Байгаль орчны яамыг сүүлийн үед ихээхэн барцадтай байна гэж байлаа. Тус яамны газрын дарга авлига авч байгаад баригдсан. Сайд нь гитар тоглосон “хэрэг”-тэй хэсэгтээ л хэл амны бай болоод авсан. Яам, тамгын газрынханд дохио болохуйц энэ явдлын дуулиан дарагдаагүй байтал дахин нэг яамнаас авлигын хэрэг илэрчээ.
Эх сурвалжуудын мэдээллээр Батлан хамгаалах яамны “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨҮГ-ын захирал, хурандаа Б.Коля тус яамтай хийсэн гэрээгээ шинэчлэхээр ирсэн гадаадын иргэдээс мөнгө нэхсэн гэнэ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт дээрх шалтгаанаар уулзсан гадаадын иргэдэд “...Гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх мөнгийг БНСУ дахь ийм дансанд хий. Эс тэгвээс гэрээг сунгахгүй” гээд Б.Бат-Эрдэнэ сайд ч үүнд хамаатай, мэдэж байгаа гэсэн зүйлийг хэлсэн байна. Харин ажил гүйцэтгэгч гадаадын иргэд энэ талаар АТГ-т гомдол мэдүүлжээ.
Тиймээс АТГ-ынхан энэ сарын 18-нд Б.Коля хурандаагийн өрөө болон Батлан хамгаалах яаммны Санхүүгийн албаны өрөөг лацдаад шалгаж эхэлсэн байна.
Б.Коля хурангдаагийн хувьд энэ албан тушаалд хоёр дахь удаагаа томилогдож байгаа. Өмнө нь Батлан хамгаалах яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга, тус яамны харьяа Цэргийн дүрэмт хувцасны “Бөртэ” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байжээ.
Мөн тэрээр өмнө нь иймэхүү маягийн хэл амнаас салдаггүй нэгэн байсан бололтой. Хэд хэдэн баримт олдов. Аль 2009 онд Батлан хамгаалах яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын даргаар ажиллаж байхдаа ЗХЖШ-ын даргатай хамтраад хууль бус наймаа хийсэн хэмээн хэвлэлд бичигдэж байжээ. Тэдний хийсэн наймаа нь хөдөө орон нутагт зэвсэгт хүчний ангид хамаарагдах 50 тн-ын шатахуун агуулах бүх савыг зарж дуусгасан аж. Гэхдээ нэгбүрийн үнийг 250 мянган төгрөгөөр худалдаалсан болж харьяа дансанд хийсэн байж. Гэтэл тухайн үед зах зээл дээр зургаан тоннын шатахууны сав нэг сая гаруй төгрөг байсан. Тэгэхээр 50 тоннын сав өмнө нь ашиглагдаж байсан гэдгийг нь харгалзан үзэхэд дор хаяж таван сая төгрөг болох байсныг эх сурвалж хэлсэн байна. Үүнээс гадна “...Батлан хамгаалах яамны Мэдээлэл мониторингийн хэлтсийн дарга хурандаа Г.Коля буу сум худалдсан хэрэгт татагдан ЭЦГ-Т шалгагдаж байгаа. Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд байсан энэ эрхмийг экс сайд. М.Сономпил өөрийн биеэр буцаан залж энэ албан дээр томилсон” хэмээн бичсэн нь байна. Түүнчлэн 2016 оны арваннэгдүгээр сард зарим мэдээллийн хэрэгслээр “..."Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨҮГ-аас авто машин нийлүүлэгчийн тендер зарлаж байгаа тухай өнөөдрийн өдөр тутмын сонингуудад нийтлэгджээ. Гэвч энэ тендерийн материал нь ганцхан компанид зориулан хийгдсэн болох нь тодорхой харагдаж байна. Тодруулбал, машины маркийг NISSAN PATROL Y-62 LE-High хэмээн тусгайлан заажээ. Яг өнөөдрийн байдлаар дээрх маркын автомашиныг Монголд ганцхан МОННИС групп оруулж ирэн худалдаалдаг.
Тендерийн тухай хуульд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нээлттэй тендер зарлах тухай тусгайлан заасан байдаг. Гэвч "Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨҮГ-аас авто машин нийлүүлэгчийн тендер зарлахдаа шалгаруудаа тухайлсан нэг компанид зориулсан байдлаар бэлтгэсэн байна."Тендерийн тухай хуулийн 21.2.Захиалагч тендер шалгаруулалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тод, нээлттэй зарлах бөгөөд сонирхсон этгээдэд саадгүй олгоно” гэсэн байгаа юм.
Гэвч энэ тендерийн бичиг нь эхнээсээ хэн нэгэнд "зориулагдан” үйлдэгдсэн учир бусад энэ төрлийн бизнес эрхлэгчдэд боломж олгохгүй гэсэнтээ адилхан сонсогдож байна.
"Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨҮГ-ын даргаар Б.Коля ажилладаг. Тэгвэл Б.Коля захиралд тусгайлан тэр тусмаа МОННИС группт зориулан тендер зарлах ямар шалтгаан байв” гэсэн байна.
Энэ мэтчилэн чөлөөнд гарах насаа хэдийнэ давсан буурал хурандаагийн үүх түүх нь арвин зузаан юм байна. Гэвч болоод өнгөрсөн асуудлыг одоо сөхөөд яахав. Харин хамгийн сүүлд нийгэм даяар дуулиан шуугиан тариад байгаа сайдынхаа нэрийг барьж авлига нэхсэн гэх асуудал нь хаа хүрэх бол. Сайд нь үнэхээр Б.Коля хурандаагаар “юм” нэхүүлсэн бол яах вэ? Уг нь Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ бол УИХ-д гурав дахиа сонгогдсон. Хууль зүйн Байнгын хорооны дарга байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшээд үзчихсэн. Монгол төрийн наадамд босоо 12 түрүүлсэн, цагийг эзэлсэн, түмний хайр хүндлэлийг хүлээсэн дархан аварга хүн юм сан.
Эх сурвалж: www.polit.mn
Сэтгэгдэл бичигдээгүй байна