХ дахь МАН-ын бүлэг 36 удаа хуралдаж, давхардсан тоогоор 79 асуудал хэлэлцэн, зохих шийдвэр гаргасан байна.

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Бид УИХ-ын намрын чуулганаар сөрөг хүчин байхдаа дэвшүүлсэн хуулийн төслүүд, санал санаачилгууд, МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бодлогууд, санал санаачилга, хуулийн төслүүдээ батлуулсан. 

 Намрын ээлжит бие даасан 22 хууль, хуульд өөрчлөлт оруулах тухай 190 хууль, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай 3 хууль, УИХ-ын 59 тогтоолыг хэлэлцэн баталлаа. 

Ингэснээр ахмадуудад жилд 2 удаа “Насны хишиг” олгохоор болсон, тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувь байсныг 15 болгож 3.0 хувиар бууруулсан. Мөн хүүхдээ асарч буй 92 мянга орчим эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг жил бүр төлж, 5800 эхийн ажилласан жил дээр төрүүлсэн болон үрчлэн авч өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор нь 1.5 жил нэмж тооцохоор боллоо.

Түүнчлэн малчдын тэтгэвэр тогтоолгох насыг таван насаар урагшлуулж, малчнаар ажиллаж шимтгэл төлсөн нэг жилийг 1.5 жилээр тооцох, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломжтой болж байгаа юм” гэв.
Т.Хэрлэн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна