С.Эрдэнийн намаа шинэчлэх аргыг шүүмжлэв

2017/03/12
П.Цагаан, Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийг янз бүрээр шахаж, боомилсон шийдвэрээ эргэж харахыг хүсэн намын дарга С.Эрдэнэд ил захидал илгээжээ. Учир нь Ардчилсан нам бүх шатны удирдах ажилтны сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж байгаа. Гэвч намын Дотоод сонгуулийн хорооноос гаргасан тогтоолын дагуу бүх нэр дэвшигч сонгуулийн хураамж болон дэнчин төлөхөөр болжээ. Тухайлбал, Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүнд нэр дэвшигч гурван сая төгрөгийн сонгуулийн хураамж, мөн ийм хэмжээний дэнчин тавих ёстой.

Түүнчлэн нийслэлийн намын даргад нэр дэвшигч 90, аймгийн намын даргад бол 15, дүүргийн намын даргад нэр дэвших бол 20 сая төгрөгийн сонгуулийн хураамж төлөх ёстой. Мөн 2016 оны сонгуульд намаа ялагдуулсан бүх шатны намын даргыг удирдах ажилтны сонгуульд бүртгэхээс татгалзах аж.  Түүнчлэн өнгөрсөн сонгуульд бие даан нэр дэвшсэн, өөр намаас нэрийг нь дэвшүүлсэн, намын гишүүнчлэлээс хасагдсан зэрэг “тодотголтой” бол бүртгэхгүй. Энэ мэтээр Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчсөн шийдвэрээ нэн даруй засч залруулах ёстой гэдэг байр сууриа П.Цагаан илэрхийлсэн байна.

Намын даргадаа хандсан түүний ил захидлыг бүрэн эхээр нь хүргэе.
 
АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА С.ЭРДЭНЭ ТАНАА

Ардчилсан Намаа ардчилсан замаар л шинэчилье! Пунцагийн Цагаан миний бие Ардчилсан Намын ирээдүй, шинэчлэлийн төлөө өөрийн санаа бодол, үйл хэргээ зориулан яваа гишүүдийн нэг билээ. Өнгөрсөн өдрүүдэд гадаадад томилолтоор ажиллаж байхдаа удахгүй болох Ардчилсан Намын бүх шатны байгууллага,удирдах бүрэлдэхүүнийг сонгох сонгуультай холбоотой дүрэм, журам, тогтоол зэргийг орон нутгийн намын байгууллагын цахим хуудаснаас олж үзлээ.

Ардчилсан Намын шинэчлэлийн амин сүнс нь гишүүд дэмжигчдийн бүх төлөөлөл намын үйл ажиллагаанд аль болох идэвхитэй, чөлөөтэй оролцох боломжоор хангаж өгөх явдал. Ардчилсан Намын үндэс суурь нь Ардчилсан Намын нийт гишүүд. Гэтэл Ардчилсан Намын удирдах байгууллагад нэрээ дэвшүүлэх гишүүдийн эрхийг элдэв янзын босго, болзлоор хумьж хязгаарласан нь туйлын буруу гэж үзэж байна. Иймд Ардчилсан Намын шинэчлэлийн үйл явцыг түүчээлэн эхлүүлж, манлайлан удирдах түүхэн хариуцлага хүлээсэн намын даргын хувьд Та дараахь асуудалд анхаарлаа хандуулж, холбогдох шийдвэрийг засч залруулах арга хэмжээг нэн даруй авна уу.

Үүнд: Нэгдүгээрт, Дэнчин, татвар, хураамж гэсэн нэр томьёоны агуулга, ойлголтыг дүрэм, журамд зөв хэрэглэх. Ингэхдээ дэнчинг сонгуульд ялсан нь буцааж авдаг, ялагдсан нь алддаг байхаар зохицуулж, хуримтлагдсан дэнчингийн хөрөнгөөр сонгууль зохион байгуулдаг болгон өөрчилж, “Сонгуулийн хураамж” гэгч үндэслэлгүй санхүүгийн нэмэлт дарамтыг хүчингүй болгох.

Хоёрдугаарт, АН-д элсээд 6 сар болсон байх, 2016 оны сонгуульд ямар байр байдалтай оролцсон зэргээр нь хяхаж хавчсан заалт нь Ардчилсан Намын эв нэгдлийг хангах, улмаар нээлттэй, ард түмний нам болох алсын зорилгод хор хохиролтойгоос гадна Үндсэн хуулийн суурь зарчим, заалттай ч зөрчилдөж байгаа тул хүчингүй болгох.

Гуравдугаарт, Намын дотоод бүтцийн байгууллага намын Үндсэн дүрэм, хууль тогтоомжоос давсан, зөрчсөн хэм хэмжээ тогтоодог байсан урьдын гажуудлыг давтахгүй байхад анхаарах нь зүйтэй гэж үзэж байна. Ардчилсан Намаа ардчилсан замаар шинэчилнэ гэдэгт гүнээ итгэж, хүндэтгэсэн АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮН ПУНЦАГИЙН ЦАГААН


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна