О.Баасанхүү С.Зоригийн хэргийн төрийн нууцаас бусад баримтуудыг ил болгохыг хүслээ

2017/03/16
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг давж заалдах шатны шүүхээр шийдвэрлээд байгаа. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүүд иргэдээс маш их гомдол санал ирсэн тул улсын маш нууцад хамаарах материалаас бусад материалыг олон нийтэд ил болгож шүүх болон мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулах ажлын хэсэг байгуулах зарлиг гаргаж өгөхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүсчээ. Тэрбээр энэ тухайгаа өнөөдөр сэтгүүлчдэд албан ёсоор мэдээллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгчид хаягласан хүсэлтдээ “Ардчиллын алтан хараацай, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн давж заалдах шатны шүүх хурал нь 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр болсон байна. Миний бие Орхон аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний хувьд өөрийн тойргийн иргэд энэ аймшигтай хэрэгт холбогдон, ял шийтгэл авч урт удаан хугацаанд хоригдохоор болж байгаад гүнээ харамсаж байна. Шүүхийн шийдвэр эцсийнх бөгөөд шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлдэг гэх үүднээс нэгэнт гарсан шүүхийн шийдвэрийг шүүх эрх надад байхгүй билээ. Гэвч өнөөг хүртэл иргэд сонгогчдоос уг хэрэгтэй холбоотой өргөдөл, гомдол, хүсэлтүүдийг ирүүлсээр байгаа болно.

Эдгээрийг тоймлон авч үзвэл:

1. Шүүх хурал хаалттай хийж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулинд заасан аливаа иргэн шударга шүүхээр шүүлгэх эрхтэй гэсэн эрхийг бүрэн эдэлсэн гэдэгт эргэлзэж байгаа тухай

2. Шүүгдэгч нар нь захиалгат аллага үйлдсэн гэх боловч захиалагч өнөөг хүртэл хэн болох нь тодорхойгүй байгаа тухай

3. Тухайн хэргийн амьд гэрч гэгдэх Д.Булганы өгсөн мэдүүлэг нь шүүгдэгчийн нөхцөл байдлыг дээрдүүлсэн, эсвэл дордуулсан талаар мэдэхийг хүсч байгаа тухай

4. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь онц ноцтой гэмт хэргийг бүрэн нотлож байгаа эсэх зэрэг эргэлзээг тодорхой болгох, мэдээллээр хангах тухай надаас хүссэн байна.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч та бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, тусгаарласан хэргийн мөрдөн байцаалтад саад болохооргүй, хуулиар шууд хориглосон онц нууцын зэрэгтэй мэдээллээс бусад аливаа нотлох баримтуудыг ил болгох зорилгоор шүүх болон мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулсан ажлын хэсэг байгуулах зарлиг гаргаж өгнө үү” гэжээ.

Тэрбээр ажлын хэсгийн дүгнэлтээр дамжуулан иргэд хаалттай шүүх хуралдаанд хийгдсэн аливаа үйл ажиллагааг ил тод болгох боломжтой бөгөөд олон нийтийн дунд үүссэн эргэлзээнд бага ч болов хариулт авч чадна гэж итгэж байгаагаа дурджээ. Дээрх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг, Тагнуулын Ерөнхий газрын дарга, Хошууч генерал Б.Хурц нарт мөн хүргүүлж байгаа аж.
Б.Сондор


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна