Д.Эрдэнэбат: МАН-ын сонгууль АН-ынхны баривчилгаагаар эхэлж байна

2017/02/22
 АН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж Монгол Улсын Засгийн газар ОУВС-аас зээл авсан асуудал болон өчигдөр АН-ын гишүүн УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг цагдан хорьсон асуудлыг хэлэлцсэн байна.

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Манай намын гишүүн Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг АТГ-аас баривчлан саатуулсан байна. Хөгжлийн банкны зээлүүд эзэн холбогдогчтой, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл. Үүнд улс төрийн байр сууринаас хандаж буй нь буруу. Зорилготойгоор улс төрийн үйл ажиллагаа болгож байна гэж үзэж байна.

Бид хоёр андыгаа идсэн, уусан гэж бодохгүй байгаа. Өчигдөр мэдүүлэг авна гэж дуудаад өмгөөлөгчийг нь гарсан хойгуур цагдан хорих ажиллагаа явуулсан. АН гишүүдээ хамгаална, гэхдээ хаацайлж байгаа асуудал биш. Хүний эрх, хууль ёс зөрчигдөж байна. Тиймээс АН энэ асуудлаар энэ долоо хоногт байр сууриа илэрхийлнэ. Эдийн засгийн үйл явцыг улс төрийн үйлдэл болгохыг хүлээн зөвшөөрч болохгүй. Хөгжлийн банкны асуудлаар шалгах бол МАН-ын гишүүдийг ч ижил шалгах ёстой. Ардчиллын үнэ цэнийг нухчин дарах бодлого хүчтэй явагдаж байна. Улстөрчдийг баривчилж байгаа баривчилгаа М.Энхболдын сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхэлж байгааг харуулж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа сөрөг хүчний гишүүдийн баривчилгаанаас эхэлж байна ” гэлээ.
 
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна